“Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хувьчилсан асуудлаар хэн юу хэлэв

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 26 ・ 2

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хувьчилсан асуудлыг хэлэлцсэн билээ. Тус хуралдаанд “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчлах шийдвэрийг гаргасан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон нар оролцож, УИХ-ын гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Тэгвэл эл асуудлаар хэн юу хэлснийг хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: “Эрдэнэт” бол стратегийн ач холбогдолтой орд газарт хамаардаг.Ийм асуудлыг Засгийн газар дангаараа шийдвэр гаргаад шийдэх боломжгүй, УИХ-аар заавал хэлэлцүүлэх шаардлага байсан. Яагаад энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлсэнгүй вэ. Энд хоёр асуудал байна. Үндэсний аюулгүй байдлын асуудал нэгдүгээрт тавигдаж байна. Хоёрдугаарт эдийн засгийн аюулгүй байдлын асуудал.

 

Бидний түүхэн хугацаанд хойд хөршийн нөлөөлөл их байсан. Хойд хөрштэйгөө найрамдалт харилцаатай байсны хамгийн том жишээ Эрдэнэт. Одоо манай улсад 49 хувь шилжсэнээр харилцааны асуудалд ан цав үүсэх вий. Ийм болгоомжлол Монгол түмэнд байна. Нөгөө талаар төсвийн томоохон ачааг үүрч яваа Эрдэнэтийн хувьчлалыг дагаад татварын төрд үүрэх ачаа сулрах гэж байна би харж байна. Төр санхүүгийн хувьд сул болно. Төсвийн алдагдал үүнийг дагаад ихэснэ. Алдагдлаа нөхийн тулд гаднаас зээлнэ. Зээлээ хаанаас авах нь ч тодорхой. Эдийн засгийн хараат байдал үүсэх нөхцөл байдал үүсчихээд байна. Тийм учраас Монголын төрийг төлөөлөөд “Бид худалдан авахаас татгалзаж байна. Өөрсдөө мэдээд зар” гэсэн бичиг илгээсэн явдал бол төрийн мэдлийн стратегийн ордыг засгийн газрын гаргах шийдвэр биш. Би хувь хүнийхээ ингэж ойлгож байгаа. Дүгнэлт нь их бөөрөнхий яваад байгаа. Үүн дээр тодорхой хариулт авмаар байна. УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хамаардаг төрийн өмчийн стратегийн ордыг зарахаар шийдвэрлэсэн нь хуулиндаа нийцэж байгаа юм уу?

 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Энэ асуудлаар миний бие УИХ-ын сонгуулийн өмнө нэг удаа байр сууриа илэрхийлсэн. Түүнээс хойш нууцын горимоор хэлэлцэгдсэн учраас байр сууриа илэрхийлэх боломж байхгүй байсан. Хоёрдугаарт цаг хугацааны хувьд ч боломж муутай байв. Сонгуулийн үе байсан, дараа нь шинэ УИХ байгуулагдсан, араас нь орон нутгийн сонгууль залгасан. Энэ үеэр байр сууриа илэрхийлэх нь асуудлыг эрүүлээр харахад хүндрэл учрах юм байна гэж үзээд хойшоо суусан. Өнгөрсөн ням гарагт сонгууль болж дууслаа, улс төрийн эмоци хойшоо тавигдаж байгаа учраас өнөөдрөөс эхлэн улстөрийн өнцгөөр биш, улс эх орны эрх ашгийн үүднээс харж эхлэх болов уу. Яагаад гэвэл УИХ-ын сонгуулийн дараа гээд намрын чуулган руу орвол 49 хувь Монгол руу ирэх асуудал хийгдэхгүй байж болзошгүй ийм байр суурь руу орж байна гэсэн учраас Засгийн газраас шийдвэр гаргасан.

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэж байгаа нь цаг хугацааны хувьд зөв хайчин дунд явж байна гэж харж байна. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхэд хоёр маргаантай асуудал байсан. Нэг хэсэг нь УИХ-аар энэ асуудлыг заавал хэлэцүүлэхгүй бол болохгүй гэсэн. Нөгөө талд нь энэ асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байна гэсэн. Яагаад гэхээр худалдан авалт хийгдэнгүүт олон улсын гэрээ маань хүчин төгөлдөр бус болж байгаа. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцээд хүчингүй болгоод явах нь зөв явна гэсэн байр суурь гарсан. Засгийн газар эцсийн шийдвэр гаргах боломжгүй байгууллага учраас хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэцээр ярина биз. Би Ерөнхий сайдын хувьд асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх нь зөв гэж үзсэн. Хэдэн жилийн өмнө Улаанбаатар төмөр замын асуудал яригдаж Оросын тал өөрийнхөө хувийг аваач гэхэд Монгол авч явж чадахгүй гээд аваагүй байдаг.“Эрдэнэт”-ийн асуудал цаг хугацааны хувьд их эвгүй үед орж ирсэн. Зургадугаар сарын үед орж ирсэн нь УИХ-ын сонгуулийн компанит ажил эхэлчихсэн үе таарсан. Зургадугаар сарын 23-нд гурван улсын тэргүүн Ташкентад уулзахаас өмнө шийдэх боломж байна гэсэн цаг хугацааны хайч байсан учраас гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Монгол руу 100 хувь “Эрдэнэт”-ийг аваад ирэх шийдвэрээ гаргаад явах нь зөв юм аа гэж үзсэн. Яагаад гэвэл УИХ-ын сонгуулийн дараа гээд намрын чуулган руу орвол 49 хувь Монгол руу ирэх асуудал хийгдэхгүй байж болзошгүй ийм байр суурь руу орж байна гэсэн учраас Засгийн газраас шийдвэр гаргасан. Засгийн газрын тогтоол нь нууцын ангилалд байсныг өөрчилж энгийн болгосон учраас Засгийн газрын тогтоолын ард протколыг хавсаргасан байгаа. Түүнд миний үг бий. УИХ долдугаар сард хуралдах нь уу, эсвэл намар хуралдах нь уу, энэ үед “Эрдэнэт”-ийн асуудлыг хамгийн тэргүүнд УИХ-д оруулж хэлэлцүүлж танилцуулна. Сонгуулийн сурталчилгаа эхлээд УИХ завсарласан байгаа учраас одоо хэлэлцүүлэх боломжгүй байна. Хоёрдугаарт, Ташкентын гурван улсын тэргүүний уулзалтаас өмнө шийдэх шаардлага байгаа учраас өнөөдөр бид энэ асуудлыг яриад Засгийн газар өөрөө санаачлаад оруулая гэж Ерөнхий сайдын хувд харж байна гэдгээ хэлсэн. Протколтой та бүхэн танилцсан болов уу.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Мөн ч өрөвдөлтэй юм ярьж байна, Ч.Сайханбилэг ээ. Засгийн газар ОХУ-ын 49 хувийг худалдахаар хэнийг, хэзээ томилсон бэ. Тэр хүмүүс нь яаж ажилласан юм. Одоогийн гэрээгээр хоёр талын Засгийн газар судлахаар оруулж ирсэн. Монголын Засгийн газар худалдан авах давуу эрхээс ээ татгалзана гэж хэзээ шийдсэн юм. Худалдан авах давуу эрхээсээ татгалзсан тохиолдолд хувийнхан очиж хэлэлцэл хийх байх. УИХ, Засгийн газрын түвшинд “Эрдэнэт”-ийн  49 хувийн асуудал огт яригдаагүй байхад ХХБ-ныхан очоод яриа хэлэлцээ хийсэн юм уу. Хэний даалгавар, захиалгаар хийсэн бэ. Энэ асуудлаар  хэзээ яамдад тараагаад хэзээ хариу нь ирсэн бэ?  Засгийн газрын хуралдаанд О.Орхон ХХБ-ны захирал бас компанийн захирал гэсэн хоёр  албан тушаалтай орж ирсэн байсан. Хэний зөвшөөрлөөр, хэн даалгавар өгснөөр 49 хувийг авах ажиллагааг хийсэн бэ? Засгийн газрын хуралдаанд  хуульчид оролцсон гэж яриад байна. Засгийн газрын хуульчид УИХ-д танилцуулахгүй бол болохгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн юм билээ. Харин нөгөө талын О.Орхон, Пүрэвтүвшин нар УИХ-аар хэлэлцүүлэхгүй, автоматаар хүчингүй болж болно гэсэн юм билээ. Энэ асуудлуудад хариулт авъя. Ер нь худалдан авах гэрээнээс татгалз гэсэн  энэ бичиг хаанаас дамжиж ирсэн бэ? Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн үү, хувь хүн авчирч өгсөн үү?

 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Таныг ямар нэг эмоцигүй ярих болов уу гэж горьдож орж ирсэн. Намайг яаж ярьж байгааг Үндсэн хуулийн цэц ч юм уу, бусад байгууллагууд нь тодорхойлох биз. ОХУ-д болж байгаа зүйлийг бид яаж мэдэх вэ Ц.Нямдорж гишүүнээ? ОХУ-ын өмчид байсан 49 Засгийн газраас Сангийн яам руу, Сангийн яамнаасаа ТӨХ руу шилжээд цаашлаад Ростех руу шилжиж байхад бид юм ярьдаггүй байсан. Монголын Засгийн газарт ямар нэг байдлаар сонголт хийх хувилбар энэ асуудал дээр байхгүй байсан. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Медведевййн гаргасан шийдвэрт “Монголын Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд  “Ростех”-ийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэсэн байгаа.  Мөн “Ростех”-оос  манай Засгийн газарт Орос-Монголын хуулийн этгээд хоорондоо ямар үнэ ханшаар худалдан авалцах албан бичиг ирсэн. Ростех ямар компанийг мэдэхгүй. Ямартай ч Эрдэнэтийн 49 хувийг Ростех компани эзэмшиж байсан нь үнэн. Үүнд үндэслэн Засгийн газар зургадугаар сарын 13-ны хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрээ гаргасан. Энэ асуудал цаг хугацааны хувьд хайлчилбартай байсан учраас Засгийн газрын хуралдаанд оролцсон бүх сайд байр сууриа илэрхийлсэн. Хуралдаанд оролцсон бүх сайд  дэмжсэн. 

 

Засгийн газар нөгөө талын захиалгаар шийдвэр гаргаагүй. Монголын захиалгаар шийдвэрээ гаргасан. Монгол Улсад энэ шийдвэр зөв гэж бодсон. Бидний шийдсэн үр дүнгээр Монгол Улс ОХУ-д төлөх өрийн энэ гэрээ хийгдсэнээр хүчингүй болж байна. Аж ахуйн нэгжүүд “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголд ирэх боломж гарлаа гэсэн үндсэнд дээр Монголын эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг гаргасан. Хэрвээ энэ шийдвэрийг гаргаагүй бол Монголын 49 хувь Оросын талд байх байсан.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Яаралтай хэлэлцэх асуудлаар яамдаас санал авдаггүй гэх асуудал байхгүй. Туйлын ноцтой асуудал хөндөгдөж байхад цаг хугацааны хайчинд ороод шийдсэн гээд байх юм. Засгийн газар энэ асуудалд Монголын гэдэг утгаараа яаж ажилласан юм бэ? Хэзээ энэ асуудал яригдаад О.Орхоныг явуулсан бэ? Төрд үнэнийг хэл. Танай Засгийн газрын сайд байсан З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Д.Зоригт нар чинь “мэдээгүй, санал аваагүй”, хачин зүйл гаргалаа гээд яриад л байсан ш дээ.

 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Гүйцэтгэх засаглалд олон асуудал гардаг. Энэ асуудлыг хам хум шийдээгүй. Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа орсон. Хариуцсан хүмүүс орж, ажлын хэсэг байгуулсан. Ямар нэг байдлаар хуйвалдааны онол байхгүй. Монгол Улсын төр, засгийн ажил хийж байсан хүмүүсээс Эрдэнэтийн 49 хувь Монголд оруулж ирэх нь ашигтай гэж ярьсан хүн байхгүй. Цэвэр аж ахуйн нэгжийн санаачлага. “ОХУ-ын Засгийн газар шийдвэрээ гаргасан. Ростех өөрсдөө асуудлаа шийдсэн. Үүнийг гурван улсын тэргүүний уулзалтын өмнө шийдэх боломж байна, Шинэ УИХ байгуулагдахыг хүлээвэл энэ асуудал унана” гэсэн цаг хугацааны хайчилбар байсан. Тийм учраас бид хууль зөрчихгүй, гаргаж болох хэмжээнд нь хийсэн. Хэрвээ Монгол төрд залгамж чанар байдаг бол энэ асуудлаа оруулж ирж дуусгах ёстой.

 

Гүйцэтгэх засаглалд олон асуудал гардаг. Энэ асуудлыг хам хум шийдээгүй. Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа орсон. Хариуцсан хүмүүс орж, ажлын хэсэг байгуулсан. Ямар нэг байдлаар хуйвалдааны онол байхгүй. 

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: О.Орхон гэж хүн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд ХХБ-ны гүйцэтгэх захирал, Ти Ди Би капитал компанийн гүйцэтгэх захирал гэсэн хоёр янзаар тэмдэглэгдсэн байсан. Яг хэн гэж хүний захиалга даалгавраар тэнд очиж гэрээ хэлцэл хийж явсан юм бэ?

 

ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон: Таны сая дурдсанчлан би ХХБ-ны гүйцэтгэх захирал болон ХХБ-ны 100 хувь охин компани “Ти Ди Би капитал”-ийн гүйцэтгэх захирлын хувьд Хууль зүйн байнгын хороонд мэдээлэл өгөхөөр ирлээ. Би хоёр албан тушаал хашдаг. Энд банктай холбоотой, гүйцэтгэлд хэрхэн холбогдож, яаж ажилласан талаар асуултад хариулж, мэдээлэл өгөхөөр ирсэн. Түүнээс худалдан авагч, захиалагч гээд байгаа хэн нэгнийг төлөөлж  ирээгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Захиалагчийн хувьд “Монголын зэс компани” манай банкинд санхүүгийн зөвлөгөө авах, олон улсын гэрээ, хэлэлцээр, санкц, төлбөр тооцоо мөн хөрөнгө босгох асуудалд мэргэжлийн зөвлөгөө авахаар захиалга өгсөн. Үүнд “Ти Ди Би” компани ч зөвлөгөө өгч оролцсон, ХХБ ч санхүүжилтэд нэг зээлдэгчид олгодог боломжит хязгаарынхаа хүрээнд оролцсон. Үйл явц хэрхэн явсан гэвэл “Цаг хугацааны хайч” гэж түрүүнээс хойш ярилаа. Үнэхээр ОХУ-ын талаас ч, Засгийн газраас ч, гэрээ хэлэлцээрт орсон хоёр компанийн хувьд ч энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж дуусгах шаардлага байсан. “Ростек” компанийн Хяналтын зөвлөл гэдэгт ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, Сангийн яам, Хууль зүйн яам, бусад хууль хяналтын байгууллагын төлөөлөл орсон томоохон шийдвэр гаргадаг байгууллага юм билээ. ОХУ-ын Дотоод хэргийн яамны хуулийн дүгнэлттэй зэрэг шийдвэр гарснаар хувьцаа эзэмшигч “Ростек” компани Засгийн газар, Хяналтын зөвлөлөөсөө зөвшөөрөл авсны үндсэн дээр хувьцаагаа худалдан борлуулах эрхтэй болсон. Энэ бол ОХУ-д болсон асуудал. Нэгэнт ийм эрх байхад “Ростек” хэнд хувьцаагаа шилжүүлэхээ өөрсдөө шийднэ. Үүнд ямар ямар худалдан авагч байсныг яриад яахав. Ямар ч байсан “Монголын зэс” компанитай худалдах, худалдан авах гэрээ, нөхцлөө тохирч, холбогдох шийдвэр гаргадаг байгууллагуудаасаа зөвшөөрөл авсан. Дараа нь ийм худалдан авагчтай ийм нөхцөлөөр худалдах гэж байна, яг энэ нөхцөлөөр Монголын Засгийн газраас худалдан авах эсэх, давуу эрхээсээ татгалзаж байгаа бол Засгийн газар шийдвэрээ ирүүлэхийг хүссэн. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд “Аль нэг тал хувьцаагаа хэсэгчлэн болон бүхлээр нь гуравдагч этгээдэд худалдаж болно. Энэ тохиолдолд нөгөө тал нь давуу эрхээсээ татгалзсан бол худалдсанаар гэрээ хүчин төгөлдөр биш болно” гэж заасан. Үүн дээр л олон улсын болон Монголын хуульчдын дүгнэлт гарсан. Тийм ч учраас өөрийн эрх мэдлийн дагуу “Ростек” худалдан авагчаа өөрөө сонгоод нөхцөлөө батлуулаад, дараа нь Монголын Засгийн газарт давуу эрхээ эдлэх эсэх сонголт өгсөн. Засгийн газраас харин давуу эрхээсээ татгалзсан шийдвэр гарсан”

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 2012 онд байгуулагдсан жижигхэн компани 2014 онд охин компани байгуулаад 2016 он хүртэл нэг сая төгрөгийн дүрмийн санатай явж байсан. Нэг сая төгрөгийн дүрмийн сантай компанид 200 сая ам.долларын зээл өгдөг нь ямар учиртай юм бэ.

 

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон: Монголын зэсийн корпараци бол Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж. Өөрийн гэсэн хөрөнгө оруулагчтай. Банк энэ компанид ямар нэгэн хувьцаа эзэмшдэггүй. Иргэн Пүрэвтүвшин өмнө нь манай банкинд ажиллаж байсан. Банк 200 сая ам.доллар биш, нэг зээлдэгчид олгох хэмжээ буюу өөрийн хөрөнгийнхөө 20 хувьтай тэнцэх зээл олгосон. Компани нэг сая төгрөгийн биш, хангалттай эх үүсвэртэй байсан.Э нэ тугаараа манай компани зээл олгосон. Үүнийгээ ч буруу гэж бодохгүй байна" гэсэн юм.

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Мэдээж нэгэнт хийчихсэн улс өөрдийгөө хамгаална л даа. Цаг хугацааны хайч гэж яриад байх юм. Гурван улсын Ерөнхийлөгчийн уулзалтаас өмнө шийдсэн гээд байх юм. Энэ уулзалтаар “Эрдэнэт”-ээс өөр ярих сэдэв байхгүй байсан юм  уу. Яагаад энэ уулзалтаас өмнө хувьчлал явуулах байсан гээд байна вэ. Танай Сангийн сайд байсан Б.Болор 51 хувийг үнэгүйдүүлэх зүйлийг хийсэн юм бэ, бодоход өөртэй чинь зөвлөсөн байлгүй. Яагаад нууц  хоёр тогтоол гаргасан юм. Яваандаа 51 хувийг үнэгүйдүүлж авах бодлого байж гэж харагдаад байна шүү. Бэлтгэлээ сайн хийсэн байгаа юм, ТӨХ-г өмнө нь татан буулгаад, 51 хувийг мэддэг субьектыг байхгүй болгоод энэ хувийг хоёр хүнд хариуцуулсан. Нэг хэсгийг нь Б.Болор, нөгөөг нь С.Баярцогтод. Гэтэл Б.Болор нь 49-тэйгээ нийлж хуйвалдаад явчих жишээтэй. Хамгийн гол нь 49 хувиас Монголын тал татгалзаж байна гэдгийг яагаад УИХ-аар хэлэлцүүлсэнгүй вэ. Уг нь өмчийн эзэн чинь УИХ шүү дээ. Ард түмний өмнөөс тэр өмчийг манаж, хамгаалах үүрэгтэйгээр сонгогдож, бүрдсэн субьеът чинь УИХ юм шүү дээ. Гэтэл яагаад бултуулж байгаа юм. Энэ бол хөдөлшгүй хууль шүү, өөрөөр тайлбарлах аргагүй шүү. Хуульчид болохгүй гээд байхад л О.Орхоны зөвлөгөөгөөр шийдчихсэн юм биш үү. ҮАБЗ-өөр ч яриагүй гэдгийг З.Энхболд хэлсэн шүү дээ. Ямар ч  хувилбар байгаагүй гэх юм, үгүй ээ байсан. Зөвхөн Худалдаа хөгжлийн банкинд өгөхөөр шийдсэнээ хамгийн зөв хувилбар байсан гэж яриад байх юм. Энэ чинь ард түмний хоол шүү дээ. Яасан их зоригтой байна аа, тэгээд яг сонгуулийн өмнө хийчихсэн нь эртнээс хийсэн ажил байна гэж харж байна. Хууль бусаар, Үндсэн хууль болон хэд хэдэн хууль зөрчсөн гэрээг хүчингүй болгох хэрэгтэй.

 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Гурван улсын уулзалт хөгжлийн том гарц байсан.  Ямар нууц тушаал гаргасныг нь Б.Болороос өөрөөс нь асуу, өөрөө хариулна гэсэн. Хуйвалдаан болоогүй гэдгийг хэлье. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 10 сар 27/

    Гурван улсын уулзалт хөгжлийн гарц бишээ, Сайханбилэг ойлгохгүй л дээ

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 26/

    уг нь бол ард түмний өмч юм бол бүх ард түмний санал асуулгаар шийдэж болдоггүй юм уу нууцын зэрэглэл яриад өөрсөдөө сэмхэн гулгуулаад л

    Хариулах