Монголбанк юу хийгээд байна аа

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 05 ・ 1

Монголбанк  юу хийгээд байна аа

Яг ийм асуулт сүүлийн үед урган гарч ирээд байгаа.  Төв банкны тухай хуульд Төв банкны үйл ажиллагаа нь Засгийн газраас хараат бус байхаар заасан. Энэ бол олон улсын жишигт нийцсэн чухал дэвшилтэт заалт.  Нөгөөтэйгүүр дэлхий нийтийн хандлага Төв банкаа аль болох илүү эрх мэдэлтэй, хараат бус байлгахад чиглэж байгаа. Манайх энэ чигийг барьж, Төв банкны тухай хуульдаа Засгийн газраас хараат байх ёстой гэж хуульчилж өгсөн. Харамсалтай нь энэ хуулийн заалтаа нэг л дагахгүй байх шиг. Өмнө жилүүдэд Монголбанк хараат бус байж чадаагүйг олон баримт харуулдаг. Харин 2016 оны сонгуулийн үр дүнд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн газраа эмхлэн байгуулсан.

Улмаар Монголбанкны Ерөнхийлөгчийг сольж, Н.Баяртсайханыг томилсон билээ. Энэ хүнийг Монголбанкны Ерөнхийлөгч болсноос хойш хийж буй ажил, баримталж байгаа байр суурийг нь хараад, хараат бус ажиллаж чадах юм байна гэсэн итгэл төрж байв. Ипотекийн таван хувийн зээлийг хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг шуудхан хэлсэн. Засгийн газар ипотекийн зээлд хамрагдах орон сууцны ам.метрийн хязгаарыг нэмэгдүүлэх шийдвэр гаргах гэж байхад хүртэл Төв банкнаас санхүүжүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдэж байсан. Хэрвээ ийм шийдвэр гаргавал Засгийн газар өөрсдөө санхүүгийн эх үүсвэрээ зохицуулж, шийдвэрлээрэй гэж байв.

Гэх мэт байр сууринаас хараад, хараат бусаар ажиллах нь гэж ойлгож байлаа. Гэвч саяхан тэрбээр  “Төрөөс мөнгөний  бодлогын талаар 2017 баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэх үеэрээ  100 ам.метр хүртэлх орон сууцанд ипотекийн зээл олгох асуудлыг дэмжинэ, санхүүжүүлнэ гэх маягийн юм ярьсан. Цахим сайтуудаар хэлсэн, ярьсан нь “давхиад” эхлэхээр дахиад л “Монголбанк хараат бус ажиллаж чадах уу” гэдэг асуулт гарч ирчихэж байна.

Яах вэ, 100 ам.метрийг зарчмын хувьд дэмжинэ, гэхдээ эдийн засгийн нөхцөл бай­далтайгаа уялдуулна гэдгийг ч нэмж хэлсэн л дээ. Гэхдээ л хараат бус байна гэснээсээ ухарчих вий дээ гэж эмээгээд байна. Уг нь дэмжихгүй л байх ёстой байсан. Тэр байр сууриа л хадгалж байсан нь зөв шүү дээ. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Юун ипотекийн зээл санхүүжүүлэх. Тийм чадавхи манай Засгийн газарт байхгүй. Улсын төсөв тэртэй тэргүй хүрэлцэхээсээ өнгөрчихөөд байна. Одоо бид эдийн засгаа яаж сэргээж авч, төсвөө алдагдлаа нөхөж, бондын өрөө төлөх вэ гэдэг дээр тархиа гашилгаж байгаа. Янз бүрийн боломжийг судалж байна.

Яг энэ үед ипотекийн зээл ярьж суух хэрэгтэй юу гэдгийг бодолцох л хэрэгтэй. Засгийн газар яах вэ, тэртэй тэргүй амлалт өгөөд сонгогдсон улстөрчдөөс, нэг намын төлөөллөөс бүрдсэн л газар. Тийм болохоор ард түмэнд таалагдах гэсэн, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажлыг л хийнэ. Зүгээр л “нүдээ аниад” дайраад байгаа юм. Харин үүнийг нь Монголбанк “хазаарлах” ёстой бус уу. Өмнөх дөрвөн жилд ипотекийн зээлийг Монголбанк мөнгө хэвлэх замаар л санхүүжүүлсэн биз дээ. Булавч бултайж, даравч далдайсан үнэн энэ.

