Хятадын зүүн өмнөд нутгаар...

Дэлхий ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 15

“Жинхэнэ торгыг хуурамчаас нь ялгахын тулд галын цэнхэр дөлөөр шатааж мэддэг” хэмээн худалдагч бүсгүй чанга дуугаар өөртөө итгэлтэйгээр тайлбарлаад торго дурдангуудыг илбэ үзүүлж буй мэт асаагуурын галаар дороос нь нааш цааш гүйлгэв. Хүр хорхойн торгыг асаагуурын хөх дөлөөр удаан төөнөсөн ч шатсангүй. Харин хуурамч нь хүрэв үү үгүй юү л шатав. Мөн илүү гарч сэмэрсэн утсыг нь түлэхэд хуурамч торгоных бөөгнөрөн хатуурдаг бол хүр хорхойн торгоны утаснаас нунтаг үнс үлдэнэ.

...Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвөөс зохион байгуулсан Монголын сэтгүүлчдийн багийн аяллын эхний цэг нь Хятадын зүүн өмнөд зүгт орших эртний түүхт Ханжоу хотын Юйхуан уулын ар бэлд байрлах торгоны энэ дэлгүүр байв. Хүр хорхой хэмээх нэгэн төрлийн эрвээхэй ганцхан зуны настай ажээ. Хүр хорхой, эрвээхэй, авгалдайнууд ялам модны навчаар хооллодог бөгөөд энэ мод нь Ханжоу орчимд л ургадаг. Хүр хорхойн эмэгчин нь нэг удаа өндөглөхдөө 400-600 өндөг гаргадаг. Өндөгнөөс гарсан авгалдай сарын дотор найман см хүртэл өсөж томорно. Ийнхүү нас бие гүйцсэн хүр хорхойн биеийн бараг тал хэсэг нь шингэнтэй байх бөгөөд түүнийгээ толгойгоо хаялан наймын тооны хэлбэр үүсгэн амаараа савируулан гаргаж бөмбөлөгөн тор нэхдэг аж. Хүр хорхой хоногт нэг кг орчим утсан бөмбөлөг үүсгэх чадвартай. Өөрөөр хэлбэл, нэг ч залгаасгүй мянган метр урт утас “үйлдвэрлэх” чадвартай юм байна.

Энэ дэлгүүрийн дээд талд Хятадад төдийгүй дэлхийд ганцхан байдаг хүр хорхойн торгоны музей байрлаж буй. Музейг 1992 онд байгуулжээ. Музейн гол үзмэр хүр хорхойн торгон эдлэл. Эртний Мин, Сүн улс, Манж гүрний үеийн хаад ноёд, эгэл иргэдийн хувцас гоёл, эдлэл хэрэглэлийг үүх түүхтэй нь бичээд дэлгэсэн байхын дээр хүр хорхойн торгоор урласан тансаг сайхан урлагийн бүтээлүүдийг ч тавьжээ.

Ханжоуг хүр хорхойн торгоос гадна цайны ургамалгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хятад бол дэлхийд хамгийн эрт цай тариалж, хэрэглэж ирсэн орон. Цайны бүтээгдэхүүн, цай тариалах соёл олон улс оронд уламжлагдаж, улмаар өөр өөр өвөрмөц онцлог, үнэр амт бүхий цайны соёл бий болжээ. Өдгөө Хятадад хар, ногоон, өвсөн гэх гурван төрлийн цайг өргөн хэрэглэдэг аж. Ногоон цайнаас хамгийн алдартай нь Лунжин. Ханжоу нутгийнхан энэ цайгаараа алдартай. Нэг килограмм Лунжин цайг бэлтгэхийн тулд 70-80 мянган нялх навч хураах шаардлагатай. Уулынхны тарьсан цай амттайн дээр эрүүл мэндэд ихээхэн тустай. Цайны тариачид нь бийлэгжүү. Тиймдээ ч тэд охид, хүүхнүүдээ нөхөрт гаргах бус хүргэн буулгаж авдаг бардам хүмүүс гэсэн. Ханжоуд ургасан цайг хандлаад уухын зэрэгцээ хоолонд амт оруулан хуурч иддэг юм билээ.

