Хүний зовлонгоор хөлжигсдийн хөлийг боомилж болохгүй юу, ХОТЫН ЗАХИРАГЧ АА

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 11 сар 02 ・ 7

Хүний зовлонгоор хөлжигсдийн хөлийг боомилж болохгүй юу, ХОТЫН ЗАХИРАГЧ АА

Сүүлийн жилүүдэд нийгэм, хүмүүний байдал улам бүр доройтож, мөс чанараа гээсэн хүн дүртнүүд өдөр ирэх тутам олшрон, араа шүдээ хавиралдан, улаа үзсэн араатан лугаа шавааралдах нь юутай их харамсал билээ.
 
Эрээ цээрээгээ алдсан ийм новшийн байдлыг илтгэх олон арван дүр зураг, олон арван жишээг дурьдаж болох ч сүүлийн хэдэн жил хүмүүсийн бухимдлыг хамгийн ихээр төрүүлэх болсон машин ачигч компаниудын тухай хөндөхгүй бол үнэндээ болохоо байжээ. Ядарсан олныхоо нуруун дээр дэвсэлсэн ийм харгис шийдвэрийг гаргасан дарга, даамалтангууд үнэхээр бодит амьдралаас хол тасархай буйн шинж гэж хэлэхээс аргагүй. Хөөрхий нэгэн ядарсан жолоочийн ямбийсан дөрвөн дугуйтыг чирээд “Бод идсэн боохой шиг” тарвалзан довтолгох ачигч машинууд хотын гудамжаар нэг хөглөрөн, өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа замын бөглөрөлийг бүр ч ихэсгэнэ. 
 
 
 
Гэтэл замын талыг эзэгнэсэн банхар том “Жип”-үүдийг чирсэн машиныг та бараг олж хараагүй байх аа! Энэ нь дарга даамал, пүүс, компаний эздүүд зэрэг хөрөнгө мөнгөтэй чинээлэг, эрх мэдэл бүхий томчуулаас гөлөг лугаа жижгэрдэгийн нэг жишээ гэдгийг оршил болгоод гол зүйлдээ оръё. 
 
Машин ачигч компаниудын овоо харааны бай болсон ончтой цэг нь УНТЭ-ийн орчим буюу ЭМЯ-ны харьяа Цус сэлбэлт судлалын Үндэсний төв, Шүүхийн шинжилгээний Үндэсний төвийн шүүх эмнэлгийн хэлтэс, Салах ёс гүйцэтгэх байр зэрэг албан байгууллагууд болж, өвдөж зовсон хүмүүсээ үзүүлэхээр ирсэн, яаралтай хагалгаанд орох болсноос яахын ч аргагүй энэ давчуухан газарт машинаа орхисон жолооч нар илүүтэй нэрвэгдэж байна.
 
Саяхны өдөр хамаатны маань эгч тус эмнэлэгт яаралтай хагалгаанд орох болж, машин тавих талбай олдохгүй тэр орчмыг бүтэн тойрсны эцэст арайхийн мөнөөх газарт машинаа түр тавьсан болоод тавхан минут болоод гараад иртэл машин байдаггүй. Гэтэл гар утсанд “Таны машиныг зөөж шилжүүлэв. Та 60 мянган төгрөгийг тушаан машинаа авна уу. Хас транс, Хас банк, данс ... бэлнээр, дансаар төлж болно” гэсэн цахим бичвэр орж ирснээр чухам юу болсны учрыг оллоо. 
...Ер нь машин ачлаа гээд ямар ахиц дэвшил гарсан юм бэ. Энэ нь зүгээр л найз нөхөд, танил талынхаа хэдэн хүнийг баяжуулах гэсэн муйхар шийдвэр гэж хэлэхэд хилсдэхгүй. Энэ үгийг олон хүний амнаас сонссон болохоор ямар ч байсан үнэний ортой байх. Тэгээд ч ийм бохир бизнесээс төрсөн тэрбумтнууд цөөнгүй байдаг гэсэн. Хэрвээ үнэн бол яаж хоол болох билээ дээ, хөөрхий... 
Энэ үед “Хас транс”, “Ачит Сэлэнгэ”, “Бат зэв”, өөр юу, юу ч гэнэв нэр бүхий компаниудын ачигч машинууд бие биеэсээ өрсөн холхилдож, хүний үнэрээ гээсэн гүйцэтгэгч нар нь жолооч нь хүрээд ирэхвий гэсэн байдалтай ийш, тийш хялавхийлэн маш хурдан шалмаг хөдлөн, хэн нэгнээс зугатах лугаа хурдлан одох нь аргагүй л “Мөнгө цагаан, нүд улаан” гэдгийг санагдуулах авай! Улаанбаатараар нэг дүүрэн бухимдлын дээр машинаа ачуулахын бас нэг бухимдал нэмэгдэж, заримынх нь даралт нь өндөрсөж, сэтгэл санаа нь тавгүйрхэн эрүүл мэндээрээ хохирсон, машинаа хэмхчүүлж эд материалаараа хохирсон гээд л эмгэнэлт жишээ алийг тэр гэхэв. Өнгөрсөн онд өлгийтэй хүүхэд унтаж байхад нь ачаад явсан гэж баахан шуугиад л өнгөрсөн.
 
Гэтэл мөн Салах ёс гүйцэтгэх байрнаас хүнээ авахаар ирсэн жолоочийн машиныг ачаад явчихсан гашуун үнэнч байдаг аж. Нөгөө газар нь хаана байгааг олох гэж өдөржингийн ажил удахын дээр 60 мянган төгрөгийг төлөөд машинаа авчихах бэлтэй нь хэд билээ. Тэгээд хонох тутам мөнгө нь нэмэгдэнэ. Нэгдүгээр эмнэлгээс Замын цагдаагийн газрын орчим буюу “Хас транс”-ын машин сорогч газрыг хүртэл ганц километр ч хүрэхгүй байх. Гэтэл яахаараа бүхэл бүтэн 60 мянган төгрөг байдаг юм бэ. Энэ бол арай дэндсэн шунал юм биш үү. Нөгөө цагдаагийн зөвшөөрөлтэй зөөнө, барина гэсэн нь хаана байна.
 
Машин зөөсөн мөнгөндөө пологтсон байрын пээдгэр нэгнээс “Ямар хүн ачуулсан юм бэ?” гэвэл, “Ганбаатар дэслэгч” гэх. “Тэр хүн чинь хаана байна, яаж уулзах вэ?  гэхэд өөрөө олоод уулзахгүй юу” гэж хэгжүүрхэх. Машин ачигч компануудын ажилчдын харьцааны соёл өнөөдөр нэг иймэрхүү л байна. Ер нь машин ачлаа гээд ямар ахиц дэвшил гарсан юм бэ. Энэ нь зүгээр л найз нөхөд, танил талынхаа хэдэн хүнийг баяжуулах гэсэн муйхар шийдвэр гэж хэлэхэд хилсдэхгүй. 
 
Энэ үгийг олон хүний амнаас сонссон болохоор ямар ч байсан үнэний ортой байх. Тэгээд ч ийм бохир бизнесээс төрсөн тэрбумтнууд цөөнгүй байдаг гэсэн. Хэрвээ үнэн бол яаж хоол болох билээ дээ, хөөрхий. Хотын захирагч аа, та өмнөх дарга нарынхаа сайныг нь цааш үргэлжлүүлж, саарыг нь таягдан хаях тэнхэл гаргаач.
 
Тэгвэл мөн ч олон хүний магнай тэнийх байх даа. Саяхны нэгэн статистик судалгаагаар манай улсын зургаан хүний нэг нь сэтгэцийн өвчтэй гэсэн тоо харагдсан. Одоо бол долоон хүний нэг нь болсон байх аа. Яагаад гэвэл машинаа ачуулсан хүн сэтгэл санааны гүн хямралд ордгийг дашрамд тодотгоод, машин ачиж хотын гудамжыг цэгцлэх нэрийн дор хүний зовлонгоор хөлжигсдөд найр тавиад байх нь зөв үү? Хотын захирагч аа гэж дахин, дахин халаглая!

 

mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: