Эдийн засаг
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 11 сар 07
Улстөрчдийн хувьд сүүлийн үед өөр хоорондоо ярилцаж шийдэрлэхээс илүү олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр үйл ажиллагааныхаа зөв, бурууг хэлэлцэн, хэрүүлийн алим үүсгэдэг болсон.
Эдийн засгийн хүндрэлтэй үед нийгэмд хамгийн ихээр бухимдал үүсгээд буй нь валютын ханш. Одоогийн байдлаар ам.доллар 2440 төгрөг хүрээд байна. Энэ талаар ам нээсэн УИХ-ын гишүүн, Монголбанкны ерөнхийлөгч хоёр ч мөн л хэвлэлээр тулалдаж эхлэв бололтой. Тэдний энэхүү маргаан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд төгрөгийн ханшаа хэрхэн хамгаалж байгаа, гадаад валютын албан нөөц хэд байгаа талаар асуулга тавьснаас үүдэлтэй.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
Аливаа асуудалд сэтгэл хөдлөлөөр, тооцоо судалгаагүй хандаж болохгүйг эрхэм та ойлгож байгаа биз. Монголбанкны бодлого, үйл ажиллагаа Монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд хохирол багатайгаар даван туулахад чиглэж буйг УИХ-д танилцуулсныг та сайн мэдэж байгаа. Харин эрхэм УИХ-ын гишүүн таны хэлж буй шиг Монголбанк болон миний бие зүгээр хараад сууж буй мэт ойлгогдсон бол маш том үл ойлголцол болжээ. Бодлогын хүүгээ ч өсгөхгүй юм байна, интервенцээ ч хийхгүй, ер нь юу ч хийхгүй юм байна хэмээн та намайг буруутгасан нь сэтгэлийн хөдлөлөөр хийсэн дүгнэлт биз...
...Ханшин дээр тулгарч буй өнөөгийн дарамт нь Монгол Улсыг чиглэх гадаад валютын урсгал саарсан, улсын төсөв ихээхэн хэмжээний алдагдалтай байгаа, гадаад өр төлбөр зэрэг олон асуудалтай холбоотойг та надаар хэлүүлэлтгүй мэднэ. Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшаа хамгаалахын тулд бодлогын хэд хэдэн арга хэмжээ авсныг ч та мэднэ...
...Миний хэлсэн зүйл гэвэл нэгд, өнөөгийн нөхцөлд төгрөгийн ханшаа хамгаалахын тулд бодлогын хүүг цаашид нэмэгдүүлэх боломж шавхагдсан байна, Та ч үүнтэй санал нийлэх байх. Хоёрт, эдийн засгийн суурь хүчин зүйлс муудаж буй нөхцөлд төгрөгийн ханшаа дан ганц интервенцийн аргаар хамгаалах нь валютын нөөцийг шавхах эрсдэлтэй юм. Гэтэл валютын ханшийг зохицуулах интервенцийн бус олон арга байгааг бид дутуу ашигласаар иржээ. Тухайлбал, валютын захын дэд бүтцийг хөгжүүлэх, оролцогчдын мэдээллийн тэгш бус байдлыг арилгах, бирж байгуулах нь чухал юм. Гуравт, дан ганц мөнгөний бодлогоор төгрөгийн ханшийг хамгаалах боломжгүй юм.
Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах асуудлын шийдэл нь юуны түрүүнд улсын төсвийг илүү сахилга баттай болгох, экспортын орлого болон гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтыг сайжруулах ажлаас эхэлнэ. Бид эдийн засагт үүссэн өвчнөө эмчлэхгүйгээр илэрч буй шинж тэмдэг болох ханшийг хичнээн буруутгаад нэмэргүй билээ.
Төв банкны ерөнхийлөгчийн хувьд би мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ зах зээлд суурилсан хэрэгслүүдийг голлон ашиглана гэдгээ удаа дараа цохон тэмдэглэж байгаа.
Харин таны зөвлөж байгаа шиг долларын хадгаламжийг хориглох замыг бид сонгохгүй гэдгээ УИХ-ын чуулган дээр албан ёсоор илэрхийлсэн.
Эцэст нь хэлэхэд, бид эдийн засаг, валютын захын нөхцөл байдлыг маш анхааралтай ажиглаж байна. Монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангахад шаардлагатай арга хэмжээг тухай бүр Засгийн газартай хамтран авах болно гэдэгт та бүрэн итгэж болно.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
Нээлттэй захидал хүлээн авлаа. Монголбанктай холбоотой асуудал хөндөхдөө би эдийн засагч хүний хувьд, салбарынхаа эрдэмтдийн төлөөллийн хувьд эдийн засгийн ухааны онол, практик, олон улсын туршлага, чиг хандлага, Монгол Улсын онцлог, тодорхой тоо баримтад үндэслэсэн юм. Асуудалд сэтгэл хөөрлөөр хандсан гэвэл ташаа болно. Би танаас зөвхөн шаардах төдий бус, таны ажлыг дэмжиж бодит саналууд дэвшүүлсэн юм. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танаас ард иргэд тайлбар бус, ажлын бодит үр дүн хүсэн хүлээж байгаа. Таны ажлын бодит үр дүн Монгол төгрөгийн ханш, худалдан авах чадвар хэр байгаагаар хэмжигдэнэ. Ухаантай, зоригтой, зоримог, шударга ажиллавал та чадна. Ашиг сонирхлын зөрчилтэй арилжааны банк бизнес, улс төрийн нөлөөнд ажиллавал та чадахгүй, хариуцлагаа хүлээнэ.
Эх сурвалж:
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.