Харин сүүлд нь ийм эрүүл бус аргаас татгалзаж, ипотекийн зээлийн өмчлөлийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлсэн. Улмаар  Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг гаргаж, ипотекийн санхүүжилтийн асуудлыг зөвөөр шийдэхээр оролдсон. Харамсалтай нь саяхан УИХ 40 дүгээр тогтоол гээчийг гаргаж, энэ хуулийг хүчингүй болгочихлоо. Ингэснээр ипотекийн зээлийн өмчлөл эргээд Монголбанкны мэдэлд ирж байна. Засгийн газар өөрөөсөө асуудлыг түлхэж, ипотекийг Монголбанкинд наачихлаа.

Тэгсэн мөртлөө ипотекийн зээлд хамрагдах орон сууцны ам.метрийн хязгаарыг 100 болго гэж зөвлөөд байгаа сурагтай. Зөвлөх ч юу байх вэ дээ, тулгаж байхгүй юу. Үндсэндээ мөнгө хэвлээд ч хамаагүй санхүүжүүлээд яв гэж байгаагаас ялгаа юу байна. Яах вэ, мөнгө хэвлээд, санхүүжүүлээд, ард түмний өмнө сайн хүмүүс болж харагдаж болох л байх. Гэвч өнөөх төсвийн алдагдал чинь тэлж,  буруу замаараа дахиад илүү хол явах болох гээд байна. Буруу замаар явж байгаагаа мэдсэн бол даруй буцсан нь дээр биз дээ.

Тэгж байж зөв замдаа орно. Гэтэл тэр чигээр нь явуулах гээд байгаа нь юу гэсэн үг билээ.  Өнөөдөр ипотекийн зээл авсан хүмүүсийн эргэн төлөлтөөс сардаа 20-30 тэрбум  төгрөг л орж ирж байгаа юм билээ. Гэтэл гаргах шаардлагатай зээл нь сардаа 90 тэрбумд хүрчихдэг гэсэн тоо байгаа.

Энэ зөрүүг ердөө л мөнгө хэвлэх замаар л нөхөж байгаа нь үнэн. Энэ гаж тогтолцоогоо одоо л засах хэрэгтэй. Тэгэхийн тулд Монголбанкны хараат бус байдал хэрэгтэй байна. Н.Баяртсайхан Ерөнхийлөгчийн эрүүл, зөв бодлого л шаардлагатай байгаа юм. Төв банк Засгийн газрынхаа бүх бодлого, шийдвэрийг эсэргүүцээд байж болохгүй л байх. Гэвч энэ тохиолдолд зөв гарц хайх цаг болсон. Хэсэг зууртаа зогсоосон ч яах вэ дээ.

Ганц, хоёр жил зогсоогоод, тэр хооронд иргэдээ урьдчилгаагаа цуглуулж бай гэж яагаад болохгүй гэж. Тэгээд эдийн засаг сайжраад, улс төсвийнхөө алдагдлыг багасгаад, байдал дээрдэхээр дахиад өгч болно шүү дээ. Бүр найм биш таван хувиар ч өгсөн болно. Гагцхүү одоо л энэ хөтөлбөрийг заавал хэрэгжүүлэх гэж мөнгө хэвлэж, “сэхээн”-д байгаа эдийн засгийнхаа  дээрээс “лантуудах” шаардлага алга.

Уг нь, Засгийн газар энэ хөтөлбөрийн өмчлөлийг өөртөө аваад, улсын төсөвт мөнгө суулгаад явбал зөв болох ёстой байлаа. Гэвч тэгсэнгүй. Сая Хятадын нэг дарга айлчлахад ипотекийн зээлийн хөтөлбөрийг урагш­луулах хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэх гарц хайж, ярилцаж, хүсэлт тавьсан л байна билээ. Мөнгө хэвлэснээс л дээр. Эсвэл одоо ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс сард орж ирж байгаа 20-30 тэрбумаараа л зохицуулаад явж ч болно биз дээ.  Эдийн засгаа “алах”-аас өөр арга хэрэглэж байвал ипотекийн зээл шиг хэрэгтэй хөтөлбөр алга. Харин энэ асуудалд Монголбанк хараат бус байж, эрүүл шийдвэр гаргаасай билээ.

 

www.mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Батаа / 2016 10 сар 05/

    Өнөөдөр монгол банкны нэг эрхэм ярихдаа долларын ханшийг зах зээл нь шийдэх юм ярилаа ганц хийх ажил нь энэ бус уу

    Хариулах