Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 26
・ 2

Олон улсад агаарын бохирдлыг хэмжих хамгийн түгээмэл тодорхойлолт бол ногооноос улаан хүрэн өнгө хүртэл зургаан шатлалаар утааны хөнөөлт байдлыг хэмжиж, аюултай зэрэглэлийг 0-300 оноо өгч дүгнэсэн байдаг. 0-50 оноотой, ногоон өнгөөр тэмдэглэсэн бол бохирдол хамгийн багатай гэсэн үг. Харин оноо нэмэгдэж, өнгө нь бараан болох тусам агаарын бохирдлын хор хөнөөл өснө. Өнөөгийн байдлаар Улаанбаатар хот хамгийн дээд шатлал буюу улаан хүрэн өнгөөр тэмдэглэгдсэн бүлэгт (300 оноо)хамаарч байна. Энэ бол онц аюултай гэсэн тодорхойлолт. Үүнээс цааш агаарын бохирдлын хор хөнөөлийг хэмжих нэгж байхгүй. Иймд Монгол төр хүн амаа агаарын бохирдлын хор хөнөөлөөс хамгаалах чадамжгүй байгаа энэ үед хүн бүр өөрийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах шаардлагатай тулгараад байна. Энэ үүднээс бид уг хөмсгөн дор эрүүл мэндээ хамгаалах цуврал цогц мэдээллийг хүргэж байна.Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэнтэй холбоотойгоор иргэд, тэр дундаа бага насны хүүхдүүдийн дунд ханиад томууны дэгдэлт газар аваад байна. Үүнийг дагаад эмийн хэрэглээ ч нэмэгдэж байгаа юм. Иймд Эмийн зохистой хэрэглээний талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрүүл мэндийг дэмжих, сургалт, судалгаа арга зүйн төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэгтэй ярилцлаа.
-Эмийн зохистой хэрэглээг товчхон тайлбарлахгүй юу?
-Эм бие организмд өөрчлөлт гарсан үед эдгээх, оношлох журмаар хэрэглэгдэх бүтээгдэхүүн юм. Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг хэлдэг. Жишээлбэл, амбулаториор эмчлүүлж байгаа өвчтөн 3-4 төрлийн эм ууж байхад, эмнэлэгт хэвтээд хүндэрсэн тохиолдолд дунджаар 7-8 төрлийн эм тариаг хэрэглэх жишээтэй. Тэгэхээр эм, тариа хоорондоо яаж үйлчлэх, бие биенийхээ үйлчилгээг дарангуйлж байгаа эсэх мөн дэмжих зэргээс шалтгаалдаг. Үүнээс үүдэн эмийг зохистой, зохисгүй байгааг талаар ярих шаардлагатай болдог юм.
-Эмийн зөв зохистой хэрэглээгүйгээс болж ямар хор хөнөөл бий болдог вэ?
-Эм химийн бодис. Аливаа өвчнийг эдгээхээс гадна, эргээд гаж нөлөө үзүүлж байдаг. Энэ нь элэг, бөөр гээд чухал эрхтнүүдэд хортой нөлөөлөл үзүүлнэ. Үүнээс гадна ихэнх эм тариа харшлын урвал өгч байдаг. Энэ бүгдээс шалтгаалан эмийн хор хөнөөл хэрхэн үүсэх нь хүн бүрт янз бүрээр илэрдэг. Ялангуяа бага насны хүүхдүүд, ахмад настнуудад дархлааны систем сул байдаг учир хор хөнөөл нь насанд хүрэгчдээс илүү илэрдэг.
-Эцэг, эхчүүд хүүхэд нь ханиад хүрэхээр дур мэдэн антибиотик өгчихдөг. Антибиотикийг ямар үед хэрэглэвэл зохимжтой вэ?
-Ханиад томуу хүрэхэд хамгийн түрүүнд шинж тэмдгийн эмчилгээ хийдэг. Шинж тэмдгийн эмчилгээ гэдэг нь халуурч байвал халууныг бууруулах, цэртэй байвал цэр ховхлох эмчилгээг хэлж байгаа юм. Энэ эмчилгээ үр дүн муутай байвал дараагийн эмчилгээг хийх болдог. Шинж тэмдгийг эмчилгээг заавал өрхийн эмчид үзүүлж хийлгэх хэрэгтэй. Вирусээр үүсгэгдссэн ханиад уу эсвэл хүндрээд уушигны хатгаа, бронхит зэрэг болсон уу гэдгийг бодит үзлэг, шинжилгээний хариунаас харж антибиотикийг бичих ёстой. Цаашид амьсгалын дутагдалд орж болзошгүй тохиолдолд яаралтай эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай.
-Ханиад томуунаас сэргийлэх зорилгоор сармистайшөл, сармистай сүү зэргийг өгдөг. Энэ аргыг хэрэглэх нь зөв үү?
