АН-ын Засгийн газар “АэроМонголиа”, “Хүнү Эйр”-ийг харж үзсэнийхээ үр дүнд Монгол Улсыг 8 тэрбумаар хохироов уу?

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 10 ・ 4

 

Өнгөрсөн жилүүдэд засгийн эрхийг барьж байсан нөхдүүдийн балаг дундрах янзгүй байна. Улстөр хийж болохгүй салбарыг хүртэл улстөржүүлсний улмаас улсад их хэмжээний хохирол учирсан асуудал цөөн хэдээр тогтохгүй байгаа. Тэдгээрийн нэг бол Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг агаарын тээврийн салбарыг улстөржүүлсний харгайгаар 60 гаруй хүний эрдэнэт амь сүйд болохоо шахсан хэрэг явдал энэ оны тавдугаар сарын 3-нд Ховдод болсныг албаны нөхдүүд эвтэйхнээр хөнгөхөн маягаар хэлж ярьж аргалаад өнгөрч байсан. Тэгвэл тэрхүү хэрэг явдлаас болоод одоогоор улсад 8 тэрбум орчим төгрөгийн хохирлын асуудал яригдахаар болоод байгааг салбарын дэд сайд Б.Цогтгэрэл хэлсэн байна.

14628260_1797254530515420_1952440052_n

Эргэн сануулахад Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа  “Дотооддоо том онгоц нисгэсэн нь нисэх хүчин, агаарын тээврийн салбарт шинэ хуудас нээлээ” л гээд байсан. Яахав, шинэ хуудас нээнэ гэдэг, нээсэн хүн болж харагдаж, яригдана гэдэг сайхан хэрэг байж болно. Гэхдээ эхлээд салбарынхаа онцлогийг ойлгож, мэдрэх ёстой. Ховд аймаг хэдийгээр баруун бүсийн тулгуур төв ч гэлээ, өнөөдрийн бодит нөхцөл байдлаа харахад том Боинг онгоц нислэг үйлдэх хэмжээний стандартыг яв цав хангасан онгоцны буудалтай бил үү гэдэгт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болоод салбарын сайд М.Зоригт нар анхаарал хандуулах ёстой байсан юм, тухайн үед.

Уг нь орон нутаг руу “Боинг 737” онгоцоор нислэг үйлдэх боломжтой эсэхийг шалгаж нягтлуулахаар олон улсын шинжээчийг авчирж нягтлуулсан байдаг. Харин олон улсын шинжээчид нөхцөл байдлыг хянаж үзээд Улаанбаатараас Ховд руу “Боинг 737” онгоцоор  нислэг үйлдэх боломжгүй, стандарт шаардлага хангасан нөхцөл бүрдээгүй байна гэж үзсэн байдаг.  Олон улсын шинжээчийн дүгнэлтийг ИНЕГ-ч гэсэн хүлээн зөвшөөрч, орон нутаг руу том онгоц нислэг үйлдэхийг зөвшөөрөөгүй аж. Гэвч Ч.Сайханбилэгийн удирдаж байсан  Монгол Улсын Засгийн газраас чиглэл өгсний дагуу МИАТ  “Боинг” онгоцоороо нислэг үйлдэж эхэлсэн юм. Харамсалтай нь, Ерөнхий сайдын чухал санаачлага 1 ч сар хүрэхгүй хугацааны дотор Монгол Улсыг 5 сая 438 мянган ам.долларын төлбөр мөнгөнд унагахын чинээ хэн санах билээ.  Ч.Сайханбилэгийн үгэнд итгээд, баярлаж байсан хүмүүс цөөнгүй л байгаа байх. Асуудалд бодитой ханддаг талууд бол “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж үг байдагчлан эхнээсээ том онгоц нисэх, буух орчин нөхцлийг бүрдүүлээгүй байж том зүйл яриад байгаад нь Ч.Сайханбилэгийг гайхаж л хүлээж авч байсан байх.Тэрээр “Боинг”  онгоц баруун аймагт нислэг үйлдсэний нээлтийн ёслолд оролцох үеэрээ “Ховд хотын нисэх буудал энэ үйл явдлыг дагаад том буудлын зэрэглэлд шилжих учиртай, энэ ажлыг олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр зохион байгуулж, ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар шийдвэр гаргаж ажиллана” гэж байсан юм. Уг нь онгоцоо нисгэж эхлэхээсээ өмнө Ховдын нисэх буудлыг шаардлага хангасан түвшинд аваачих ёстой байсан нь хэний хийх ажил байсан юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

Зайлшгүй хийх ёстой зүйлийг хийгээгүйн улмаас нислэг үйлдсэнээс хойш арваадхан хонож байхад Ховдоос Улаанбаатарыг зорих гээд нислэгийн зурвасаас 180 километр цагийн хурдтайгаар өндөр авч хөөрөх гэж  байсан МИАТ ХК-ийн ОМ7056 нислэг саатсан юм. Ер нь бол шаардлага хангаагүй замаас болж онгоц замаасаа гарсан гэдэг. Онгоцонд сууж явсан зорчигч хэлэхдээ “МИАТ ХК-ийн Боинг онгоц Ховдын нисэх буудлаас хөөрөхөөр хурдаа авах явцдаа  нислэгийн зурвасаас гарсан. Энэ үед онгоц эрчээрээ шороон зам руу орж, онгоцонд тоосжилт үүссэнээс юу ч харагдахгүй болсон. Зорчигчид хашгиралдан, маш их сандарцгаасан. Азаар ямар нэгэн юм мөргөөгүй, зогсч зорчигчдыг нэн даруй буулгаад байна.” гэж хэлсэн байдаг. Зорчигчийн хувьд ийм мэдрэмж төрүүлсэн хэрэг явдал угтаа бол том хэмжээний осол болж болох байсныг, харин ч туршлагатай нисгэгч онгоцыг жолоодож байсны үрээр нөхцөл байдлыг эвтэйхэн давж туулсныг хэлэх хүмүүс байсныг эргэн сануулъя.

Харин МИАТ компанийн зүгээс мэдээлэхдээ  “Нислэг саатлын мэдээлэл. 5-р сарын 3-ны өдрийн Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 аялал хөөрөлтийн өмнөх гүйлтийн техникийн саатал гарсан тул үзлэг хийх шаардлагатай боллоо. Иймд тус аялал тодорхойгүй хугацаагаар хойшилж байна. Бид уг нислэгээр саатсан зорчигчдыг Улаанбаатар хотод өөр агаарын хөлгөөр тээвэрлэн ирүүлэхээр ажиллаж байна” гэсэн тайлбар хийгээд өнгөрсөн юм.

Тэгвэл М.Зоригт Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа  “Улаанбаатар-Ховд-Улаанбаатар чиглэлийн нислэг хэзээ хэвийн үргэлжлэх вэ. МИАТ-ийн Бойнг-737 онгоц нислэгээ үргэлжүүлэх үү?” гэсэн асуултад хариулахдаа -“Аэро Монголиа”, “Хүннү эйр” компани Ховд, Увс, Баян-Өлгий чиглэлд өдөр бүр нислэг үйлдэж байна. Баруун гурван аймаг руу том оврын онгоцоор үйлдэх ажил удахгүй хэвийн үргэлжилнэ. МИАТ-ийн “Бойнг-737” онгоц зурвасаас гарсантай холбоотойгоор нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс онгоцны хөдөлгүүрийн хэвийн ажиллагааг шалгаж, засвар үйлчилгээ хийх ажил дуусаагүй  байна.” гэсэн зүйлийг хэлж байсан юм.

