ОУВС-ийнхан Монголын эрх баригчидтай тулна

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 20 ・ 1

Товлосон ёсоор Олон Улсын Валютын Сангийн нөхдүүд өнөөдөр Улаанбаатарт газардаж байгаа юм. Тэд манайхны нөхцөл байдал ямар байгааг, тусламж хүссэнийх нь хариуд ямар хэлбэрээр дэмжлэг  үзүүлэх вэ гэдгээ шийдэх гэж ирж байгаа.

Сангийн сайд болон Төв банкны удирдлагууд ОУВС-гийнхантай уулзаж, ерөнхий үзүүлэлтүүд, тоон мэдээллүүдийг нөхдүүдэд өгөөд ирсэн гэх ойлголт бидэнд байгаа. Тэгэхээр ОУВС-гийн 8 хүнээс бүрдсэн  техникийн баг тэдгээр мэдээллүүдийг өнгөрсөн өдрүүдэд нягталсныхаа дараа Улаанбаатарт бууж байгаа нь, эрх баригчидтай ойлголцох, нэг талаас ам өчгийг нь авах зорилготой харагдаж буй юм. Ер нь бол хэлэлцээрийг ирэх арваннэгдүгээр сард эцэслэнэ гэх мэдээлэл байгаа юм.

Сая спикер урд хөршид очоод ирэхдээ зээлийн хүсэлт тавьсан талаараа өөрөө дуугарсан байгаа. Зээлийн гэрээ хэлэлцээр хийгээгүй ч, хүсэлт тавьсан гэдгээ бол хэлсэн. Тэгэхээр ОУВС-гийн техникийн баг үнэлгээ гаргахад эдгээр байр байдал маань хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудал дагаж тавигдаж л байна. Салбарын сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ Стэнд бай хөтөлбөрт хамрагдана гэсэн эцсийн шийдвэрийг засгаас гаргаагүй байгаа гэсэн. Тэрчлэн ОУВС-ийнхан манай эрх баригчдад өөрсдөөс нь тусламж авах чин хүсэл эрмэлзэл байгаа эсэхийг эцэслэн нягтлах зорилготой ирж байж болох юм. Тэрнээс биш Вашингтонд тэдний өмнө гаргаж, дэлгэж тавьсан тоон үзүүлэлтүүд хэдхэн өдрийн дотор дээш доошоо болчихгүй, хэвээрээ байгаа. ОУВС-ийнхан ирээд Монгол улс даяар хэрэн хэсээд иргэдийн амьдралтай танилцахгүй. Тэд эрх баригчидтай л тулна.

Хэрэв тэгээд  “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар болвол 1-1.5 тэрбум ам.долларын зээл авах асуудал яригдаж буй. Эдийн засгийн хүндрэлтэй байдлыг хэрхэн давах вэ гэдэг асуултад эрх баригчдаас нийгэм хариулт нэхсэн өдрүүд үргэлжилсэн хэвээрээ байна. Одоо шийдэл, шийдвэр нэг зүгт чиглэх ёстой болоод байгаа юм. Энд тодотгоход, зарим эдийн засагчийн зүгээс хэлэхдээ нэгэнтээ “Стэнд бай”-д хамрагдахаар болж  байгаа бол өмнө нь 2009 онд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан хүмүүсээсээ туршлага судалж, зөвлөгөө авахгүй бол хөрсөн дээр буулгаж чадахгүй болов уу гэж болгоомжилж байна гэж буйг энэ дашрамд өгүүлье. ОУВС-ийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахын нэг сул тал нь эрх баригчдын бодлого шийдвэрүүдэд тэдний нөлөөлөл хүссэн хүсээгүй орох болно. Тэгэхээр тэднээс мөнгө авч байгаа бид толгой ордуудаа эргэлтэд оруулах шийдвэрүүд болоод бусад асуудлуудаа ч тэдэнтэй ямар нэг хэмжээгээр зөвлөлдөх юм. ОУВС-гаас хөтөлбөр өгөхдөө дагаад шаардлагуудыг тавьдаг гэдгийг бид мэднэ. Тухайлбал,  төлбөрийн балансын тэнцлийг хадгалах, өрийн хязгаарыг хангах, ДНБ-нд эзлэх төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжин ядуурлыг бууруулах, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх, инфляцыг бууруулах, зээл хумих, банкны хяналтыг чангатгах, баялгийн санг бий болгох, үйлдвэрлэлийг төрөлжүүлэх гэх зэрэг олон шаардлагуудын өмнө эрх баригчид бэлэн байгаа эсэхээ тодотгох шаардлагатай нүүр тулаад байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Zochin / 2016 10 сар 21/

    Zeel avsan ch ylgaagui.avaagui ch ylgaagui.algaa havsaraad tsuslahiig l bodoj baigaa.

    1
    Хариулах