Хятад эмэгтэйн худалдсан метилийн спирт дөрвөн хүний аминд хүрлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 11 сар 29 ・ 3

Дорнод аймгийн Халх гол суманд газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компанийн 21 ажилтан үл мэдэгдэх шингэнд хордож, улмаар дөрөв нь нас барсан талаар өмнө нь мэдээлсэн.

Энэ талаар ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг нар өчигдөр мэдээлэл хийв. “Зөв боломж” компанийн ажилчид махны агуулахад байсан шингэнийг архитай андууран найруулж уусны улмаас хордсон гэдгийг ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэв. Энэ сарын 27-ны өдрийн байдлаар 21 хүн хордсон гэж мэдээлж байсан бол өчигдрийн байдлаар энэ тоо 23 болж нэмэгдлээ. Хордлого авсан ажилчдын дийлэнх нь 20-30 насных бөгөөд биеийн байдал харьцангуй тогтворжсон хэдий ч нүдний салст бүрхэвч хавагнах, нүд бүрэлзэх, ам цангах зэрэг шинж тэмдэг илэрч байгааг албаныхан онцоллоо. Түүнчлэн урьдчилсан байдлаар метилийн буюу техникийн спирт уусан байх магадлалтай гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ бодис нь хүний биеийг үхэлд хүргэдэг аюултай шингэн аж. Нарийн биохимийн шинжилгээний дүнг МХЕГ гаргах юм байна. Тэдний хэрэглэсэн бодисыг одоогоор цагдаагийн байгууллага хураан авчээ. Улаанбаатар хотоос очсон шуурхай ажлын хэсгийнхний өгсөн мэдээллээр ажилчдын хордсон бодисыг тус компанид гаднын иргэн нийлүүлжээ.

Тодруулбал, хүнсний ногоо нийлүүлдэг хятад эмэгтэй таван литрийн савтай метилийн спирт гурвыг оруулж ирснийг шалгалтаар тогтоосон бөгөөд өөрөө хэргээ хүлээсэн байна. Хордсон иргэдэд хийсэн шинжилгээгээр техникийн спиртийн хордлого гэсэн онош гарчээ. Үүнд нь техникийн цэвэрлэгээнд ашигладаг этил, метил болон бусад бодис багтдаг аж. Лабораторийн шинжилгээний дүн, хордсон иргэдийн эмнэлзүйн шинж тэмдэгтэй таарч байгааг ЭМЯ-ны Хордлого судлалын ерөнхий мэргэжилтэн доктор, профессор С.Юндэн хэллээ. Хордсон ажилчдад одоогоор цус цэвэршүүлэх, хоргүйжүүлэх эрчимт эмчилгээ хийж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 11 сар 30/

    Монголчуудыг маань хомроглон хорогдуулах төлөвлөгөө явагдаж байгаа юм бишүү.Энэ мэтээр "төхөөрөөд"байвал цөөхөн Монголчууд минь мөдхөн газрын хөрснөөс арчигдана гэдгийг дээр минь байгаа нөхөд мэдэж баймаар,сайн шалгах хэрэгтэй байна.

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 30/

    Хятадын олон жижиг, том компаниуд болон иргэдийг цэгцлэх хэрэгтэй. Монголчууд, тэр тусмаа орчуулагч нэртэй хүүхнүүд санхүүгийн дэмжлэгтэйгээр хятад эзэдтэйгээ хамтран амьдрагч болж байна да зайлуул.

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 29/

    Хятадын хор уугаад л үхээд бай даа.Тэнэгүүд минь

    Хариулах