Ханжоу хот есөн сая хүн амтай. Эртний Сүн гүрний нийслэл байсан, гэхдээ тухайн үедээ Линьань хэмээн нэрийддэг байжээ. Одоо бол Жөзян мужийн засаг захиргааны төв. Өнгөрсөн есдүгээр сард Их-20 буюу G-20-ийн уулзалт Ханжоуд зохион байгуулагдсан. Мөн энэ уулзалтыг дагалдаад залуучуудын Y-20 арга хэмжээ ч бас болжээ. Эдгээр том арга хэмжээнд зориулж ихээхэн хүч хөрөнгө зарцуулсан нь нүднээ ил. Цаашид дэлхийн хэмжээний уулзалт, тоглолт, арга хэмжээг зохион байгуулж байхаар болсон тухай аяллын хөтөч дуулгана лээ. Бас тэрбумтан Жак Ма-гийн үүсгэн байгуулсан Alibaba.com-ын төв энэ хотод үйл ажиллагаа явуулдгийг танилцуулахаа мартсангүй. Хот, хөдөөний ялгааг арилгасныг У овогт шавилхан биетэй хөтөч залуу онцлон дурдав. Үүнийг хурдны замын хажуугаар болон тариалангийн талбайн дэргэд жирийтэл барьсан загвар ойролцоо дөрвөн давхар хауснуудаас харж болох ажээ.

Си Ху нуур хоёр мянга гаруй жилийн түүхтэй

Хятадад очсон хэн бүхэн заавал үзэх үзэсгэлэнт газрын нэг нь Си Ху нуур. Монголчилбол Баруун гэх. Ханжоугийн төвд орших Си Ху нуур хоёр мянга гаруй жилийн тvvхтэй. Үзэсгэлэнт нуурыг зорин жил тутам 15 сая жуулчин очдог бөгөөд моторт болон сэлүүрт завиар зугаалан аниргүйн дайдаар аялах боломжтой. Энэ нутгаас зохиолч, яруу найрагчид олон төрөн гарсан бөгөөд нуурын тухай зохиол бүтээл, шүлэг найрагтаа мөнхлөн үлдээжээ. Си Ху нуур гурван аралтай. Бас Сү ти, Бай ти, Ян гүн гэсэн гурван далантай. Олон сайхан цэцэг, навч, мод сөөгтэй Сү ти далан дээр дурлалт залуус их очиж зугаалдаг учраас Хосын далан гэж нэрийдсэн аж. Си Ху нуурыг алдаршуулсан бас нэгэн зүйл бол нуурын дунд байрлуулсан суварга юм. Номин цэнхэр усны дунд алсаас ёрдойн харагдах гурван чулуун суварга нь 400 гаруй жилийн түүхтэй. Цувраа гурван эдгээр суварганы дүрс өдгөө нэг юанийн дэвсгэртийн ар талд мөнхөрчээ. Си Ху нуурын тухай үлгэр домог олон байдгийн дээр ардын дунд аман зохиол болон улам бүр дэлгэрсээр байгаа ажээ.

Бид Шанхай хот руу явах замдаа Хятадад төдийгүй дэлхийд хамгийн уртад тооцогдох гүүрээр гарах боломж тохиов. Харамсалтай нь харуй бүрий болсон учир тэрхүү гайхамшигт байгууламжтай сайн танилцаж амжсангүй. Ханжоу Бэйн гүүрийг Зүүн Хятадын тэнгис дэх Нингбо боомтыг Шанхай хоттой залган барьсан байна. Гүүрийн нийт урт нь 36 км. Төмөр болон төмөр бетоноор цутгаж хийсэн гүүр нь далайн хүчтэй шуургыг ч ажралгүй тэсэхээр бат бэх баригдсан гэсэн. Гүүрийг барьж байгуулахад 1,5 тэрбум доллар зарцуулсан юм байна.

Шанхай бол Хятад улсын дөрвөн том хотын нэг. Дорнод Хятадын тэнгисийн эрэг дээр Хөх мөрний цутгаланг дамнан орших энэ хот 23 сая хүн амтай. Дээр нь арваад сая хүн орж гардаг гэсэн статистик байдаг аж. Бас дэлхийн хамгийн том далайн боомтын нэг. Шанхай анх загасны аж ахуй, даавууны үйлдвэрлэл явуулдаг тосгон байж. Эртний Тан, Сүн улсын үед боомт хот болох эхлэл тавигджээ. Шанхай нь зүүн, барууны хоорондох худалдаа арилжааны гүүр байсан бөгөөд 1930-аад он гэхэд санхүү, бизнесийн томоохон төв болж чадсан байна. 1990 онд эдийн засгийн шинэчлэл хийснээр Шанхай дахин эрс хурдтайгаар хөгжиж, 2005 он гэхэд дэлхийн хамгийн том боомтоор нэрлэгдэх болжээ.

Өнөөдөр энэ хот Хятадын худалдаа, санхүүгийн хамгийн том төв төдийгүй олон улсын хэмжээнд томоохонд тооцогдох болжээ. Эдийн засгийн чөлөөт том бүс гэдэг нь аяндаа мэдрэгдэнэ. Худалдааны томоохон төв Пудон дүүрэг ч үүний бас нэг илэрхийлэл. Эртний түүхэн дурсгалт байшин барилгаа яг байсан хэлбэрээр нь харуул хамгаалалттайгаар олон нийтэд үзүүлдэг байна. Мөн хуучны барилгын хэв маягийг өөрчлөлгүйгээр тохижуулсан орчин үеийн пабуудад гаднын жуулчид шар айраг тамшаалан сууцгаана. Энд ирвэл заавал очих ёстой газрын нэг бол эртний Европын өнгө төрх, орчин үеийн хэлбэр хийцийг хослуулсан Нанжингийн гудамж. Урт гудамжаар машин тэрэг явдаггүй, зөвхөн явган зорчигчид хөлхөх бөгөөд шөнө дөл болсон ч дэлгүүр, хоолны газрууд нь нээлттэй их хөлийн газар гэдгийг мэдрүүлнэ. Шанхайн худалдаа наймааны гол төв болох энэ гудамж 1860-аад онд байгуулагдсан түүхтэй юм байна.

Нуурын дунд байрлуулсан чулуун суварга нэг юанийн ард мөнхөрчээ

Одоогийн байдлаар дэлхийн хамгийн өндөр цамхгаар Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод байрлах “Дубайн цамхаг” тодроод буй. “Бурж халифа” буюу "Дубайн цамхаг" 828 метр өндөр. Хоёрдугаарт Шанхай Тауэр (Shanghai Tower) эрэмбэлэгджээ. Шанхай хотын төвд байрлах мушгирсан өвөрмөц хэлбэртэй уг цамхгийг 2008 оноос барьж эхэлсэн бөгөөд 2016 оны тавдугаар сард ашиглалтад оруулжээ. 632 метр өндөр, 127 давхар, 380 мянган метр квадрат талбайтай энэ цамхгийн өртөг 2.2 тэрбум ам.доллар болсон аж. Шанхай дахь Дэлхийн санхүүгийн төвтэй хаяа дэрлэн босгосон Шанхай Тауэрийн дизайныг АНУ-ын “Женслер” компани гаргаж, “Шанхай констракшн”, “Торнтон Томасетти”, “Генслер” зэрэг барилгын салбарт тэргүүлэгч компаниуд хамтран барьжээ. Энэ цамхгийн 119 давхар руу гарахаар жуулчдын дараалалд зогсов. Яг л нисэх буудлын гааль дээр үзүүлдэг шиг шалгуулаад нэвтэрлээ. Харин телевизийн мэргэжлийн камерыг оруулахгүй юм. Яаж ч учирлаад нэмэргүй. Цахилгаан шатанд хүмүүсийг арав арваар нь оруулна. 119 давхарт минут гаруйхан хугацаанд сүнгэнээд гарчих юм. Лифт нь ямар ч дуу чимээгүй, нам гүм. Байгууламжийн мушгиа гадаад хэлбэр дүрс, бүтэц нь салхины хүчийг хорь гаруй хувь бууруулахаас гадна барилгын өртөг зардлыг хэмнэх үүднээс боловсруулсан загвар гэнэ. Мөн мушгиа хэлбэртэй хаалтууд нь борооны усыг цуглуулж халаалтын систем болон агаар цэвэршүүлэхэд зориулагдсан юм байна.

Тайлбарлагч залуу гүц хэрхэн урладгийг үзүүлэв

Бидний дараагийн буудал Шанхайгаас зуу гаруй км зайтай орших Сужоу хот. 300 км/ц хурдтай галт тэргээр гуч хүрэхгүй минутад давхиад хүрэв. Урьд өдөр нь Шанхай хот дотор хөлөглөсөн дугуйгүй галт тэрэгний хурд 430 км/ц-ийг зааж байсан нь технологи нарийсч хурд улам өсч буйг харуулна лээ. Дорнын Венец гэж нэрлэгддэг Сужоу бол эртний түүхийг авч үлдсэн Хятадын гурван томоохон хотын нэгд зүй ёсоор ордог байна. Тайху нуураар төв болгосон таваг хэлбэртэй тэгш талд байрладаг Сужоу хотыг газрын диваажин гэж нэрлэх нь бий.

Жуулчдын нүдийг хужирладаг Сужоугийн эртний цэцэрлэгт хүрээлэнгүүдийг ЮНЕСКО 1997 онд “Дэлхийн өвийн жагсаалт”-д бүртгэж авчээ. Энэ цэцэрлэгт хүрээлэнгүүд нь хүний гараар бүтсэн хэдий ч байгалийн бүтээл мэт байгуулж чадсанаараа онцлогтой. Орон зайн төлөвлөлт, байршил, зохиомж, агуулга зэрэг нь жуулчдын сонирхлыг өөрийн эрхгүй татна. Тухайн цаг үедээ хувь хүний цэцэрлэгт хүрээлэн байсан болохоор талбайн хэмжээ тийм том биш хэдий ч бага орон зайд хязгааргvй уран санааг агуулж, жижгээр томыг, цөөнөөр олныг илтгэж чаддагаараа өвөрмөц гэж хөтөч тайлбарлана лээ. Ялангуяа адилтгалыг өргөн хэрэглэснээр харагдах байдлыг хувиргалт ихтэй, уран нарийн, нүд баясгам болгосноороо бусад цэцэрлэгт хүрээлэнгээс ялгардаг юм байна.

Зам дагуу керамик эдлэлийн дэлгүүр музейд түр саатав. Хөрслөг бор залуу ширээний ард суугаад баримлын шавар шиг зүйлээр жижиг аяга урлаж байлаа. Хийж байсан ажлаа түр хойш нь тавиад бидэнд музейгээ тайлбарлав. Хорь гаруй жил энэ ажлыг хийж байгаа тэрбээр удам дамжсан дархан аж. Энэ музейд тавигдсан үзмэрүүдийг зөвхөн тэр нутагт байдаг бор чулуугаар урладаг байна. Гол төлөв төрөл бүрийн хэмжээтэй гүц аяга хийдэг аж. Гэхдээ тэр бор чулуу ховор олдоцтой болсон учир 1984 оноос Засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр олборлодог болсон байна. Бас зөвхөн гараар урладаг учир бүтээгдэхүүнийх нь үнэ өртөг өндөр. Хуучны дархчуул, тайлбарлагч залуугийн багш нарынх нь хэдэн зуун мянгаар үнэлэгдэх бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ. Хорь, гучин сая юань хүрсэн бүтээлүүд ч бий гэсэн. Тайлбарлагч залуу нэг гүц хэрхэн урладгийг өөрийн биеэр үзүүлэв. Баримлын шавар шиг болгосон бор чулуугаа модоор тоншиж, төмрөөр хавтгайлж, хутгаар зүсэж барьцалдуулсаар гучаадхан минутад нэг гүц урлаадахлаа. Гэхдээ мэдээж шатаах хатаах гэх мэт бусад технологи ажилбар орохгүйгээр. Түүний ярьснаар өдөрт нэг гүц л гараас гаргадаг гэсэн. Торгон нарийн хийцтэй бол сарын хугацаа шаардагддаг байна. Нэг гүцнээс жижиг аягануудад ус дүүргэж үзүүлэв. Бариулан дээрх нүхэн дээр дарсан эрхий хуруугаараа ус гоожилтыг удирдчих юм. Мэлтэлзсэн мөртлөө аяганы амсар давж асгарахгүй байгаа нь түүхий эд болсон тэрхүү бор чулуутай холбоотой санагдсан шүү.

 

Лин Шань уулан дахь Да Фү буюу Их Буддагийн хөшөө

Бид Үси хотын Лин Шань уулан дахь Да Фү буюу Их Буддагийн хөшөө сүндэрлэдэг хүрээлэнг үзэхээр зорив. Орой 17:00 цаг дөхсөн учир хаалгаа барихаас өмнө арайхийн амжиж орлоо. Уулын өндөрлөг хэсэгт байрлуулсан Их Буддагийн хөшөө үдшийн бүрийд улам сүрлэг дүнхийн харагдана. Хөшөөний өндөр 88 метр. 700 тн зэсийн цутгамлаар босгожээ. Амар амгалан, нигүүлсэнгүйн дүрээр бүтээсэн Их Буддагийн өлмий дор усан оргилуур, цөөрөм, бадамлянхуа цэцгийг дүрсэлсэн хөшөө бүхий цогцолбор байна. Жуулчид тэр байгууламжийн оройн зүг гар утас, зургийн аппаратаа чиглүүлээд хүлээцгээж байв. Удалгүй хөгжим дуугаран усан оргилуур оргилох мөчид бадамлянхуа цэцгийн дэлбээ дэлгэрч бяцхан Будда мэндэлж байгааг харуулж буй нь бас л сонин. Сүрлэг хэрнээ уянгалаг хөгжмийн аянд дэлбээлэх лянхуа цэцгэн дундаас зүүн гарын долоовор хуруугаа гозойлгосон, буржгар үстэй бяцхан хөвүүн суурин дээрээ аажмаар нар зөв аажмаар тойрон эргэлдэнэ. Оргилсон ус бяцхан хөвүүнийг угаагаад доош урсаж цоргонуудаар гоожино. Таван минут орчим гоожих рашаанаас овсгоотой зарим нь ундааны саваа дүүргэж амжина. Энэхүү рашаанаас хүртэж, нүүр гараа угаавал сэтгэл болоод аливаа муу бүхнээ ариусгадаг хэмээн сүсэглэдэг байна.

 

Хүүхэдтэй болохыг хүссэн хүмүүс толгойг нь илсээр байгаад гялайлгажээ

Цөөрмийн зэргэлдээ бурхан Буддагийн ариун мутрыг илэрхийлсэн хөшөө харагдана. Бас дээхнэдээ бол айл бүрийн хойморт залардаг байсан шаазан урлалын томруулсан хувилбар Энх-Амгалан хааны зэс цутгамлыг ч байрлуулж. Хааны өвөрт эрхэлсэн хүүхдүүдийн толгой элэгдэж гялайжээ. Хүүхэдтэй болохыг хүссэн хүмүүс илсээр ийм болгосон хэмээн хэлмэрч Батаа тайлбарлав.

Хойд Хятадын Луоян хотоос өмнөд Хятадын Янжоу хот хүрдэг 1700 км урт суваг Суэцийн сувгаас арав дахин том аж. Хятадын их сувгийн бүтээн байгуулалт анх МЭӨ 506 онд эхэлсэн гэдэг. Ингэхдээ сувгийн ойр орчны хэдэн зуун том жижиг гол горхийг татаж, суваг шуудууг томсгох замаар нэгтгэн холбожээ. Сувгийг барьж дуусгасны дараа ихэс дээдэс бараа бологсдынхоо хамтаар энэ сувгаар аялан баян тансаг гэгддэг өмнөд нутгаар зугаацаж цэнгэдэг байж. Юань гүрний үед ч хааны зарлигаар их сувгийг засаж тордож, уртасгах ажлыг хийж байсан гэдэг. Тухайлбал, Бээжингээс Ханжоу хот хүртэл нэмж суваг татсан байна. Эртний Хятадын инженерийн гайхамшигт барилга байгууламжийн нэг болох энэ усан суваг өнөөдөр хэдийгээр бүрэн ашиглагдахгүй болсон хэдий ч орон нутгийн хэмжээнд, тухайлбал аялал жуулчлал, усан замын тээвэрт ач холбогдолтой хэвээр байгаа ажээ.