-Ханиад томуугаар хүүхдүүд ихээр өвчилж байна. Үүнд агаарын бохирдол ихээр нөлөөлдөг. Мөн хүүхдийн дархлаа сул, сургууль, цэцэрлэг дээр багтаамж муу, дотоод орчны бохирдол ихтэй зэрэг олон шалтгаанаас болж ханиад томуу хүрч байгаа. Жишээлбэл, ажлын өрөөнд насанд хүрсэн хоёр хүн сууж байна. Тэгвэл ажлын өрөөг хоёр дахин томсгоод түүнд 50-иас илүү тооны хүүхэд сурч байна гээд төсөөлөөд үз. Цэцэрлэгт ийм байгаа. Тэгэхээр энэ нь хүүхдэд тохиромжгүй орчин гэсэн үг юм. Мөн амралтын өдрөөр хүүхдүүдээ байнга агаар салхинд авч гардаг эцэг эхчүүд хэр олон билээ. Ханиад томуунаас урьдчилан сэргийлээд цөөхөн хүүхэдтэй цэцэрлэгийн ангид хүүхдээ явуулах эцэх эх хэд байна. Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүсийн хувьд ханиад томуунаас урьдчилан сэргийлэх нь хэцүү асуудал болоод байна. Хамгийн энгийнээр ханиад томуунаас урьдчилан сэргийлэх арга бол амин дэмтэй хоол хүнс, амин дэмүүд хэрэглэх юм. Мөн дасгал хөдөлгөөн чухал. Өвлийн улиралд усан спортоор хичээллэх, цэвэр агаарт гарах зэргээр чийрэгжих хэрэгтэй. Түүнчлэн аарц, сармистай шөл, чацарганы болон аньсны шүүсийг эм хэрэглэхээс өмнө заавал хэрэглэх нь зүйтэй. Эдгээрийг хэрэглэвэл дархлаа дэмжихээс гадна хордлого тайлж, хөлөргөнө. Мөн шингэнийг нөхөж өгдөг. Насанд хүрэгчид өдөрт 8 аяга, хүүхдүүдийн хувьд нас наснаасаа шалтгаалж 4-6 аяга шингэн уухыг зөвлөдөг. Шингэн ууснаар цусны эргэлт сайжрах болон дархлаа дэмжих ач тустай.
-Хүмүүс дур мэдэн эм авчихаад уух цагаа мөн адил өөрөө мэддэг?
-Эм бүр өөр өөрийн заавартай. Хоолны өмнө, дараа уух гэж байдаг. Ялангуяа антибиотикийг хоолны дараа голдуу хэрэглэнэ. Мөн хоол боловсруулах замын эрхтний эмийг хоол идэхийг өмнө ч хэрэглэхээр байдаг. Эмчийн заавраар эмээ хэрэглэх хэрэгтэй.
-Эмийн гаж нөлөө гэж юуг хэлдэг вэ. Мөн ямар хэлбэрээр илэрдэг юм бол?
-Аливаа өвчин эмгэгийг эмчлэх зорилгоор эмийг хэрэглэхэд өвчтөнд ашиг тустай эмчилгээний үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ бас заримдаа сөрөг тааламжгүй, бүр хортой нөлөө үзүүлэх явдал ч байдаг. Энэ үзэгдлийг эмийн гаж нөлөө гээд байгаа юм. Жишээлбэл, харшлын урвал гэж бий. Бие дээр тууралт гарна. Толгой өвдөх, гүйлгэх, бөөлжих зэрэг хэлбэрээр илэрдэг. Мөн биохимийн шинжилгээнд хүртэл өөрчлөлт өгөх шинжээр илэрч байдаг. Мөн жирэмсэн үед хэрэглэвэл ургийн гажиг үүсгэх ч хортой нөлөөтэй эмнүүд ч бий.
-Эмийн гаж нөлөөнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой байдаг вэ?
-Эмч тухайн өвчтөнд эм бичихдээ энэ хүнд ямар гаж нөлөө үүсэж болзошгүй гэдгийг тооцоолох хэрэгтэй. Түүнчлэн өвчтөн өмнө нь ямар эм уугаад сөрөг нөлөө үзүүлсэн талаар мэдэж байх ёстой. Өөртөө болон гэр бүлийн гишүүдэд ямар эм тариа тохирохгүй байсныг мэдэж байх нь хамгийн чухал.
-Эмийг хавсран хэрэглэх тохиолдол элбэг байдаг. Ер нь хавсарч хэрэглэхэд хоорондоо харилцан нөлөөлдөг юм болов уу?
-Өнөөгийн байдлаар эмийн зах зээл өргөжсөөр байна. Тухайлбал, парацетамол өвчин намдаах, халуун бууруулах үйлчилгээтэй эм ихэнх ханиадны эмний найрлагад их бага тунгаар орсон байдаг. Манайхан худалдаж авахдаа өөр өөр эм гэж бодож аваад хэрэглээд байдаг. Эмнийхээ заавар, найрлагыг уншиж авахгүй байх тохиолдол түгээмэл байдаг. Хэрэглэж байгаа эмнийхээ тунгыг мэдэхгүйгээр хавсран хэрэглэвэл эмийн гаж нөлөө илэрч болзошгүй. Эмийн заавар, найрлагатай танилцаж сурах нь чухал асуудалд болоод байна. Эрүүл мэндээ зөвхөн эмчид даатгах бус эрүүл мэндийнхээ төлөө хийж буй үйлдэл бүртэй анхаарч тунгаах нь чухал.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.