Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 16
・ 2
Б.ЦЭДЭВСҮРЭН

Дэлхий нийтийн хэмжээнд чихрийн шинжин өвчний улмаас зургаан секунд тутамд нэг хүн нас барж, долоон жирэмсэн эмэгтэйн нэг нь жирэмсний чихрийн шижин өвчнөөр өвдөж байна гэсэн статистик байдаг. Өөрөөр хэлбэл, дэлхий дээр 400 гаруй сая хүн чихрийн шижин өвчнөөр шаналж байна. Монгол Улсад чихрийн шижин өвчний тархалт 6-8 хувьтай гэж үздэг. Үүнийг тооцоолбол, 120 мянган хүн энэ өвчнөөр өвдсөн байх магадлалтай. Одоогоор эмчийн хяналтад бүртгэлтэй, эмчлүүлж буй 20, 30 мянга гаруй өвчтөн байдаг нь манай улсыг “Цагаан тахал” гэх дэлхий нийтийг цочроож буй энэ өвчин нэгэнт бүрхсэн гэж буй. Өвчтөнүүдийн ихэнх нь эмчилгээ авахаа больсон, оройтсон үедээ эмч, эмнэлгийг зорин ирдэг гэх. Гэтэл энэ өвчнийг эрт илрүүлж, хянаагүйгээс үүдэн бөөрний дутагдалд орох, зүрхний шигдээс болох, тархинд цус харвах, хараагүй болох, хөл гараа тайруулах зэрэг хүндрэл гардаг.
Тиймээс эдгээр хүндрэлээс урьдчилан сэргийлж, энэ өвчинд хяналт тавих үүднээс Монголын диабет холбооноос Эрүүл Хооллолтын Клубийг зайлшгүй байгуулах шаардлагад үндэслэн байгуулснаа мэдээллээ. Монголын диабетын холбооны дэд тэргүүн Ш.Батжаргал өөрөө найман жилийн турш энэ өвчнөөр шаналж байгаа аж. Зовлон нэгт хүмүүстэйгээ хамтраад тус клубийг байгуулжээ. Монголын нөхцөлд Чихрийн шижинтэй хүмүүс өвчинтэйгөө тэмцэхэд хэтэрхий хатуу гэмээр. Учир нь наад зах нь тэдэнд идэх хүнс хомс. Будаа, төмснөөс эхлээд чихэр орсон хүнсний бүтээгдэхүүн, өөтэй мах зэргийг идэж болохгүй тул хоолны дэглэм барихад хэцүү аж. Уг нь чихрийн шижин өвчнийг бүрэн эдгээж болдоггүй ч хоол, хөдөлгөөний дэглэмээр идэвхийг нь бууруулдаг байна. Тэрээр энэ талаар “Би 2008 оноос хойш чихрийн шижин өвчнөөр өвдөж эхэлсэн. Найман жилийн турш сэтгэл санаагаа тайван байлгаж, хоол хүнсээ зөв тохируулж, дүүргийн эмчийн байнгын хяналтад байвал гар, хөлөө тайруулахгүй, үхэлд хүрэхгүй юм байна гэдгийг ойлгосон. Мөн Бат-Очир гэдэг хүн чихрийн өвчин туссан ч эрүүл зөв хооллолт, эмчийн хяналтад хамрагдсанаар 20 жил амьдарч байна. Хамгийн гол нь идэж буй хоол хүнсээ л зөв зохицуулбал чихрийн шижин тусахгүй. Чихрийн шижин өвчнөөр өвдсөн хүнд идэх хоол олддоггүй. Өнөөдрийн бидний хэрэглэж буй бүх хоол сахартай. Манайд л гэхэд яг одоо зөвхөн “Талх чихэр” компанийн нэг боорцог, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн үйлдвэрийн жигнэлтийн боорцог хоёр л чихэргүй байдаг. Цагаан будаа, төмс зэргийн хүнс идэж болохгүй. Эрүүл мэндийн даатгалын хуулинд эм тариагаар үнэгүй хангана гэж заасан ч эм тариа нь өнөөдөр хүрэлцэхгүй байна. Манай холбоо энэ бүх зовлон бэрхшээлийг олон нийт, төр засагтаа хүргэх зорилгоор холбоогоо байгуулан ажиллаж байна” гэв.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн профессор Х.Алтайсайхан өөрийн судалгаан дээр үндэслэн монгол залуусын хоол хүнсний зохисгүй хэрэглээний талаар ярьсан юм. Тэрээр “Орой их хоол идэж байна. Өглөөнийхөө цайг уухгүй байна. Хоолоо маш хурдан иддэг. Ерөөсөө хоолыг зажилж идэхээ больжээ. Залуучууд хоорондоо цуйванг “ууж байна” гэж ярилцах юм. Ингэж идсэн хоолны шим тэжээл хүний биед шингэдэггүй. Хоол хүнсээ эхлээд амандаа сайтар зажилж, ходоодондоо химийн боловсруулалт хийж, задалдаг. Тэр задарсан шимт бодисууд нь хүний эд эсэд шингэдэг. Гэтэл сайн боловсроогүй хоол хүнс идэх, ходоодоо хүнсний бүтээгдэхүүнээр л дүүргээд байна гэсэн үг. Амьдралын ийм буруу хэмнэлээс татгалзаж, зөв дадал зуршлыг хэвшүүлэх нь хамгийн зөв арга. Эхнээсээ үр дүн гарч байна. Чихрийн шижинтэй хүмүүст сургалт явуулж, нэг цагийн дасгал хийхэд л даралт нь буурдаг. Өнөөдрийн 30, 40 настай залуус 70 настай хүнийх шиг бие махбодитой байна. Ганц цаг дасгал хийхэд л биологийн нас нь хоёр насаар залуужиж, эрүүлжиж байх жишээтэй. Хэдхэн жилийн өмнө хүмүүс зөвхөн бөөрний өвчлөлөөс болж гемодиализын аппаратад ордог байсан бол одоо чихрийн шижин нь хүндэрч бөөрний дутагдалд орсон хүмүүс нэмэгдсэн болохоор гемодиализын аппарат дутагдалтай болж байна. 17 дугаар зууны үед амьдарч байсан Английн эмч Томас Мэтью “Хүн төрөлхтөн өөрийн шүдээр булшныхаа нүхийг ухаж байна” гэж хэлсэн байдаг. Энэ нь бидний буруу хооллолт, буруу зуршил, хөдөлгөөний хомсдол, архи тамхи зэрэг хорт зуршлаас болж бие махбодио өвчлүүлж байгааг хэлж байна. Эрүүл мэнд, эдийн засгийн хүндрэлд орсон энэ үед чихрийн шижин өвчинд анхаарлаа хандуулах шаардлагатай. Энэ нь зөвхөн тухайн өвчтөнд бус, олон шинжилгээ, үнэтэй эмүүд, эмч нарын үзлэг, өвчтөнүүд хөдөлмөрийн бүтээмж муутай болох зэргээр Монголын эдийн засагт нөлөөлж байна. Тиймээс бид өөрсдийн санаачилгаар Монголын Диабетын Холбооны дэргэд Эрүүл хооллолтын клуб байгуулсан. Эхний ээлжинд АШУҮИС болон Интермед эмнэлэгт сургалт, эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Сургалтуудын үр дүн сайн гарч байгаа бөгөөд өөрийн буруу зуршлаас салж чадах юм бол энэ өвчнөөс бүрэн сэргийлж чадах юм гэдгийг харуулж байна. Манай улсад энэ өвчний талаар дэлгэрэнгүй бүртгэл мэдээллийн судалгаа хараахан хийгдээгүй учраас бид эмчилгээ авах боломжгүй болсон хойно нь илрүүлж, үр дүн муутай байна. Иймээс яаралтай энэ өвчнийг илрүүлдэг, сайн хянадаг, хүндрэл гарахаас нь өмнө урьдчилан сэргийлдэг байхын тулд Монголын Диабетын холбооноос энэ үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байна” гэв.
Монголын Диабетын холбооны дэргэд Эрүүл хооллолтын клубийн сургалтад явж, үр дүнгээ үзэж буй олон хүн байгаагийн нэг нь МҮОНР-ийн редактор Л.Бат-Орших. “Чихрийн шижин өвчин нь нийт өвчлөлийн 60 гаруй хувийг эзэлж байна. Өнөөдөр бидэнд ямар боломж байна вэ. Тэр бүхнээ дайчилж, нэг өвчнөөс ч гэсэн салах хэрэгтэй гэдэг үүднээс уг санаачилгыг дэмжиж байгаа. Чихрийн шижин өвчний тарианы үнийн хувьд 10, 20 мянган төгрөгөөр худалдан авдаг. Мөн эрт үед нь илрүүлж, эмнэлэгт ерөөсөө хандахгүй байгаа нь аюултай. Бүр хүндэрсэн тохиолдолд л эмнэлэгт хандаж, гар хөлөө тайруулж, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол их байна” хэмээн тэрээр ярьсан.
Д.Бодьцэцэг: Өлсч байгаад их хоол идэхэд цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгддэг
/ УКТЭ-ийн дотоод шүүрлийн булчирхайн их эмч /
Чихрийн шижин цусны сахар хэвийн хэмжээнээс их болдог халдварт бус өвчин юм. Нойр булчирхай инсулин даавар ялгаруулдаг. Инсулины шүүрэл багасах, инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусан дахь глюкозын хэмжээ ихэсдэг. Энэ нь ам цангах, ойр ойрхон шээс хүрэх шинжээр илэрч, олон эрхтэн гэмтэн бодисын солилцоог хямраадаг бөгөөд хүний цусны глюкозын хэмжээ өдөр бүр, цаг минут тутамд өөрчлөгддөг. Гэхдээ энэ өөрчлөлтөд хоол хүнс, хөдөлгөөн, хэрэглэж байгаа эм нөлөөлдөг бөгөөд хамгийн чухал нөлөөтэй нь хоол хүнс аж. Гэхдээ чихрийн шижинтэйгээ мэдсэн ч адаглаад хэрэглэх гэж буй бүтээгдэхүүнийхээ шошгон дээрх тэмдэглэгээг уншиж сурах шаардлагатай болдог.
Тиймээс энэ талаар бага ч гэсэн мэдээлэл өгөхөөр УКТЭ-ийн дотоод шүүрлийн булчирхайн их эмч Д.Бодьцэцэгээс дараах тодруулгыг авсан юм.
-Чихрийн шижин өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн үеэс хоол хүнсэндээ анхаарвал энэ өвчнийг тогтоон барьж болох юм байна гэж ойлголоо. Гэхдээ хэрхэн яаж хоол хүнсэндээ анхаарах талаар хүмүүс тэр бүр мэдээлэлгүй байдаг?
-Ер нь энэ өвчний шинж тэмдэг илэрсэн хэн ч бай өөрийнхөө идэх дуртай хүнсний бүтээгдэхүүнээ нэг бүрчлэн мэддэг байх нь зүйтэй. Цусан дахь сахараа тогтмол хэвийн хэмжээнд нь байлгаж чадсанаар чихрийн шижин өвчний хожуу гарах хүндрэлээс өөрийгөө сэргийлнэ. Хоол болон хооллох цагаа нарийн баримтлах хэрэгтэй. Хоолны өмнө болоод хооллосны дараа цусны сахараа хэмжиж бай. Хооллосны дараа хэмжихэд өмнөх үеийнхээс 50 мг/дл-с их байвал хэрэглэж буй нүүрс усныхаа хэмжээг багасгах шаардлагатай. Өвчтөн бүр өөрийн хяналтын карттай байх нь зөв юм. Картандаа өдөр тутам идсэн хоолныхоо цаг, хэмжээ, орц, сонголтыг бичиж тэмдэглэх хэрэгтэй. Тухайлбал, өглөө кофе, чанасан өндөг, цөцгийтэй талх, талх нэг зүсэм, нэг аяга жүүс уусан гэх мэт. Миний сахар 55мгр/дл-аар өссөн тул цатгалан байна, эсвэл дараагийн удаа жүүсээ багасгаж уух хэрэгтэй гэж өөртөө дүгнэлт хийх нь хамгийн чухал.
Чихэр, сүү, жимс үр тариа зэрэг хүнсний бүтээгдэхүүнд нүүрс ус их агуулагддаг. Өөрт тань хэдий хэмжээний нүүрс ус хэрэгтэйг хоолны эмчтэй хамт тооцож олох нь чухал. Цусан дахь сахарын хэмжээг ихэсгэхгүй барихын тулд нүүрс усны тооцоог гаргадаг. Чихрийн шижинтэй өвчтөнд тодорхой хэмжээний нүүрс ус агуулсан бүтээгдэхүүн зайлшгүй шаардлагатай. Хоногт авах нүүрс усны хэмжээг тооцоход талхан нэгж гэсэн хэмжигдэхүүн чухал ач холбогдолтой. Нэг талхан нэгж нь 12-15 гр шингэдэг нүүрс ус агуулдаг. Хоногт дунджаар 18-25 талхан нэгж хоол хүнснээс авах хэрэгтэй. Нэг цагариган талх 60 гр нүүрс ус (4 тн), нэг лааз сахартай кола 40 гр нүүрс ус (3тн), 680 гр жимс 90 гр нүүрс ус (6 тн) агуулдаг.
-Нэг талхан нэгжийг хүнсний зүйлээр илэрхийлбэл юу юу багтдаг вэ?
-Нэг жижиг алим, нэг ширхэг тоор, дөрвөн ширхэг чавга, нэг аяга зэрлэг жимс, нэг тал гадил, гурван ширхэг чангаанз, гурван аяга попкорн, нэг тал зайрмаг багтдаг.
-Тэгвэл ямар бүтээгдэхүүн нүүрс ус бага агуулдаг бол?
-Навчит ногоон ургамлууд, бууцай, урт байцаа, шанцай, мөөг, улаан, ногоон чинжүү, зуны хурган гуад нүүрс ус хамгийн бага агуулагддаг.
-Хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгохдоо шошго, танилцуулгыг хараад өөрт хэрэгтэй эсэхээ мэдэж сурах нь бас чухал юм шиг санагдсан. Эндээс ер нь юу мэдэж авах боломжтой юм бэ?
-Орцын хэмжээ, нэг орцын доторхи нүүрс усны хэмжээ, хоол болоод хөнгөн зуушны нүүрс усны хэмжээг олно. Сахар орлуулагч хэрэглэвэл нүүрс усны хэмжээг тогтвортой барьдаг. Ер нь, хоолны дараа сахараа 140 мг/дл барих зорилго тавих нь зүйтэй. Хэрэв үүнээс өндөр байвал нүүрс ус ихтэй хоолноос зайлсхий. Зарим хүн өлсч их иддэг. Энэ нь маш буруу хэвшил. Үүний улмаас цусан дахь сахар гэнэт ихэсдэг. Тиймээс хоолоо зөв тохируулан хэрэглэж занш. Тохирсон хоол хэрэглэсэн үед өөрт хэрэгтэй нүүрс усыг хасах хэрэггүй байдаг. Хүнд хоногт 45-60 гр нүүрс ус хэрэгтэй. Эрүүл хүнд өдрийн туршид цусны сахар 3,3-7,8 ммоль/л орчимд хэлбэлздэг. Өглөө өлөн үед 3,3-5,5, хоол идсэнээс хойш хоёр цагийн 3,3-7,8 ммоль/л байх ёстой. Чихрийн шижинтэй хүн зөв хооллосноор цусны сахар бага байна, жин нэмэхгүй хэмжээндээ барьж чаддаг. Хооллох цагаа нарийн баримтлах нь хамгийн чухал. Өмнө нь чихрийн шижин өвчтэй хүмүүс хоолны дэглэм нарийн чанд, хатуу баримталдаг байсан. Өнөө цагт анагаах ухаан хөгжихийн хэрээр өвчтөн хоолны цэсээ чөлөөтэй сонгох болсон. Хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнээ сонгож авахдаа сахар их, бага хэмжээгээр заавал байдаг гэдгийг сана. Өвчтөн “Та тохируул, Та сайн хөдөлмөрлө, Та өөрийгөө сайн хяна” гэсэн гурван зарчим баримтлах ёстой.
Эх сурвалж: www.assa.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.