Тавдугаар сард албаны нөхдүүдийн хэлээд байснаар бол  МИАТ-ийн онгоцны саатал жирийн л зүйл юм шиг ойлголтыг хэн хүнд төрүүлэхээр байв. Гэтэл хэрэг дээрээ бол үгүй. Боинг 737 онгоцны хөдөлгүүр эвдэрсэн учраас гаднаас өндөр зардал мөнгө гарган шинжээчид авчран ажиллуулсан байдаг, өнгөрсөн хугацаанд. 5 дугаар сарын 3-ны өдрөөс хойш 22 хоногийн дотор Шинжээчийн зардал, Сэлбэгийн зардал, Инженер, Ажиллах хүчний зардал сэлтэд 438 мянган ам.долларыг Монгол Улсын Засгийн газар зарцуулсан талаар бид мэдээлж байсан. Зардал мөнгө ингээд дууссан бол бас яамай гэхсэн. Гэтэл тэгсэнгүй ээ. Нэгэнтээ онгоцны хөдөлгүүр дахин ажиллах боломжгүй болсон тул 5 сая ам.доллараар хөдөлгүүр захиж авчруулсан гэх мэдээлэл байсан юм.

Хэдхэн өдрийн дотор 5 сая 438 мянган ам.долларын засвараар сая нэг Боинг 737 онгоц өндийх нь гэж харагдаж байсан юм. Энэ бол яах аргагүй томоос том асуудал.  Ч.Сайханбилэгийн удирдаж байсан Засгийн газар  5 сая 438 мянган ам.долларыг Монголчуудаас нууж хааж байгаад нэг удаадаа шийдсэн байж болно. Харин хожим үүсч болзошгүй асуудлуудаас яаж л бултах гээд байгаа юм бол доо гэдгийг манай сайт хөндөж бичиж байсан. Орон нутаг руу том онгоц нисгэх нөхцөл  бүрдээгүй байсаар байтал, заавал нислэг үйлдүүлнэ гээд, тэгээд бас болоогүй Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу МИАТ компани “АэроМонголиа”, “Хүнү Эйр” компаниудтай хамтраад орон нутагт нислэг хийх ёстой гээд байсан. “АэроМонголиа”, “Хүнү Эйр” компаниуд жижиг онгоцуудаа Ховдод байршуулж, Улаанбаатараас том онгоцоор Ховдод очсон зорчигчид жижиг онгоцоор Баян-Өлгий, Завхан,  Говь-Алтай, Увсад хүрнэ гээд байсны цаана ер нь ямар эрх ашиг нуугдаж ирэв ээ. Засгийн газраас  “АэроМонголиа”, “Хүнү Эйр”-ийг харж үзсэнийхээ үр дүнд 5 сая 438 мянган ам.долларын төлбөрт унасан юм биш биз дээ гэдэг асуулт одоо ч хүчинтэй хэвээрээ байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • МУ-ын иргэн / 2016 10 сар 15/

    Сайханбилэг болон Зоригт нарыг шалгаачээ. Төр самрагсадын нэгэн хэсэг нөхөд. Зоригтын Голомт банкаар МИАТ-ын гүйлгээ бусад хийлгэсэн ажлын орлогыг хүүтэй тооцож төлүүлэх,албан тушаалаа ашигласанд нь шалгаж,шоронд хийхийг шаардаж байна.

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 12/

    тэр дубайн гэрээнээс хэдэн тэрбумаар нь идчихээд гэдсээ илээд хэвтэж байгаа нөхөрийг шалгаж эрүү үүсгэвэл таарна

    Хариулах
  • Сайханбилэг / 2016 10 сар 12/

    Чаддаг юм бол надаар төлүүлээрэй.

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 10/

    Сайханбилэг гэж нэг салхин сэнсийг эрүүгийн хариуцлаганд татаж ,шийтгэх,учруулсан бүх хохиролыг төлүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй,бодлогогүй шалчигнасан,өнөөдөр ярьсан зүйл нь маргааш нь хүчингүй болсон янзын амьтан байсандаа.

    Хариулах