Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 30
Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Богд хааны ордон музейд болов.
Тус үзэсгэлэнд Улаанбаатар хотын музей, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэн хамтран оролцож байгаа юм. “Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэнд Богд Жавзандамба хутагт хийгээд Эх дагина Дондогдулам нарын өмнө нийтэд дэлгэгдэж байгаагүй ховор гэрэл зургууд, өмсч эдэлж байсан эд зүйлс, гутал, малгай, дээл, хантааз, хамжаар, эрих, хөөрөг зэргийг дэлгэн үзүүлсэн байна.
Эдгээрийн дотор Дондогдулам хатны 30 гаруй настай үеийн гэрэл зурагт ноён хүний отго жинстэй хилэн малгай, хөлтэй магнаг ёст дээл, хээтэй хантааз, өмсөж, Манжийн Энх-Амгалан хаанаас анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарт бэлэглэсэн сэнтий дээр баруун гартаа эрих барин сууж байгаагаар татуулжээ.
Энэ зураг нь 1903 оны үед Дондогдулам хатан Эрдэнэцэцэн ноён цол хүртсэн үеийн зураг ажээ.
Мөн Дондогдулам хатны Богдын хатан болохоос өмнөх залуухан үеийн хоёр гэрэл зураг байгаа нь өмнө дэлгэгдэж байгаагүй зураг юм байна.
Зураг: VIII Богд Жавзандамбын өсвөр нас буюу 15-16 орчим настай үеийн гэрэл зураг. Буулгасан эх зураг. Одоогоор бидэнд олдсон түүний хамгийн залуу үеийн гэрэл зураг юм. Тэрээр уг гэрэл зургийг 1884-1885 оны орчимд авахуулсан бололтой. Уг зурагт залуу Богд сандал дээр сууж, хоёр гараа өвдөг дээрээ тавьж, отог жнстэй хилэн малгай бүчилж, нударгатай, дугуй хээтэй торгон тэрлэг, хээтэй торгон додиг, монгол гутал өмсөж, бүснийхээ зүүн талд даалин хавчуулжээ. Тэрээр баруун гарынхаа дунд, ядам хуруу, зүүн гарынхаа ядам хуруунд бөгж зүүж, зүүн гартаа эрих унжуулан барьжээ. Түүний барруун гар талд ширээний нэг хэсэг харагдаж буй ба түүний дээр хоёр цаг байна. Зургийн доод хэсгийн фокус сарниж, Богдын гутал, тэрлэгийн хормой бүдэг гарчээ.
“Богд хааны ордон музей”-н эрдэм шинжилгээний ажилтан Ц.Гүнчин-Иш
-ӨНӨӨДӨР ШИНЭЭР ТАВИГДАЖ БУЙ ЗУРАГ БОЛ БОГДЫН 15-16 ОРЧИМ
НАСНЫ БАЙДЛЫГ ХАРУУЛСАН ЗУРАГ-
-Энэ үзэсгэлэнд Богд хаан болоод Дондогдулам хатны өмнө дэлгэгдэж байгаагүй шинэ зургуудыг дэлгэсэн гэлээ. Ямар шинэ зургууд байна вэ?
-Богд хааны 10 гаруй гэрэл зураг байдаг. Эдгээр зургууд нь нийтэд харьцангуй нээлттэй, хүрчихсэн зургууд юм. Сошиалд эдгээр зургууд нилээд тарчихсан байдаг ч яг жинхэнэ, бодит тайлбар, судалгааны үндсэн дээр тайлбарласан нь ховор байдаг. Энэ зургуудыг бид эхний ээлжинд нарийн тодорхойлох гэж оролдсон. Богд хэдэн настайдаа авахуулсан зураг вэ, зарим зургийг нь хэн гэдэг хүн хаана авсан бэ зэргээр судласан. Энэ үзэсгэлэнд бид Богд хааны нэг шинэ зураг, Дондогдулам хатны хоёр шинэ зургийг дэлгэн тавьсан. Энэ зургууд нь Богд хаан болоод Дондогдулам хатны авахуулсан зургуудаас хамгийн залуудаа авахуулсан зураг гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар Богд хааны хамгийн залуудаа авахуулсан зураг бол 20 настайгийн зураг нь байдаг. Үүнээс өмнө таван настайдаа авахуулсан зураг нь их маргаантай, Богдын зураг биш гэж судлаачид үздэг. Өнөөдөр шинээр тавигдаж буй зураг бол Богдын 15-16 орчим насны байдлыг харуулсан зураг юм.
bogd haan-Дондогдулам хатны зургийн хувьд?
-Дондогдулам хатны хоёр зургийн хувьд мөн адил 17-18 настайдаа авахуулсан зураг бий. Энэ хоёр зураг хоорондоо их адилхан ч, хувцас нь их өөр байдаг. Тэгэхээр нэг дор юм уу, эсвэл ойролцоо хугацаан хувцасаа сольж авахуулсан байх магадлалтай зураг болж таараад байгаа юм. Мөн гэрэл зургуудад хаан хатан хоёр өмсөж авахуулсан хувцас, хэрэглэлүүдийг давхар музейн сан хөмрөгөөс гаргаж ирж харуулсан үзэсгэлэн болж байна.
-Эдгээр зургуудыг өмнө нь судалгаа, шинжилгээ хийж байсан болохоор дэлгэн харуулж байгаагүй юм уу?
-Өмнө нь Богдын тодорхой зургууд олон нийтийн хүртээлд хүрдэг байсан. Зарим шинэ зургуудын хувьд хадгалагдаж байгаад, хүмүүст мэдэгдээгүй байж байгаад саянаас л гэнэт мэдэгдэж, гарч ирж байгаа юм. Олдож байгаа боломж нь энэ гэсэн үг л дээ.
-Богдын энэ шинэ зургийг хаанаас олж авав аа?
-Гандангийн Эрдэм соёлын хүрээлэнгийнхэн, тэр дундаа Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга н.Амгаланлхам шинээр олж, “Богд хааны амьдрал өв” нэртэй эрдэм шинжилгээний хурал дээр танилцуулсан. Энэ 12 дугаар сарын 8-ны өдөр Богд хааны ордон музейгээс зохиосон энэ хурал дээр олны өмнө танилцуулаад, дараа нь манай үзэсгэлэнд дэлгэгдэж байна.
-Энэ зурагнаас үүдээд олон судалгаа, шинжилгээний ажлууд эхлэв үү?
-Тиймээ. Энэ бол өмссөн хувцаснаас нь эхлээд их сонирхолтой. Тухайлбал, Богдын додиг, отготой хилэн малгай өмссөн байна. Мөн нүдний харц, царайны төлөв байдал зэргээс нь харахад бараг анх удаа зураг авахуулж буй хүн шиг царай төрхийг гаргасан байдаг. Үүний дараа буюу 20 настайдаа авахуулсан зураг нь бүр зураг авахуулаад сурсан хүн шиг дөлгөөхөн, сайхан суусан байна.
-Энэ жилийн ойд зориулан Богд хааны ордон музей ямар ажлууд хийж байгаа вэ?
-Богд хааны ордон музейн хийсэн нэг том ажил бол гар утасны апп бий болгосон явдал юм. Хүмүүс Богд хааны ордон музейн тухайн мэдээллийг түүхэн талаас нь авах боломжтой. Музейн маршрутын дагуу үзмэрүүдийн мэдээллийг авч болно. Мөн музей дээр зохион байгуулагддаг тогтмол үйл ажиллагаануудын мэдээллийг авч болно. Түүнчлэн музейн үндсэн мэдээлэл болох байршил, тасалбарын үнэ, цагийн хуваарь гэх мэтийг унших боломжтой. Нэг татаад суулгасан байхад интернэтгүй орчинд ажиллах боломжтой апп учраас та бүхэн “Bogd khan palace museum” гэж хайгаад үнэгүй татаж авч ажиллуулах боломжтой. Үүний дараа бид Богд хааны хүүхдүүдийн үр ач нарыг цуглуулж дурсамж уулзалт хийсэн. Энэ уулзалтын үеэр мөн музейн анхны захиралуудын хүүхдүүд ирж оролцсон. Мөн “Богд хааны амьдрал, өв” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, одоо гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргаж байна. Маргааш Богд хааны ордон музей дээр хаан туульсийн өргөөнд “Бүжин Даваа хаан” нэртэй ардын их хөлгөн туульсийг хайлахаар бэлдлээ. Он гараад тууль хайлах хоёр арга хэмжээ зохиогдоно.
Б.ГЭРЭЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН
ibook.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.