Ц.ГАРАМЖАВ ГИШҮҮНИЙ 2 ТЭРБУМ 40 ХҮНИЙ АМЬ АВАРНА

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 27 ・ 1

  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Ниймгийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав бүрэн эрхийнхээ хүрээнд байнгын хорооны хуралдаанд оролцож  Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсөвт  дотооддоо элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхэд зориулж 2 тэрбум төгрөг   төсөвлөх саналаа танилцуулсныг байнгын хорооны гишүүд 93 хувийн саналаар дэмжлээ . Энэ санал дэмжигдсэнд элэгний өвчнөөр шаналж, гадаадад байтугай эх орондоо ч элэг шилжүүлэн суулгуулах боломжгүй иргэд баярласан байх.

   Хамгийн гол нь энэ 2 тэрбум төгрөг байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн шиг УИХ-ын чуулганаар ч дэмжигдээсэй гэсэн хүлээлт бий болж байна. Төсөвт бүтээн байгуулалт, олон сайхан хөтөлбөр гээд гэрэл гэгээтэй зүйл олон бий. Гэхдээ хүний амь нас, эрүүл мэнд тэр дундаа эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай болсон ч мөнгө санхүүгийн боломжгүйгээс хэлэхэд ч хэцүү гунигт өдөртэй нүүр тулахаа хүлээх олон хүний хувьд элэг шилжүүлэн суулгахад зориулах 2 тэрбум төгрөг гэдэг хамгийн сайхан мэдээ.  Зөвхөн энэ мэдээ өвчиндөө шаналсан олон хүн, тэдний ар гэрийнхэнд амьдрах итгэл бэлэглэж байгаа.

Эрхэм гишүүний тайлбарлаж буйгаар  Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр оруулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд элэгтний хорт хавдраар шаналж байгаа хүмүүст элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхэд зориулан 2 тэрбум төгрөгийг оруулах хэрэгтэй байна. Энэ мөнгөөр жилдээ 40 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо хийлгэх боломж бүрдэх юм. Жил бүр 40 хүний амь насыг аварна гэсэн үг. Мөн гадагшаа урсах валютын урсгалыг сааруулна. Сүүлийн нэг жил хагасын хугацаанд 160 орчим хүн Энэтхэг, БНСУ руу элэг шилжүүлэн суулгуулахаар зорьдог. Тэр бүрт улс орны эдийн засаг, айл өрхүүд  санхүүгийн дарамтанд орсон зэргийг тооцоход асар мөнгөн дүн гарна.

Түүнчлэн элэгний хорт хавдраар өвчлөгсдийн тоо жил бүр нэмэгдэж байна. Тоо баримт харвал 2015 онд 2176 хүн элэгний хорт хавдраар оношлогдсон нь өмнөх онтой нь харьцуулахад 4 хувиар өссөн, нас баралтын гол шалтгаан болж байна. Элэгний хорт хавдраар өвчилж эмчилгээгүй, эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай гэсэн хүмүүсээс жилдээ 40-ийнх нь амийг аврах хэрэгтэй. Шавьж устгахаас эхлээд нэн чухал бус сангуудад олон зуун сая, тэрбумаар төсөв хуваарилж байхад элэг шилжүүлэн суулгах хагалгааг дотооддоо хийж 40 хүний амь аврахад 2 тэрбум төгрөг тусгах хэцүү биш  гэсэн юм. Эгэл борчуудынхаа амьдралыг төдийлөн мэддэггүй гишүүдэд энэ тоо баримт нэгийг бодогдуулсан биз. Ямар боловч Ц.Гарамжав гишүүнийг саналаар санал хурааж дэмжсэн юм.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг харахад Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ жил өмнөх жилүүдээсээ 26.1 тэрбум төгрөгөөр давахаар харагдаж байна.

Учир нь цалингийн доод хэмжээ 192.000 төгрөг байхад 244.1тэрбум төгрөгийн татвар хураагдаж байсан бол цалингийн доод  хэмжээг 240.000 төгрөг болгосноор 267.5 тэрбум төгрөг болж 26.1 тэрбум төгрөгийн зөрүү гарч байна. Эрүүл мэндийн даатгалын мөнгө иргэдийнхээ эрүүл мэндэд л зарцуулагдах ёстой. Гэвч энэ их мөнгө төсвийн бусад нөхөөс, дарга сайд нарын тансаг хэрэглээний зардалд зориулагдаж байгаа.

Иргэдийнхээ эрүүл мэндэд зарцуулдаг бол олон хүний ам насыг аварч болохсон. Элэгний хорт хавдраар дотны хүнээ алдсан миний хувьд ядаж 40 хүнд итгэл найдвар төрүүлсэн 2 тэрбум төгрөгийг Засгийн газар, Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүд нь дэмжээсэй.  Энэ аюулт өвчнөөр өвдсөн хүн, түүний ар гэрийнхэн хэрхэн шаналдаг, хөрөнгө санхүүгийн ямар их дарамтанд ордог. Мөнгөгүйн улмаас элэг шилжүүлэн суулгуулж чадахгүй харсаар суугаад хайртай нэгнээ алдах ямар байдгийг энэ аймшигтай нүүр тулсан хүн л ойлгоно. Монгол эмч нар чадваргүйдээ бус төсөв мөнгөгүйдээ авралын гараа сунгаж чадахгүй байгааг бас хэлэх хэрэгтэй байх.

Г.Санчир

times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 10 сар 28/

    Энэ 2 тербум төгрөг ядарсан зовсон хүмүүст биш Ман-н дарга нарын ах дүүс суганы бөөснүүдийнх хамсаатнууд 40 хүнд зориулагдах нь тодорхой шүү дээ. Эд нар ийм аргаар улсаас хулгай хийж өөрсдийнхөө хүрээллийг тэлдэг муу аргатай новшнууд.

    Хариулах