Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 11 сар 28
・ 2

Шарх угаах зориулттай перкисийг судсаар шахаж байсан хувийн эмнэлгийн зөрчлийг Мэргэжлийн хяналтын газраас илрүүлжээ. Тодруулбал Баянгол дүүргийн гуравдугаар хороо буюу төмөр замын ойролцоох “Грейс” төвд үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг бариа засал, соронзон резонанс аппаратын оношлогоо хийдэг байжээ. Тухайн эмнэлгийн эмч Ц нь тусгай зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр уг эмнэлгийг ажилуулж байсан аж. Ингэхдээ эмийн санд бэлтгэн найруулдаг, шарх угаах, гадуур хэрэглэх зориулалтай устөрөгчийн хэт исэл буюу перкисийг өвчтөнүүдийн судсаар шахаж байсан аж. Тэрээр устөрөгчийн 3 хувийн 1 мл уусмалыг хордлого тайлах, шингэн сэлбэх зориулалттай 0.9 хувийн 250 мл натрийн хлоридын уусмалтай холиод, хүний биед венийн судсаар хийж байсан зөрчлийг мэргэжлийн хяналтын байцаагч нар илрүүлсэн байна.
Перкисийг судсаар шахсанаар хүнд хэлбэрийн хордлогод орох, цаашлаад амь насаа алдаж ч болзошгүй аж. Тиймээс уг эмнэлгийн үйл ажиллагааг хааж, хэргийг холбогдох байгууллагууд шалгаж эхлээд байгаа юм байна. Уг эмнэлэг нь сүүлийн хоёр жилд ийнхү перкисээр эмчилдэг гэх яриа гарч байжээ. Мөн тус эмнэлгээр үйлчлүүлээд биеийн байдал нь дордсон өвчтөнүүд хүртэл байгаа юм байна.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.