Хүний аминд хүрсэн "Петро Чайна Пачин Тамсаг"-т ямар хариуцлага тооцох бэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 11 сар 29 ・ 6

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компанийн ажилчид их хэмжээний шингэн зүйл ууж хордсон ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, уг хэрэг энэ сарын 26-нд гарсан бөгөөд тус газарт холбогдох ажлын хэсгийнхэн ажиллаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авчээ. “Зөв боломж” компанид ажилладаг 26-43 насны 21 хүн агуулахад хадгалагдаж байсан шингэнийг архи хэмээн андуурч ууснаас дөрвөн хүн нь төд удалгүй нас баржээ. Бусад нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Ингээд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, тагнуул, цагдаа, эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн баг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн 19, 21 дүгээр талбайд үзлэг шалгалт хийж, хүн хордуулсан шингэнийг хураан авчээ. Уг шингэнээс дээж авч Шүүх эмнэлэг, МХЕГ-ын төв лабораторид шинжилгээнд илгээсэн байна.

Тус компани өмнөх зөрчлөө арилгахгүй байсаар ийнхүү залуусын амь насанд хүрсэн юм байна. Тодруулбал Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн аравдугаар сард хяналт шалгалт хийхэд “Петрочайна Дачин Тамсаг”-ын туслан гүйцэтгэгч болох  “Зөв боломж” компани нь ажиллагсдын нийгмийн баталгаа, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг зөрчсөн нь тогтоогджээ. Тиймээс тус компанийн үйл ажиллагааг түр зогсоож, зөрчил арилгах албан шаардлага хүргүүлсэн байна. Гэтэл энэ  компани мэргэжлийн хяналтын байцаагч нарын шийдвэрийг үл тоон зөрчлөө арилгахгүйгээр, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж дур мэдэн ажилласаар байжээ. Учир нь дээрх шалгалтын үед химийн гаралттай бодисыг агуулахад ил задгай хадгалж байсныг илрүүлсэн аж. Гэтэл дээрх зөрчлөө арилгахгүй байж байтал компанийн ажилтан залуус нь архи уух хүсэлдээ хөтлөгдөн тус шингэнийг ууж хордож, зарим нь амь насаа алдсан ноцтой хэрэг гарчихсан байгаа юм.  Дорнод аймгийн Тамсагийн сав газарт газрын тос олборлож буй БНХАУ-ын “Петрочайна Дачин Тамсаг” компанийг өмнө нь Матад сумын байгаль орчинд хохирол учруулсныг тогтоож тус компанид 1,3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байдаг.

Уг нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулиар байгалийн баялгийг сорчлон ашиглахыг хориглодог. Гэтэл “Петрочайна Дачин Тамсаг”- ийнханд энэ хууль үйлчилдэггүй. Тэд зөвхөн газрын тосоо олборлон бусад дагалдах баялаг буюу байгалийн хийг нь агаарт дэгдүүлэн хаядаг байна. Энэ бол “Петрочайна Дачин Тамсаг” компанийн Монголын төдийгүй хүн төрөлхтний эсрэг хийж буй экологийн гэмт хэрэг гэж ойлгож болно. Тус компани нь хятад ажилчидааа өндрөөр үнэлж, монгол ажилчдын хөдөлмөрийн хөлсийг шударгаар үнэлдэггүй,  ажиллагсдын нэмэгдэл хөлсийг тооцон хуулийн дагуу олгодоггүй зэргээр Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтолцоо, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл нь чанарын баталгаагүй, тоног төхөөрөмжийн болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн хэвээр ажилласаар байдаг.

“Петрочайна Дачин Тамсаг” ийнхүү монголчуудыг үл ойшоон, Монгол төрийн хуулийг үл хүндэтгэсэн үйл ажиллагааг анхнаасаа явуулж байсан нь Монголын төр чадваргүй байгаагынх уу, Хятад компаниуд манайд ийм давруу ажилладаг тод жишээ юу.  Үе үеийн засгийн газрын ивээлд багтдаг, төрийнхнөөр хамгаалуулсаар ирсэн энэ компани нь давралт хэтэрсээр ийнхүү Монгол залуусын аминд хүрлээ. 20 гаруй хүний эрүүл мэнд, тав, зургаан хүний амь настай холбоотой зөрчил гаргасан уг компанийг манай хууль яаж шийтгэх бэ.

Г.Наран  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 11 сар 30/

    Хятадын олон жижиг, том команиуд болон иргэдийг цэгцлэх хэрэгтэй. Монголчууд, тэр тусмаа орчуулагч нэртэй хүүхнүүд санхүүгийн дэмжлэгтэйгээр хятад эзэдтэйгээ хамтран амьдрагч болж байна да зайлуул.

    1
    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 29/

    Монголчуудын амыг ангайлгаж дарж байгаад архи цутгаагүй юм байгаа биздээ,архины дон шүгэлсэн,архинд толгойгоо мэдүүлсэн улсын хохь нь болохоос өөр яахав,заавал буруутан олох гээд байгаа бол тавьсан шаардлагынхаа ардаас хяналт тавиагүй улсын буруу их байгаа тэдэнтэй хариуцлага тооц.

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 29/

    Улаан сайд л сайн мэдэх хүн дээ

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 29/

    Улаан сайд л сайн мэдэх хүн дээ

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 29/

    Архины донт эрчүүл амьд явахаа боддоггүй дээ. Малууд үхэх нь үхэж л байхаас

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 29/

    nice

    Хариулах