 

Нарийн Баруун нуур

Янжоу хотын түүхт дурсгалт гол газруудын нэг нь яахын аргагүй Шөү Си Ху нуур. Янжоу хотын баруун хойт хэсэгт 4,3 км урт сунаж тогтсон байрлалтай. Тиймээс Нарийн Баруун нуур гэж нэрлэжээ. Хуйжоугаас давсны наймаа эрхэлдэг ах дүү дөрвөн худалдаачин Цин эзэнт гүрний хаан Цян Лунтай дотно найзууд байжээ. Тэд хаанд зориулаад нуурын эргэн тойрныг харах, алжаалаа тайлах, зугаалах зориулалтаар цэцэрлэгүүд байгуулжээ. Тэгэхдээ өөрсдийн байнга очиж наймаа эрхэлдэг Хуйжоугийн барилгын загварыг дуурайлган гүүр, арал, далан, ордон, сүүдрэвчүүдийг нуурын эргэн тойронд донж хэлбэрийг нь тааруулан барьсан нь өдгөө жуулчдын үзэх дуртай орчинг бий болгосон аж. Мөн нэг шөнийн дотор Бээжингийн Цагаан суваргыг дуурайлган барьж байсан түүхтэй юм байна. Бас хаан 24 шивэгчин бүсгүйдээ зориулж тус бүрт нь зориулж гүүр барьж өгснийг хөтөч сонирхуулан ярьсан. Сюй юань хүрээлэн, нуман гүүр, жижиг Алтан уул, Чүй тай буюу ший үзэх тайз, нугас галууны тосгон, таван тагттай гүүр, цагаан суварга нуурын үзэмжийг улам тодотгодог байна. Тагт, дээвэр бүхий таван гүүрийг дээрээс нь харахад усан дээр ургаж байгаа бадамлянхуа цэцгийг санагдуулам. Нуман хэлбэрт гүүрнүүдийн дор гаргасан дугуй хэлбэрийн 15 нүхээр шөнийн саран шургахад сарны цугларалт болж буй мэт сонирхолтой, гоё харагддаг гэсэн. Тиймээс ч Янжоуг Сарны хот гэж бас нэрийддэг ажээ.

Бидний дараагийн очсон газрын нэг Жян Сү мужийн төв Наньжин хотын Жүн Шань уулын энгэрт орших Хятадын хувьсгалч Сун Ятсений бунханг зоригсдын хөл хөдөлгөөн их. Сун Ятсен 1911 оны аравдугаар сард Хятадын сүүлийн эзэнт улс болох Манж чин улсыг унагахад гол үүрэг гүйцэтгэсэн аж. 1912 онд Бүгд Найрамдах Хятад Улс байгуулагдахад анхны түр ерөнхийлөгчөөр ажилласан төдийгүй сүүлд Гоминдан намыг байгуулалцаж анхны даргаар томилогдож байжээ. Сун Ятсенийг эзэнт улсаас хойших Хятад улсыг нэгтгэгч зүтгэлтэн гэж үздэг. Хятад болон Тайваньд хоёуланд нь хүндлэгддэгээрээ бусад удирдагч нараасаа ялгардаг юм байна. Түүний улс төрийн амьдрал байнгын тэмцэл зөрчил, дүрвэлт дунд өнгөрсөн бөгөөд хэд хэдэн хувьсгалт засгийн газрыг толгойлжээ. Наньжин хот бол Гоминдан намын Засгийн газрын байрлаж байсан газар. Тиймээс Сун Ятсенд зориулан энэ бунхан Наньжин хотын зүүн хэсэгт орших Жүн Шань уулан дээр 1929 онд байгуулсан ажээ. Нарсан ой модон дунд, уулын дээд энгэрт хувьсгалчийн амьдрал, үйл хэргийг бэлгэдэж Хятадын барилгын уламжлалт хэв загвараар уг бунханг байгуулсан юм байна.

Б.ЭНХБОЛД


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх