Хятадын соёлын стратеги ба Монгол Улс

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 11 сар 09 ・ 4

 

Нангиадын ертөнцөд хэзээнээс нааш “Соёл” хэмээх ойлголт агуулгын болоод хэлбэр талаасаа нөлөөлөх нөлөө, жин, үнэ цэнээрээ гойд өвөрмөц бөгөөд бидний төдийгүй хятад бус бүхий л үндэстэн ази, америк, европ хүмүүсийн “соёл” хэмээх ухагдахуунаас төсөөлж ч байгаагүй том ойлголт байсан, байсаар ч ирсэн, байсаар ч байх бололтой.
 
Учир юу гэвэл Хятадын соёл гэдэг энэ улсын бүхэл бүтэн таван мянган жилийн түүхийг өнөө цагт дамжуулах цорын ганц өв сан бөгөөд түүнийг эзэмшигч нь түүхээ залгамжлагч мөн гэдгээ илтгэж байдагт оршиж байна. 
 
Улирч одсон олон мянган жилийн туршид Хятадын үе үеийн хаад түүх, соёлын өв сангаа цусан зам татуулаад ч болсон хурааж хадгалсаар ирсний учир ч энд байна.
 
Хятадын өв соёлын цөмийг багтаасан “qu tang” буюу хаадын музей нь тус улсын асар үнэ цэнт соёлыг гадаад дотоодод сурталчилдаг улсын чухал объект бөгөөтөл өнөө цагт Бээжин, Тайпэй хоёр газарт нэгэн адилхан “qu tang” зэрэгцэн оршиж буй юм. Энэ нь хөнгөхнөөр бодвол Хятад, Тайваньд байдаг музей төдий л хэрэг.
 
Харин Хятадын Засгийн газрын хувьд хоёр “qu tang”-ын ховорхон орон зай нь Хятад орныг 2 хуваасан ХКН болон Гоминданы намын дотоод тэмцэл хараахан дуусаагүй байгаа гэдгийн баталгаа юм.
 
Хоёр хуваагдсан эл музейн хувь заяа багагүй ээдрээтэй зам туулсан байдаг. Чин улсын эзэн хааны коллекци болох qu tang нь 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгалаар Дундад улсад хадгалагдах болж улмаар шинэ Хятад улсын хаадын музей болсон билээ. Гэвч Хятад Японы дайны үймээн самуунаар урт удаан хугацааны турш ийш тийш ачигдах болжээ.
 
1933 онд 13 мянган хайрцаг түүх соёлын дурсгалт зүйлсийг галт тэргээр Шанхай руу ачсанаас хойш Хунань, Сычуань мужуудад байж байгаад 1947 онд Нанжинд иржээ. Улмаар цаг төрийн үймээн самуунаас болоод 3 мянган хайрцаг эд өлгийн зүйлс усан онгоцоор тээвэрлэгдэн Тайваны аралд ирсэн байдаг. Үүнээс хойш эх газрын шинэ Хятад улс Бээжинд “qu tang”-ыг дахин цогцлоосон удаатай. Тайваньд 1965 онд Тайпэй хотод гоёмсог өргөөнөө цэгцлэн байгуулжээ.
 
Гэтэл 60 жил салангид байсан 2 “qu tang” 2009 онд “уулзах” улс төрийн түүхэн том алхам хийгдлээ. Бээжингээс Чин Улсын 5 дугаар хаантай холбоотой 30 гаруй үзмэрийг нийлүүлсэн нийтдээ 246 үзмэр бүхий асар том үзэсгэлэнг нээсэн байна.
 
Нээлтийн ёслол дээр албаны хүн баяр хүргэж үг хэлэхдээ “Энэхүү 2 qu tang-д үндэс нэгтэйн хүчирхэг хүч буй. Хятад, Тайваны ард түмэн хүйн холбоотойн дээр харилцан бие биенээ нөхөх чанарыг эндээс харж болно” гэж онцолжээ. Үүнээс харахад Хятадууд Тайваны “соёлын нэгдэл”-ийг бодит нэгдлээс нь түрүүлж биежүүлэх томоохон алхам хийж байгаа нь энэ юм.
 
Ерөөс Хятад улс Тайваныг хэчнээн нэгтгэе гэж хүсэмжлэвч ардчилсан Тайвань улсын ард иргэдийн санаа бодлыг эргүүлэх нь амар хялбар биш тул хүчээр нэгтгэх санаархал дээр л тулж очих билээ. Гэвч үүнээс өөрөөр мэргэн арга бас бий юм.
 
ХКН-ын удирдагч Ху жин Тао 2008 оны сүүлээр Тайваны талаар баримтлах 6 зүйлт улс төрийн бодлогоо илэрхийлсний нэг нь соёлын харилцааг хөгжүүлэх асуудал байлаа. Тэрбээр “Соёлын бүхий л төрлөөр харилцаагаа урагшлуулах нь хятад үндэстний агуу их хүсэл мөрөөдлийг хамтад нь биелүүлэх оюун санааны хүч болох учиртай ” гэж тодорхой өгүүлжээ.
 
Хятад, Тайваны соёлын харилцаа энэхүү үзэсгэлэнгээс гадна 2005 оноос улс төрийн намуудын форумаар соёлын асуудлыг гол сэдэв байлгахаар тохиролцсон явдал юм. Мөн Хятад, Тайваны кино одууд зэрэгцэж суугаад Хятадын соёлын нэгдмэл чанарыг хөндөж ярих болов. Хоёр улсад хэрэглэгдэж байгаа ханз үсгийн хялбаршуулсан, эс хялбаршуулан ондоошсон бичлэгийг ижилсүүлэх асуудал мөн хөндөгдөж “2 орны соёлын харилцааг бүхий л талаар эрчимжүүлж, хятадын соёлыг харилцан уламжилж хөгжүүлэх” бодлогоо тодорхойлжээ. Тайваныг нэгтгэх Хятадын бодлого маш чинжүү бөгөөд уран юм.
    
Хятадын өмнөд хэсгийн олон үндэстэн ястан оршин суудаг, ялангуяа тайваньчуудтай угсаа гарвал нэг хүмүүс олноор амьдардаг Фуцзянь мужид Тайваньтай соёлын аж үйлдвэрлэлийн үзэсгэлэн зохион байгуулсан нь “Фуцзяньтай Тайвань угсаа гарвал нэг” гэдгийг илэрхийлсэн санаа биз ээ. Эртний Хятадын “цус уснаас илүү өтгөн” хэмээх цэцэн үг буй. “Хятад цус” дээр суурилсан хятадын соёлын стратеги манай улсад ч хүчтэй байгааг хэлэх нь зөв байх.
 
Монголын соёлын өвийг дэлхийн өвд Хятад улс өөрийн нэр дээр бүртгүүлэхээр их ажил өрнүүлж байгаа нь зүгээр нэг тохиолдлын, санамсаргүй хэрэг бус БНХАУ-ын улс төрийн бодлогын цөм стратеги мөн. Язгуурынхаа бодлогоо л баримталж буй хэрэг.
 
Ерөөс эрт цагаас хятадууд Монголыг хойд зүгийн зэрлэгүүд гэсэн дорд утгатай ханз үсгээр оноон тэмдэглэж ирсэн байдаг. Энэ нь хятадыг иргэншилт улс гэж, бусад хавь ойрын харь үндэстэнг харанхуй, бүдүүлэг, зэрлэгт багтааж байж өөрсдийгөө соёлтой хэмээн баталж ирсэн. Энэ тухай японы алдарт зохиолч Шиба Рёотаро бүтээлдээ олонтоо тэмдэглэж ирснийг миний бие орчуулан уншигчдад хүргэж байсан билээ.
 
Одоо хүртэл БНХАУ Монгол Улсыг “menggu” хэмээх дуудлага бүхий ханз үсгээр оноон тэмдэглэж буй. “meng” гэдэг нь оюун ухаан дутмаг, нээгдээгүй бүдүүлэг харанхуй гэсэн утгатай, “gu” гэдэг нь өвгөрч хуучирсан өнө эртний гэсэн агуулгатай.
 
Энэ нэрийг Юан улсын үеэс хэрэглэж эхлэн Чин улсын үеэс албан ёсны нэр болсон бөгөөд эл доромж утга бүхий нэрийг эелдэгхэнээр эсэргүүцэх Монгол хүн, дипломат аргаар ч болов эсэргүүцлээ илэрхийлэх төр засаг үгүй тул өнөө цаг үед хүртэл “menggu” хэмээн нэрийдсээр байна. Төр засгийн төлөөлөгчид маань “Menggu улсын төр засгийн төлөөлөгчид тавтай морил” гэсэн бичвэрийн дор хятад ахан дүүстэйгээ гар барин мэндчилнэ. 
 
Хоёр Монгол хүн бие биенээ мангуу гэж дуудахыг хараад миний бие яс хавтайж явдаг билээ.
 
“Монголчууд хэзээнээсээ ханз үсгийг үл тоомсорлодог, бас тайлбар төдий ч атугай татгалзах байдал гаргадаггүй тул энэ нэрийг ихэд эсэргүүцэж буй тухай миний бие сонссон удаа үгүй” гэж Шиба Рёотаро “Монгол таталбар” өгүүллэгтээ бичсэн нь бий. 
 
Нөгөө талаар манай эрхтэн дархтнууд Төрийн өмнөөс гэрээнд гарын үсэг зурахдаа ханз үсгийн ил хийгээд далд утга чанарыг сайтар судалсан, өөрөө мэддэггүй гэхэд өрөөлөөр чанд судлуулсан л байдаг байгаа даа. Кинон дээр гардаг Богд шиг би чинь юун дээр зурчихав даа гээд сууж байдаг юм биш биз... 
 
Соёлоор дамжуулж “цаад” улсынхаа ард иргэдийн оюун санааг угаах арга эртний Ромоос эхлээд одоо ч хүчтэй хэвээр.
 
Америкчууд холливуудын соёлоор дамжуулж өөрсдийн Life style-аар бидний сэтгэл зүрхийг түрэмгийлж, америкчуудын амьдралын хэв маягийг алхам тутамд зөвтгөх, францчууд дэлхийд гайхагддаг соёл, иргэншилтэй улс гэдгээ франц хоол, франц хэл, соёлоор дамжуулан түрж, англичууд олон улсын хамтын нөхөрлөлийн бүхий л байгууллагаар дамжуулан англи хэл, соёлоо сурталчилж байна. 
 
Манай телевизийн бүхий л сувгаар Солонгосын өшөө хонзонгийн дуурь өглөөнөөс орой хүртэл үргэлжилнэ. Энэ бүхнээс харахад соёл хэмээх ойлголт ухагдахуун хэдэн дуучин хүүхэн, зураач хархүү, яруу найрагчид зэрэг билэг танхайтны асуудал төдий бус, улс орны улс төрийн стратеги, “хар хайрцаг”-ны бодлого, үндэсний аюулгүй байдал, цаашлаад оршин тогтнохуйн асуудал билээ.
 
Өвөр Монголын Одон телевизийг асаахуй халх аялгаар гингэнүүлэн дуулж, Сэвжид гуайн дэглэсэн бүжгийг бүжиж, эгээл Норовбанзад гуайн танил дотно хоолой цангинах шиг болно. Тэр байтугай цэвэрхэн халх аялгаар ярихыг хичээж буй хүн олонтоо үзэгдэнэ. Энэ даяаршил мөн үү.
 
Өвөр Монголчуудын дуу хуур бүжиг наадмын хувцас, хэрэглэл манай дуу бүжгийн чуулгынхнаас ер дордох юм алга байна. Хэдхэн жилийн өмнө ихээхэн ялгаатай байлаа. Хөх хотод сүндэрлэх Чингис хааны маань сүрлэг хөшөө дурсгал сэлтийг харсан гадаадын жуулчид Монгол үндэстний язгуурын голомт энэ байна гэж ойлгох жишээтэй.
 
Ийнхүү БНХАУ-ын соёлын бодлого, стратеги эдийн засгийн бодлогоосоо ч илүү уран, тодорхой, ойлгомжтой бас хүчирхэг байна. Их далайд цайран харагдах хүчирхэг хөлөг онгоц мэт хүрэх газар, хийх ажил нь тодорхой, харин манай улсын соёлын бодлого далайд шидсэн зомгол хаашаа ч хамаагүй хөвөх мэт хөөрхийлөлтэй, гашуун ч гэсэн үнэн. 
 
Өөрсдийн өв соёлоо Монгол Улсын нэр дээр бүртгүүлэх ажил хуучнаа бодвол ахицтай байгаа нь сайн хэрэг гэхдээ л соёлын хувьд бид хуучин ойлголтоосоо салж, Оюутолгой Таван толгойгоос илүү Монголчууд бидний хэн ч халдашгүй дархан өмч гэдгийг ухаарч,  халдсан хойно нь бархирч гүйх бус халдахаас нь өмнө зорилготой, бодлоготой ажиллахгүй бол эхлээд соёлыг нь, дараа нь аяндаа ... гэсэн улс төрийн холыг харсан бодлогын золиос болоод үлдэх вий. 
 
2010 он
 
Орчуулагч, Япон судлаач О.Жаргалсайхан

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 11 сар 10/

    Бид өчүүхэн зүйл дээр хэрэлдэж хэмлэлцэж байхад бидний том эрх ашиг нурж бүр устах аюул нүүрлэсэн байна.энэ олон их дээд сургууль оюутан гэх залуучуудаа сайн цэнэглэж өгөмөөр байна даа. БСШУЯ Боловсролын газар Соёлын байгууллагууд хэдэн амбиц хөөсөн нөхдийн цуглуулага боллоо. Тэнд чинь бодлого ярьда

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 10/

    маш зөв асуудал хөндөгдсөн байна.найрсаг харилцаа байлгүй яахав вэ гэхдээ цаад улс орны цаад нягуур санааг олж харьцах нь чухал болов уу. ГХЯ, ТЕГ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гээд энэ асуудлыг цогцоор нь судалдаг хянадахг байгууллага байдаг гэж боддог гэхдээ санаанд хүртэл ажиллахгүй байна. Төри

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 09/

    Сайн нийтлэл.Бид бүгдийн бодож,тунгаах чухал асуудал байна.

    1
    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 09/

    Хужаа гэдэгтээ адилхан байлаа

    Хариулах