Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 10 сар 28
・ 10

Б.ЗАЯА
Ардчиллын удирдагч С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалт дуусч шүүхийн шатанд шилжих болсныг хоёр хоногийн өмнө Улсын ерөнхий прокурорын газраас мэдэгдэв. Өнгөрсөн жилээс уг хэргийн шалгалтын ажил эрчимжиж эхнэр Б.Булганаас гадна Орхон аймгаас хоёр иргэнийг яллагдагчаар татаж баривчилсан. Тэд Орхон аймгийн харъяат Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар юм. Яллагдагчаар татагдсан хүмүүсийн ар гэрийнхэн өчигдөр олон нийтэд хандлаа. Тэд улс төрийн зорилготой уг хэрэгт энгийн номхон иргэд өртөж, хилс хэрэг хүлээлгэх гэж байна гэж мэдэгдэв. Энэ тухай Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа, Чимгээгийн ах Т.Төмөрбат нар ингэж ярилаа.
Л.Жавзмаа: ХҮҮ МААНЬ МИНИЙ ДЭРГЭД БАЙСАН. БИ ГЭРЧ НЬ
Хүү Б.Содномдаржаа маань хоригдоод нэг жил хоёр сарын хугацаа өнгөрлөө. Би Булган аймгийн уугуул. Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгсөөд нөхөртэйгөө Эрдэнэтэд сүү, ногооны чиглэлээр фермерийн аж ахуй байгуулж ажиллаж байсан. Хүү маань энэ аж ахуйн гол эзэн нь байсан. 2014 оны хагасаас эхлээд хүүд маань нэг дугаараас мессэж ирдэг болсон. Дандаа дарамталсан өнгө аястай. “Чамайг ална, хядна”, “”Амьдралыг чинь сүйрүүлнэ”, “Чи С.Зоригийг хөнөөсөн биз дээ” гэсэн өч төчнөөн мессэж ирсэн. Тэр мессэжүүдийг нь цуглуулаад байтал 28 хуудас боллоо. Бид ч гайхсан. Тэр асуудлаар хууль хяналтын байгууллагад хандсан ч авч хэлцээгүй. Гэтэл 2015 оны наймдугаар сарын 31-ны өдөр хүүг минь хашаан дотроос маск зүүсэн хар хувцастай хүмүүс баривчлаад явсан. Хаашаа авч явсныг нь ч мэдээгүй. Эрэл сурал болж дөрөв хоногийн дараа 461 дүгээр ангид хоригдсоныг мэдсэн. Хүүтэйгээ уулзах гэж хөөцөлдсөөр гурван сар өнгөрсний дараа уулзсан. Тэр үед хүү рүү мессэж бичээд байсан хүн хамар хашааны айлын хүү болох Ц.Амгаланбаатар байсныг мэдсэн. Тэр таксины жолоочийг мөчилж хөнөөсөн хэргээр шоронд орсон нөхөр. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн цаазгүй монгол гэдэг зарлигаар 25 жилийн ял аваад хоригдож байсан залуу. Одоо тэр залуугаар бамбай хийж хүүг маань хилс хэрэгт гүтгэж байна. Баривчлагдаж явснаас хойш ар гэр нь үнэхээр хүнд байдалд байна. Олон нялх хүүхэдтэй эхнэр нь хэцүүдэж байна. Нэг хүүхэд нь хагалгаанд ороод гурав хонож байна.
Хүүг минь баривчлаад элдвээр дарамталсан гэсэн. “Хэргээ хүлээ. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт чи оролцсон биз дээ” гэж энгийн номхон ногоочин, малчныг жил гаруйн хугацаанд дарамталж хүчээр хэрэг хүлээлгэх гэж зүтгүүлж байгаад нь би үнэхээр харамсч байна. Манай хууль хяналтын байгууллага гэж яачихсан газар вэ.
Миний хувьд энэ асуудлаар уулзаагүй хүн, яваагүй газар байхгүй. Хууль хяналтын байгууллага, УИХ-ын гишүүнд 51 удаа хандлаа. Аль нь ч нааштай хариу өгсөнгүй. Тагнуулын байгууллага “Шалгаж байна. Суллах болоогүй. Ажил явагдаж байна” гэдэг. Энэ хэрэгт бид хоёр ч удаа өмгөөлөгч авсан. Өмгөөлөгчдийн хөлсийг бид дийлэхгүй юм билээ. 10, 20 сая төгрөг гэдэг юм билээ. Ц.Амгаланбаатар шоронд байхдаа эргэлтээр ир гэж хэлдэг байсан гэсэн манай хүүд. Айл байсан болохоор тэгсэн байх. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөдөл өгсөн. Гэтэл хууль хяналтынхаа байгууллагыг өөгшүүлж “Сайн ажиллаж байгаа. С.Зоригийн хэрэг илэрнэ” гэж хашгирч босч ирж байсанд үнэхээр харамсч байна. Ард түмэн та бүхэн миний гомдлыг ойлгож цагаан сүүийнхээ цацлыг өргөж дэмжээсэй, хүүг минь гаргахад туслаасай гэж хүсч байна.
-Хүү тань хэрэг гардаг 1998 оны аравдугаар сарын 2-нд хаана, юу хийж байсныг санадаг уу?
-Тэр үед хүү маань аавтайгаа хадлан бэлтгэж байсан. Аав нь трактортой өвснөөс унахад нь айсандаа гэрт хүрч ирээд “Аавыгаа алчихлаа” гэж байсныг санаж байна. Аав нь зүгээр байж таараад “Аав нь амьд байна. Өвсөн дээр уначихлаа” гээд хоёул цай унд болж байсан. Би нөхөр, хүү хоёртоо будаатай цай аягалаад сууж байсан тэр өдрийг би өөрөө гэрчилнэ. Хүүгийнхээ гэрч нь, өмгөөлөгч нь болно. Тэр өдөр хүү маань гэртээ байсан.
-Тэгвэл хүүг тань энэ хэрэгт холбоод байгааг юу гэж бодож байна?
-Ц.Амгаланбаатар манай хажуу айлын хүүхэд байсан. Тэр н.Цэвэлмаа, н.Маньбадар гээд хоёр хөгшний гар дээр өссөн, өргөмөл хүү. Ц.Амгаланбаатарыг арваннэг, арванхоёртой байхад манайх нүүсэн. Тэр хүүхэд хүүд маань өс хонзон санадаг юм шиг байна лээ.
-Ц.Амгаланбаатар яагаад хүүд тань өш хонзон санах болов?
-Мэдэхгүй. Ц.Амгаланбаатарыг хоёр, гурван настайгаас нь эмгэн, өвгөн хоёр өргөөд авчихсан. Түүнийг бөмбөрүүлж өсгөсөн байх. 11, 12-той байхад нь манайх тэдний хажуунаас нүүж явсан. Түүнээс хойш Ц.Амгаланбаатарыг хүн алаад шоронд орсон гэж дуулж байсан. Ойр дотно байгаагүй.
-Хүүтэйгээ уулзаж байгаа юу?
-461 дүгээр хорих анги их хатуу дэглэмтэй юм билээ. Олон нялх хүүхдүүд нь ч үнсүүлж чадахгүй. Уулзахаараа шилний цаанаас 15 минут уулзаад л аваад явчихна. Сүүлийн үед хүү маань нүдний хараа, зүрх нь муудаж, гар нь салгалдаг болсон байна. Гэтэл хуулийнхан эрүүл байгаа гэдэг.
Т.Хүрэлбат: НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ХҮН ИЙМ ХЭРЭГ ХИЙНЭ ГЭЖ ЭРҮҮЛ ХҮНИЙ УХААНД БАГТАХГҮЙ
-Дүүг маань анх нэг жил гурван сарын өмнө ажилдаа явахаар автобусны буудал дээр зогсч байхад нь хүмүүс ирж баривчилсан байсан. Бид нэлээд эрсний эцэст тагнуулынхан барьсан гэдгийг мэдсэн. Ц.Амгаланбаатар Т.Чимгээгийн нөхрийн талын хоёр хөгшний өргөж авсан хүүхэд. Тэр хүн л дүү рүү маань хоёр жилийн өмнөөс мессэж бичиж эхэлсэн байсан. Дарамталсан утгатай. Т.Чимгээ түүнийг нь нэг их тоодоггүй. Гэтэл Ц.Амгаланбаатарын гүтгэлгээр дүүг маань өнгөрсөн жил баривчлаад хорьчихлоо. Хэрэг гардаг жил манай дүү гурван хүүхэдтэй. Хамгийн бага нь хоёр настай байсан. Тийм хүн тийм хэргийг хийх гээд явна гэдэг ямар ч эрүүл хүний ухаанд багтахгүй. Бядтайхан, том хүн хийх байлгүй. Тэгэхээр энэ бол ямар ч үндэслэлгүй хэрэг. Бүтэн жилийн хугацаанд цагаатгаад гаргах байх гэж хүлээлээ.Бид нэг жилийн хугацаанд хуулийг хүндэтгэсэн. Дээрээс нь тагнуулынхан дүүгийн ар гэрийнхэн бидэнд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгөхийг хориглосон. Яагаад нууц байдгийг ойлгохгүй байна. Гэтэл одоо прокурорын ярьж байгаагаар хэрэг шүүхэд шилжиж байгаа гэсэн. Энэ нөхцөл байдлыг харахаар энэ хэргийг илрүүлэх биш хэн нэгэнд үүрүүлэх гэсэн процесс явагдаад байна. Нэлээд хэдэн жилийн өмнө энэ хэрэгт холбоотой гээд нэг хүнийг гадаадаас барьж авчирсныг та бүхэн санаж байгаа байх. Тэр хүнд үүрүүлж болохгүй болохоор ядарсан хүмүүст хэргийг тохож хаах сонирхол хэн нэгэн эрх мэдэлдтэй хүмүүст байна. Хэрэг хүлээлгэхийн тулд дүүгийн ар гэр, хөгшин настай ээжид маань хүртэл их дарамт ирж байгаа. Утас байнга чагнадаг. Ээж маань 75 настай хөгшин Дорноговь аймагт амьдардаг. Ээжийн маань гэрийг дөрвөн том хар машинтай 20 орчим залуу очиж нэгжсэн. Тагнуулын байгууллага юм бол тэр шовгор ганц гэрт хэн амьдарч байгааг мэдэж баймаар. 20 залуу очиж байна гэдэг зүгээр л дарамт. Нууж байгаад хөшигний цаана ядарсан хүмүүст үүрүүлэх процесс явагдаад байна.
-Чимгээ тухайн үед хаана байсан бэ?
-Дүү маань Дорноговь аймагт амьдарч байгаад тэр жилийн 10, 11 сарын үед Эрдэнэт рүү шилжиж байсан юм билээ. Хэзээ шилжсэн өдрөө санахгүй байгаа. Гэхдээ хүүхдийн сургуулийн хувийн хэргийг шилжүүлсэн хуулбараар нотлогддог. Уг баримтыг нөхөр нь олж аваад явж байхдаа хулгайд алдчихсан. Ийм л процессууд явагдаж байна. Олон жил шоронд байсан хүн худлаа үнэн хэлж байгаад нэг өдөр ч болов гадуур явчихъя гэсэн санаатай байх нь гарцаагүй. Энэ нөхцөл байдлыг тагнуулынхан шүүрч авч улс төрийн ашиг хонжоо хайсан процесс болгож байгаад харамсч байна. Дүү маань Дорноговь аймгийн театрт бүжигчин хийж байсан, шорон оронд орж байсан хүн биш. Эрдэнэтийн залуутай суугаад Эрдэнэт рүү шилжсэн. Шоронд хоригдсоноос хойш ар гэр нь хүнд нөхцөлд байна. Дүүгийн маань том охин нь ээжийгээ хүнд үзүүлэхээр явж байгаад өнгөрсөн зургадугаар сард зам тээврийн осолд ороод нас барчихлаа. Осол уу, зохион байгуулалттай явдал уу гэдгийг мэдэхгүй. Шоронд байгаа хүнд сэтгэл санааны дарамт болно гээд хэлж чадахгүй байтал тагнуулынхан хүүхэд нь өнгөрчихсөн гээд хэлчихсэн байгаа юм. Энэ процесс ерөөсөө дарамт. Хүний сэтгэл санаагаар тоглож байгаад хэрэг хүлээлгэх гэсэн санаархал. Ямартаа ч бид энэ хэргийн үнэн мөнийг олохын төлөө тэмцэнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.