Ц.Оюунжаргал: Нэг төрлийн бүтээгдэхүүнтэй дунд хэмжээний компаниуд хямралд хамгийн хүчтэй цохигддог

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 06 ・ 1

Глобал стратеги менежмэнт институтийн захирал Ц.Оюунжаргалтай ярилцлаа.


-Хямралын үед жижиг дунд компаниуд яг ямар арга хэмжээ авбал тэсч үлдэх боломжтой вэ?

-Хямралын үед ер нь бүх компани стратегиа эргэж харах ёстой. Учир нь эдийн засгийн өсөлтийн үед боловсруулсан дунд хугацааны стратегиараа явах боломжгүй. Өмнө нь эдийн засаг өснө, тэлнэ гэсэн төсөөллөөр зохиож байсан учраас эргэж харахаас аргагүй гэсэн үг. Хэцүү үед компаниуд тодорхой зарчмуудыг барьж ажиллахаас аргагүйд хүрдэг. Зардлаа хэмнэх бол хамгийн түрүүнд хийх ёстой ажил. Нэг төрлийн бүтээгдэхүүнтэй дунд хэмжээний компаниуд хямралд хамгийн түрүүнд хүчтэй цохигддог. Учир нь хямралын үед ганцхан бүтээгдэхүүнээс хамаарах ёсгүй гэсэн зарчим үйлчилдэг. Бүтээгдэхүүнээ аль болох төрөлжүүлбэл зүгээр. Эдийн засгийн өсөлтийн үед гаргаж байсан бүтээгдэхүүн хямралын үед хүссэнээр нь борлогдохгүй байх эрсдэл өндөр. Тэгэхээр эдийн засгийн хэмнэлттэй үйлчлүүлэгч, зах зээлд зориулсан бүтээгдэхүүн гаргахад анхаарах хэрэгтэй. Шинээр бүтээгдэхүүн гаргаж болно. Эсвэл өмнө нь гаргаж байсан бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодлыг жижигсгэх хувилбар байж болно.

-Хямралын үед юмны үнэ эрс буурдаг гэдэг ч манай компаниудын ихэнх нь бараа бүтээгдэхүүнийхээ үнийг эдийн засаг өндөр өсөлттэй байх үеийнхээсээ нэг их буулгахгүй байгаа. Энэ хэр зөв хандлага вэ?

-Олонхи компани эдийн засгийн өсөлтийн үед байсан үнийн бодлогоо хэвээр бариад байгаа нь зөв биш. Зайлшгүй эргэж харах ёстой. Худалдан авах чадвар асар их буурсан энэ үед өндөр үнээрээ явбал зах зээлээс гарах, шинээр гарч ирж буй, хурдтай, ухаалаг бодлого явуулж байгаа компаниудад шахагдах эрсдэл бий. Боломжуудыг хараад, худалдан авах чадварт нийцсэн шинэ юм уу шинэчилсэн бүтээгдэхүүн гаргах нь чухал. Мэдээж нэг төрлийн бизнес, нэг төрлийн бүтээгдэхүүнээс хамаарахгүй байх хэрэгтэй. Ер нь хямралын үед тэсч үлдэх стратегийг л ярих учиртай. Үүнээс гадна стратегийн зөвлөх хүний хувьд компаниуд хямарсан ч гэлээ тодорхой хэмжээнд өсөлтийн стратеги баримтлах хэрэгтэй гэж зөвлөдөг.

-Хүн бүр мөнгөө хэмнээд эхэлчихсэн, олдог хэд нь хумигдсан өнөөдрийн хувьд их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, их ашиг олно гэсэн ойлголт байхгүй байх. Үйл ажиллагааны зардлаа бууруулах хамгийн ухаалаг шийдлийг компаниудад зөвлөөч?

-Өмнөх шигээ ихийг үйлдвэрлэвэл борлогдох зах зээл нь хумигдсан гэдэгтэй санал нэг байна. Өнөөгийн хэцүү нөхцөлд зардлаа хэмнэх үүднээс дотоод үйл ажиллагаагаа автоматжуулж, IT-жуулбал илүү зөв гарц болно. Захиалга борлуулалтаа интернэтээр авч, хийх гэх мэтээр үйлчлүүлэгчтэйгээ ч IT орчинд харилцвал сайн. Ийм компаниуд илүү орчин үеийн бөгөөд үр ашигтай байж чадна. Урд хөрш гэхэд энэ чиглэлд асар том дэвшил хийсэн. Нэг тэрбум гаруй хүний 600 сая нь интернэтээр худалдан авалтаа хийдэг болчихлоо шүү дээ.

-Та түрүүн нэг төрлийн бүтээгдэхүүн, бизнес дээр төвлөрсөн компани өндөр эрсдэлтэй гэж ярьсан. Жишээ нь нарийн боовны жижигхэн цехэд өөр төрлийн бизнес хийх боломж байхгүй шүү дээ?

-Заавал өөр бизнестэй бол гэсэн үг биш л дээ. Нэг төрлийн бизнестэй бол бүтээгдэхүүнээ ангилах хэрэгтэй. Ер нь аливаа бизнес, бүтээгдэхүүнийг саалийн үнээ, од, асуултын тэмдэг, dog буюу нохой гээд ангилчихсан байдаг. Таны асуусанчлан нарийн боовны жижигхэн цех хэд хэдэн төрлийн нарийн боов хийдэг байж таарна. Тэр дундаа саалийн үнээ, од бүтээгдэхүүнтэй байж хямралыг давна. Саалийн үнээ, од болох нь мэдэгдэхгүйг нь асуултын тэмдэг бүтээгдэхүүнд оруулдаг юм. Бүтээгдэхүүний ангиллаа ингээд хийчих, тэгээд алдагдалд хүргээд байгаа dog бүтээгдэхүүн, бизнесээсээ хурдан салах хэрэгтэй. Асуултын тэмдэг бүтээгдэхүүний хувьд саалийн үнээ, од болох уу гэдгийг нь цаг алдалгүй шийдэх ёстой. Dog бол шууд татгалзаад цаашлах ёстой. Групп компанийн хувьд ч ялгаагүй. Алдагдалтай бизнесээсээ татгалзаж байж хямралыг тэсч гарна.

-Дэлхийн компаниудын гүйцэтгэх захирлуудын хамрагддаг хөтөлбөрийг Монголд эхлүүлж байгаа гэж сонссон. Яг ямар хөтөлбөр юм бол?

-“Leadership coaching” гэдэг хөтөлбөр. Хөгжсөн зах зээлд ная, ерээд оноос эхэлж үүссэн үйлчилгээ байгаа юм. Зах зээл өндөр хөгжсөн орнуудын гүйцэтгэх түвшний удирдлагууд, ялангуяа гүйцэтгэх захирлуудыг ийм хөтөлбөрөөр бэлддэг. Ер нь дэлхийн компаниудын хувьд гүйцэтгэх захирлуудаа энэ хөтөлбөрт хамруулж, тав арван жилээр бэлтгэсний эцэст албан тушаалд нь томилдог хандлага бий болчихсон. Би 20 жил ажиллахдаа 15 жилд нь банк санхүү, олон улсын байгууллагад удирдах шатны алба хашсан. Долоон жилд нь “coaching” авч байсан юм. 30, 40 жил менежмэнтийн ажил хийсэн Америк болон Их Британийн зөвлөхүүдээс “coaching” авч асар ихийг сурсан. Удирдагчийг бэлддэг хэрэгсэл гэдгийг олон улсын түвшинд баталсан хөтөлбөр л дөө.

-“Coaching” гэдгээ энгийнээр тайлбарлаач?

-“Coaching” гэдэг бол спортоос орж ирсэн ойлголт. Спортын ертөнцөд тамирчин дасгалжуулагчийн хоорондын харилцаа гэж байдаг. Сайн “coach” буюу дасгалжуулагч байж сайн тамирчин гарч ирж амжилт үзүүлдэг. Яг энэ ойлголтыг бизнест оруулсан хэрэг л дээ. Бизнесийн ертөнцөд менежерүүдийг бэлдэхийн тулд маш сайн дасгалжуулагчид хэрэгтэй гэж үзээд гаргаж ирсэн шийдэл. Гүйцэтгэх захирлуудын асуудал манай улсад төдийгүй дэлхийд ч их байдаг.

-Дэлхий даяар хэрэгждэг, шинэ залуу захирлуудыг бэлддэг хөтөлбөр байх нь ээ?

-Зөвхөн шинэ, залуу захирлууд гэж ойлгож болохгүй. Дэлхийд нэрээ гаргасан Уоррен Баффет, Билл Гейтс бүгдээрээ дасгалжуулагчтай. Дасгалжуулагчидтайгаа зөвлөлдөж байж шийдвэрээ гаргадаг. “Гүүгл”-ийн гүйцэтгэх захирлаар 12 жил ажилласан Эрик Шмидтийг дэлхий андахгүй. “Гүүгл” гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт явуулаад түүнийг сонгож л дээ. “Гүүгл”-ийг үүсгэн байгуулсан хоёр хүн Эрик Шмидтэд дасгалжуулагч санал болгоход нь мань эр “Би хангалттай туршлагатай менежер хүн, яахаараа дасгалжуулагчтай байх ёстой юм” гээд их дургүй байсан гэдэг. Гэтэл “Гүүгл”-ийн хувьцаа эзэмшигчид “Ямар ч байсан ажиллаад үз, гурван сарын дараа асуудлыг эргэж ярья” гэсэн хариу өгсөн байдаг юм. Гурван сарын дараа Эрик “Энэ бол хамгийн зөв шийдвэр байжээ” гэж хүлээн зөвшөөрсөн. Эрик “Гүүгл”-ийг 12 жил удирдахдаа тэр хүнтэй л хамтарч ажилласан байдаг.

-Танайхаас зөвлөгөө аваад амжилттай яваа компаниуд ер нь ямархуу арга хэрэглээд ашигтай ажиллаад байна вэ?

-Компаниудын амжилттай ажиллах зарчмын нэг нь маркетинг бас маркетинг байдаг. Зарим компани үүнийг их сайн ойлгож, эхнээсээ ашигтай ажиллаж байна. Хэд хэдэн компани бүх ажилчдаа борлуулагч болгоно гэсэн уриан дор ажиллаж байгаа. Манайх нэг жижгэвтэр компанид зөвлөгөө өгдөг юм. Саяхан очиход нягтлан нь хүртэл борлуулалт хийчихсэн сууж байна лээ. Компанийнхаа бүтээгдэхүүнийг борлуулбал цалин дээр нь тодорхой хэмжээний бонус нэмдэг урамшууллын тогтолцоо бий болгочихвол маш үр дүнтэй арга.

-Бизнес нь амжилтгүй яваа компаниудын хамгийн гол алдаа нь юу байна?

-Компани сайн эсвэл саар явах уу гэдэг нь шийдвэр гаргадаг хүнээс өндөр хамааралтай байдаг. Тэр хүний алсын хараа, манлайлах ур чадвар, менежмэнтийн чадвартай шууд холбоотой. Орчин цагийн менежмэнтийн ухааныг үндэслэгч Питер Дракерын нэг үг бий. Тэр хүн “Менежерийн хамгийн гол ур чадвар бол зөв хүнийг сонгож зөв албан тушаалд тавих явдал” гэж хэлсэн байдаг. Сайн, саар компаниудыг харахаар алдаа, оноонууд нь эндээ л байгаа харагддаг. Нөгөө талаас багаа сайн бүрдүүлэх ёстой. Ганц сайн хүнээр хол явахгүй. Удирдлагын баг маш чадварлаг байх учиртай. Удирдлагын багийг бүрдүүлэхэд гурван F-ийн зарчим гэж бий. Монголчилбол дотнын найз, гэр бүлийн гишүүн, ухаалаг биш хүнээс хол яв гэсэн зарчим. Ингэж байж илүү мэргэжлийн удирдлагын баг бүрдэнэ. Зарим компани хүнд зориулж албан тушаал бий болгоод байдаг талтай. Эхлээд стратегиа боловсруулж бүтцээ гаргачихаад албан тушаалын шалгуур үзүүлэлт болгоныг гаргах ёстой. Тэгж байж хүний асуудал яригдах учиртай.

-Танайхаас Business leadership forum-ыг “Эдийн засгийн хүндрэлийн үе дэх өсөлтийн боломжууд” сэдвээр зохион байгуулах юм билээ. Хямралыг дажгүй давах хүсэлтэй жижиг, дунд бизнесмэнүүдэд хэрэг болохоор зөвлөгөө, туршлагыг форумын үеэр хуваалцах уу?

-Манайхаас арванхоёрдугаар сарын 5-нд зохион байгуулах форумын үеэр санаа сэдэл авахаар олон сайн туршлагыг сонсох боломжтой. Биднээс зөвлөгөө авч, сургалт, хөтөлбөрт хамрагдаад амжилттай яваа компанийн захирлууд хямралын үед ашигтай ажиллаж буй туршлагаа хуваалцана. Түгээлтийн цоо шинэ үйлчилгээ нэвтрүүлээд амжилттай яваа нэг компани бий. Захирал нь манай “coaching”-ийн хөтөлбөрт хамрагдсаныхаа дараа ердөө сар гаруйхны хугацаанд борлуулалтаа 50 хувиар өсгөж чадсан. Жишээ нь тэр залуу богино хугацаанд үр дүнд хүрсэн туршлагаа хуваалцана. Өмнөговийн бизнес эрхлэгч нэг бүсгүй манай сургалтад суусныхаа дараа олон жил бодсон ч хийж амжаагүй явсан ажлаа эхлүүлсэн. Улаанбаатарт байгуулсан шинэ компани нь төслийн түншлэлийн талбар гэдэг маш сонирхолтой төсөл хэрэгжүүлж байна. Залуусын дунд бизнесийн шинэ саналын уралдаан зарласан юм. Ер нь бол гарааны бизнесийг дэмжих төсөл л дөө. Шалгарсан төсөл энэ компаниас тодорхой хэмжээний санхүүжилт авна. Тэр бүсгүй илтгэл тавихаар болсон. Монголын Хөрөнгийн биржийн арилжааны албаны даргын илтгэл ч сонирхолтой байх болов уу. Өсөлт хийхийн тулд компаниудад санхүүжилт хэрэгтэй. Манай бизнес эрхлэгчид банкнаас өндөр хүүтэй зээл авч, банкны төлөө ажилласаар байгаад дуусдаг. Зээлээс зээлийн хооронд амьдарч яваа нь нууц биш. Хөрөнгийн биржийн илтгэгч санхүүжилтийн өөр ямар боломж байгааг ярина. Банкны зээлээс өөр боломжуудыг танилцуулна гэсэн үг.

Өдрийн сонин Ц.Баасансүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: