Нүүрсний үнэ нэмэгджээ, цаашид ч өснө

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 12

Нүүрсний үнэ нэмэгджээ, цаашид ч өснө

Намрын шар навчис орчлон ертөнцийг чимж, хүүхэд хөгшид хааяахан гадаа нарлан суудаг намрын налгар өдрүүд ард хоцорч, нийслэлчүүд аль хэдийнэ өвөлдөө бэлтгэж эхэллээ. Их хотод өвөлжилтийн бэлтгэл ажил ундарч, хөлтэй болгон эрвийх, идэрвийхээрээ хичээж буй. Үүнтэй зэрэгцэн Налайхаас Улаанбаатарыг зорин тэв хийтэл ачсан нүүрстэй машины цуваа олширч, энэ жилийг өнөтэй давуулах нүүрсний үнэ ч тэнгэрт хадах нь бий. Товчхон хэлбэл, нүүрсний үнийн “сезон” эхэлчихсэн басхүү хямд үнээр боломжийн нүүрс авах гэсэн иргэд ихэссэн энэ цаг үед “Монголын мэдээ” сонин Налайхын нүүрсний уурхай, Цайз зах зэрэг нүүрс борлуулдаг томоохон цэгүүдээс энэ удаагийн дугаарын сурвалжлагаа бэлтгэлээ.
 
Уурхайн амнаас нэг ковш нүүрс 40-90 мянган төгрөгөөр гарч байгаа гэв
 
Хаа саагүй хог хийсч, энд тэндгүй дутуу  ухсан том нүх, овоолж орхисон шороо, энхэл, донхол замын дунд нурж унасан байшингийн балгас харагдана. Хэн ч харсан энд хүн амьдардаг юм уу, амьдрах нь битгий хэл ажиллахад ч хэцүү харагдаж байна шүү дээ гэж уулга алдахаар энэ газар бол нийслэлийг 100 гаруй жилийн турш өвөлд гал алдуулалгүй хангаж ирсэн  Налайхын уурхай. Цагтаа энэ газар мэргэжлийн их уурхай ажиллаж байсан ч 1990 онд дэлбэрэлт болж, түүнээс хойш нутгийн иргэд гар аргаар нүүрс олборлож, нийслэлчүүдийг түлээтэй золгуулсаар буй.
 
Манай сурвалжлах хэсэг юун түрүүнд тэр хавьдаа том гэгдэх уурхайг зорив. Биднийг очих үед ковшны моторын чанга дуу хангинаж, уурхайн ажиллагаа эд явагдаж байлаа. Уурхайн аман дээр ковш татах үүрэгтэй хоёр хүн зогсож харагдав. Тэдний хажууханд 30 гаруй насны гурван залуу гарч ирсэн нүүрсийг машинд ачих аж. Харин уурхайн амнаас зайдуухан портерууд цуван зогсжээ. Эд бол нүүрсний ченжүүд. Налайхын уурхайгаас нүүрс авч, хотод ирж борлуулдаг. Бид уурхайн даргатай уулзах гэсэн боловч тэрбээр бидэнд компанийн нэрээ нууцлахыг хүссэн юм. 
 
 
 
 
Ингээд бид тус уурхайн бригадын дарга Н.Октябрьтай ярилцав. Тэрбээр “Өнгөрсөн жил ил уурхай их гарч байсан. Хөрс суултаар. Энэ жил ам гарсан байгаа. Үнэ нь өнгөрсөн жилийн энэ үеийнхтэй харьцуулбал нэмэгдсэн. Манай ковш нүүрс 90 мянган төгрөгийн үнэтэй. Нэг бүтэн талтай ачихад 120 мянган төгрөг болдог.
 
Манай ковш том хэмжээтэй. Нэг ковш нүүрс портер машины үндсэн тэвш л болдог юм. Уулын ажил болохоор өдөрт тэдэн машин гаргана гэж хэлж болдоггүй. Ойролцоогоор зарим үед хоногт 10-20 портер ачина. Тухайн үеийн байдлаасаа хамааран харилцан адилгүй. Ер нь энд хүн өөрийн биеэр ажиллаж байгаа учраас ачаалал ихтэй.
...Тус уурхайд мөн л нүүрс ачих гэсэн машины дараалал үүсчээ. Тэгэхдээ портероос эхлээд том Зил-130 бүр камаз машин хүртэл дугаарлан зогсож харагдав. Эдгээр жолооч нар бүгд Улаанбаатар руу нүүрсээ оруулж зардаг байна. Тус уурхайд ковш нүүрс 40 мянган төгрөгийн үнэтэй. Тухайн уурхайн ковшны хэмжээнээс хамаарч нүүрсний үнэ харилцан адилгүй байдаг  аж...
Автомат ажиллагаанд шилжсэн хөгжсөн уурхай биш шүү дээ. Цохин, жоотуудана, хүрздэнэ гээд ажил их болно. Манай уурхай залуучууд ихтэй. Хэрвээ үнэхээр нийгэмд ажил их байвал залуучууд заавал амиа золин энэ хүнд газар ажиллах шаардлага байхгүй. Ажил олдохгүй болохоор л энд ирж ажиллаж байгаа” гэв. Тус уурхай хоёр ээлжтэй бөгөөд 11-14 хүн ажилладаг гэнэ. Ингээд бид тус уурхайгаас холгүйхэн байрлах нэгэн аман дээр очив. Хуучин ил уурхайн олборлолт явагдаж байсан газарт хэд хэдэн ам байрлах аж. Уулыг эгц уруу ухаж, дунд нүүрс олборлож байлаа. Уулын ухсан хэмжээ бараг гурван давхар байшинтай зэрэгцэхээр өндөртэй юм. Энэ нь хуучин ил уурхай балаг гэж уурхайчид ярьж байв. Ил уурхай уулыг бүхэлд нь сэндийчиж ухдаг байна.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх