Д.Амбасэлмаа: Сэтгүүлч хүн дэврүүн, мэдрэмжтэй байх учиртай

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 08 ・ 1

Соёлын гавьяат зүтгэлтэн Дүгэрийн Амбасэлмаа гуайтай хуучиллаа. Саяхан 85 насны ойгоо тэмдэглэсэн түүний хамтран зүтгэгчид нь бүхэл бүтэн жаран жил сэтгүүл зүйн гал тогоонд явсан гэдгийг нь онцолж байна лээ. Д.Амбэсэлмаа гуай телевизийн олон нэвтрүүлэг бэлтгэснээс гадна Радио, телевизийн дээд сургуульд багшилж, “Сонссоноо уншихуй”, “Үзсэнээ уншихуй”, “Бичсэнээ уншихуй” гэсэн гурван боть ном гаргажээ. Түүнтэй ийнхүү хөөрөлдлөө.


-Таныг бараг 70 жил ажил хийсэн гэх юм. Та шинэ үсгийн багш хийж, ажлын гараагаа эхэлсэн гэсэн үү?

-Бага сургуулиа 1945 онд онц төгссөн. 1946 оны хичээлийн жилээс эхлээд Төв аймгийн Баянцагаан сумын бага сургуулийн нэгдүгээр ангийн багшаар ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлж билээ. 1951 он хүртэл багшаар ажилласан. Тэгээд аймаг руу дэвшиж, Намын хороонд хэсэг ажиллаад, Намын дээд сургуульд ороод, энэ замаар явсан даа.

-Та дайны үеийн хүүхэд байжээ. Д.Пүрэвдорж найрагчийн “Хар цас” найраглалд өгүүлдэг шиг тийм үе байсан болов уу?

-Бид Намын шинэ хүчний дээд сургуулийн нэг ангийн хоёр. Чацуу шахуу юм билээ. Мундаг хүн шүү дээ.

-Дайны үед хэцүү байсан нь ойлгомжтой. Гэхдээ монголчууд малаа маллаж байгаа цагт өлсөхгүй гэж ярьцгаадаг?

-Их л өлсч байсан. Эх орны дайнд хамаг малаа сорчилж идэш болгож туугаад, 1944 оны зуднаар манай сумынхан малаа маш их үхүүлсэн. Зуд, эх орны дайн хоёр Төв аймгийн Баянцагаан сумынхныг хүнд байдалд оруулсан даа. Идэх юм байхгүй. Мал үхчихсэн. Мах байлаа гэхэд зовлого. Үхсэн малынхаа ясыг аваад, хоршоонд тушаана. Шөлийг нь ууна. Гурил огт байхгүй. Сүүлдээ засаг арга хэмжээ авч, айл айлд нэг, хоёр кг-аар нь гурил тараадаг байсан. Тэр гурилыг нь ширмэн тогоондоо хуурч болгоод аягандаа зуурч өл залгадаг байлаа. Өлсгөлөнгөөр хүн үхсэн гэж дуулаагүй. Эрхбиш мал хуйтай газар болохоор л тэр байх даа. Шинэ хувцас байхгүй. Хүүхдэд бол томчуудын урагдсан дээл хувцсыг хасаад өмсүүлнэ. Хувцас угаах саван байхгүй. Дөрвөлжингийн нуурын хужраас авч угаана. Тэр маягаар дайны таван жилийг барсан даа. Дайны дараа ч нэг хэсэг зутруу байсан. Хувцас яах вэ. Өлсөх л хэцүү юм билээ. Баянцагааныхан дайн, бичин жилийн зудыг зантай айхавтар зовж давсан улс даа.

-Амбасэлмаа гэдэг нэр ямар учиртай вэ?

-Мууг арилгагч эх гэсэн үг юм билээ.

-Амьдрал мэддэг байж сайн сэтгүүлч болдог юм болов уу?

-Амьдрал мэддэг байх хэрэгтэй. Гэвч үзсэнээрээ хүн юм бичихгүй шүү дээ. Авьяас гэж онгироод яах вэ. Надад бичих сонирхол байсан. Бичих сонирхол байхгүй бол амьдрал үзээд л өнгөрнө шүү дээ. Бичих дур сэтгэл байх хэрэгтэй. Хүн санасан зоргоороо авьяастай байж чадахгүй.

-Та өөрийгөө авьяастай юм байна, бичиж болох юм байна гэдгээ яаж мэдэрсэн бэ?

-1958 онд Монголын радиод ороод л бичээд байж болох юм байна гэж бодогдсон. Томилолтоор орон даяар их явсан даа.

-Таны хань сэтгүүлч байжээ. Нөхрөө өөд болсны дараа сэтгүүлч болохоор шийдсэн гэсэн үү?

-Тийм ээ. Төв аймгийн намын хороонд байж байхдаа хүнтэй суусан. Нөхөр маань Самбуу гуайн төрсөн дүүгийн хүүхэд байсан.

-Таныг Самбуу гуайн бэр байсан гэдэг. Самбуу гуай ах дүүсийн олон хүүхдийг өсгөсөн гэдэг байх аа?

-Миний нөхөр Самбуугийн Содномдаржаа төрсөн дүүгийнх нь хүүхэд л дээ. Авгайн талын сайхан сахилгагүй ихрүүд байсан. Тэр хоёрыг ч өсгөсөн.

-Та Самбуу гуайг бусад хүнийг бодвол илүү ойроос мэдрэх боломжтой байжээ?

-Ер нь ажлаасаа их орой ирдэг. Дуу шуу багатай. “Ажил хий. Бичдэг, хийдэг ажлаа л сайн хий. Танайхан архи дарс уудаг юм билээ. Битгий хүмүүстэй нийлж архи дарс ууж байгаарай” гэдэг байсан. Архи, дарсыг нь ч хэрэглэж л байсан л даа (инээв).

-Та бараг жаран жил бичлээ, сурвалжиллаа. Яаж энэ олон жил сэтгүүл зүйн дэвжээн дээр босоо байж чадав аа?

-Ажлын амт. Нэвтрүүлэг хийх миний амьдрал байсан. Нөхрөө үхүүлчихсэн хүн чинь ажил хийж л амьдарна шүү дээ. Дараа нь хүнтэй суусан л даа. Ахиж гурван хүүхэд төрүүлсэн. Том охиноо алдчихсан. Одоо би гурван охин, нэг хүүтэй. Тэд сайхан явна. Одоо охин, зээ охинтойгоо амьдарч байна.

-Сэтгүүлчид өдөр бүр хэн нэгэнтэй уулзаж, хэн нэгнийг нээж явдаг. Энэ олон жилийн дараа таны сэтгэлд хэн үлдсэн бол?

-Сономын Удвал, Хөдөлмөрийн баатар С.Цогтгэрэл гуай байна. Энэ хоёр бол зөвхөн ажилч бүтээлч улсууд биш, агуу их ухаантай улсууд. Дандаа хэрэгтэй юм хэлнэ. “Амбалсэлмаа минь чи ганцаараа хүн, хүүхдийн ээж. Чамд ажил хэрэгтэй. Бичиж бай” гэж С.Удвал дарга хэлдэг байлаа. С.Цогтгэрэл “Их явж байгаа чинь сайн байна” гэж онгироодог байсан юм. Ардын их хурлын чуулганд С.Цогтгэрэл гуай ирнэ. Би давхиад очно шүү дээ. Түүний яриаг би алтан фондод хийсэн юм. Галиндэв гуай гээд олон сайхан хүний яриаг алтан фондод үлдээсэндээ баяртай байдаг. Миний дотроо баярлаж явдаг юм гэвэл сонинд нэлээд юм бичлээ, зургаа, долоон номтой боллоо. Өөр юугаараа би бахархах вэ.

-Та гайхамшигтай өргөн хүрээнд ажиллажээ. Зөвхөн телевизийн сэтгүүлч байгаад зогссонгүй сонинд бичлээ, радиод ч ажиллалаа?

-Сэтгүүл зүйд зэвсэг хэрэгтэй. Телевиз үздэг хүн байна, телевиз үзэхгүйгээр сонин уншаад явдаг хүн ч бий. Хэвлэл мэдээллийн гурван зэвсгийг эзэмшиж сайн муу, чадсан чадаагүй ч бичдэг, үзүүлдэг, сонсгодог байя гэсэн хөөрүү дэврүүн сэтгэлтэй явжээ, энэ ажилдаа ч дуртай. Харах, сонсох унших гурван хэлбэрээр хүнд хүрэхийг хичээсэн. Манай хэлээр бол сэтгүүл зүйн гурван зэвсэг л дээ. Сайн ч, муу ч юм бий байх. Энэ гурав л намайг амьд явуулдаг юм. Үүгээрээ л Амбасэлмаа зориг хүч авч явдаг. Сонинд бичсэн юм байна. Радио, телевизийн алтан фондод миний хийсэн нэвтрүүлгүүд бий. Сэтгүүлч хүн заавал дэврүүн, мэдрэмжтэй, хийсэн юмнаасаа хүч чадал олж байж тэр ажлыг хийнэ үү гэхээс биш зүгээр дүлий толгойлчихоод суугаад байвал хүн тоох ч үгүй. Амбасэлмаа гэдэг нэрийг бүх хүн мэдэж байгаа биз дээ. Тэгэх тусам улам баярлана. Заримтай нь тулна. Хачин хачин улсуудтай тулж байж юм бичнэ. Ердөө л энэ.

-Сэтгүүлч хүний тухай бичнэ гэдэг тухайн нийгмийнхээ түүхийг л бичээд байгаа хэрэг. Та ер нь бусдын түүхийг их бичсэн. Өөрийнхөө түүхийг бичсэн үү?

-Нэг их бичээгүй л дээ. Аяндаа нэвтрүүлгээр ойлгогдоно шүү дээ, тэр бол.

-Хөдөө гадаа мөн ч их явсан байх даа?

-Яваагүй сум гэж байхгүй, уулзаагүй Хөдөлмөрийн баатрууд ховор.

Уулзахаас татгалзаж нэвтрүүлгийг маань тасалдуулсан хүн байхгүй. Сэтгүүлч хэрхэн харилцсанаас шалтгаална. Хүнд таалагдаж байж л хүнээс юм сонсоно. Гол нь л тэр.

-Тухайн үеийн төр засгийн удирдагчидтай уулзаж байв уу? Тухайлбал Ю.Цэдэнбал даргатай ч юм уу?

-Манай хадмынд яваад очдог байсан. Тэгэхэд нь гүйгээд орно. Ю.Цэдэнбал дарга дээр орж яриа авч байсан. Их олон удаа аваагүй ээ, зүгээр.

-Та цагаа юунд хамгийн их зарцуулж байна?

-Малчин, тариачин хоёрт цагаа зарцуулсан. “Таван эрдэнэ” нэвтрүүлэг, “Ургацын далай” хоёр л миний гол ажил байлаа. Мал, тариа хоёроос өөр юу ярих вэ. Одоо ч тэрийг л бодож байдаг. Одоо би юм бичихгүй. Бичих шаардлага гарвал юу юм гэхээс. Нас өндөр боллоо. Гэхдээ шаардлагатай бол дурсамж яриа энэ тэрийг сэтгэлийн тушаалаар бичиж өгнө өө. Тархины судасны хатууралтай учраас тэнхээ их муу байгаа.

-Ная гарсан ч өдий зэрэгтэй яваа нь сайхан юм аа?

-Миний хөл хэвээрээ. Энэ юуных вэ. Би өдөр бүр гимнастик хийдэг. Соёл нийгэмлэгийн волейболын тамирчин байлаа. Гучаад настайгаасаа тоглосон. Одоо ч дасгал хийхээ орхиогүй. Хөдөө явсан ч гимнастикаа ном ёсоор нь хийдэг байлаа. Хөл асуудалгүй байгаа нь биеийн тамирын хүч.

-Та одоо ч телевиз үзэхдээ мэргэжлийн нүдээр хардаг уу?

-Үгүй, үгүй би зүгээр л мэдээлэл авдаг. Тэгж өвчигнөөд яахав. Нэвтрүүлэг бүгд надад таалагдаж байх албатай биш. Сайн юм байна. Муу юм хийж дээ гэж мэднэ. Гэхдээ одоо бол биеэ бодно.

-Та одоо телевиз их үздэг үү, ном уншдаг уу, юу хийх илүү дуртай вэ?

-Ном их уншдаг. 108 боть авсан. Нэг хэсэг өдөр шөнөгүй уншсан. Харин ойрд зориуд зүгээр хэвтэж байгаа. Ер нь ном ихтэй. Нөхдийн дурсгасан олон ном бий. Ном уншиж, хөгжим сонсдог. Алтан фондоос хөгжим авчирч сонсдог байлаа. Одоо бол удаан ярихаар ядардаг болсон. Насны ядаргаа байна. Өвчин зовлон гайгүй. Радио телевизийн ажилтай байсан хүний толгой их ядрах юм. Удаан ярьж чаддаггүй.

-Танай гэрийн хананд байгаа лам хүний зураг таны багшийнх уу?

-Намайг өсгөсөн аав Банзар гэдэг хүн.

-Бас мандолин байна?

-Хүүхэд байхдаа мандолин тоглодог байлаа.

-Өдий насанд хүрэхээр юу их бодогдох юм бэ?

-Байгалийн жамаар төгсгөлдөө ойртлоо. Хүүхдүүддээ хэрэгтэй байя л гэж бодож байна. Уулзах ёстой хүмүүстэйгээ уулзаж ярьдаг л даа.

-Та хоолны дэглэм баримталдаг уу?

-Онцгой дэглэм баримталдаггүй. Цай уугаад, хоолоо идээд явна. Хүүхдүүдээсээ илүү юм шаарддаггүй.

-Ээж тань ямар хүн байсан бэ?

-Би айлын ганц охин. Ижий залуу хүн болохоор хүнтэй нийлээд, мал маллаад явчихсан. Эмээ бид хоёр л Баянцагаан сумын төвд байлаа. Миний буурал ижий Дүгэр гэж хүн байв. Эмээ хоносон хоол ч идүүлээгүй. Цайнд орчихно гээд цай нэг их уулгадаггүй, хараалын үг хэлүүлдэггүй хүн байсан.

-Таны амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн эмэгтэйчүүд тэд байсан уу?

-Тийм ээ, Дүгэр эмээ, Аривжих ээж хоёр.

-Өөрийнхөө ямар чанараар бахархдаг вэ?

-Залхуурдаггүй хөдөлмөрлөдгөөрөө л бахархдаг. Над шиг бай гэж хүүхдүүддээ хэлдэг. Надад залхуурах үе гэж байгаагүй. Хүнд худлаа хэлдэггүй. Харин заримдаа ширүүлчихдэг байж магадгүй.

Өдрийн сонин Б.ЭГШИГЛЭН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: