Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 06
・ 8

Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байсан хятад эр дөрвөн настай монгол хүүг заазуурдаж хөнөөсөн хэрэг гараад хэд хонолоо. Уг хэргийг үйлдсэн этгээд нийт гурван хүнийг хэрцгийгээр зодсон юм. Тодрулбал, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд өнгөрсөн сарын 30-31-нд шилжих шөнө эхнэр болон гэрт нь байсан дөрвөн настай хүүг заазуурдан хөнөөж, дагавар хүүхдээ хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Гэмт хэрэг үйлдсэн энэ этгээд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хорчин зүүн үзэмчин хошууны иргэн Өргөнтал гэгч юм байна.
Тэрээр тухайн үед баяр тэмдэглэж, эхнэртэйгээ хамт архи ууж, айлд очиж, найрлажээ. Ингээд хоёулаа согтоод хоорондоо маргалдсан байна. Маргалдсан дариудаа эхнэрээ заазаардаж, дагавар хүүгээ ч мөн айлгасан аж. Ингэчихээд хажуу өрөөнд унтаж байсан эхнэрийнхээ дүүгийн дөрвөн настай хүүг заазуурдаад хөнөөчихөж, эхнэр нь мөн шархаа даалгүй эмнэлэгт очоод амиа алджээ. Харин дагавар хүүгийнх нь биеийн байдал тааруу байна. Дагавар хүүгээ мөн бүрэлгэхээр дайрах үед нь 13 настай Б зугтан хөршийндөө очиж тусламж хүсэж, амьд гарчээ. Тухайн үед түүний эхнэрийн дүү нь хүүхдээ түр харуулахаар тэднийд авчраад орхисон байжээ. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Өргөнталын эхнэр Х нь Баянхонгор аймагт 1976 онд төрсөн бөгөөд 1999, 2004 онд төрсөн хоёр хүүтэй аж. Тэрбээр “Хархорин” худалдааны төвд лангуу түрээслэн наймаа хийж амьдардаг, цэцэрлэгийн багш мэргэжилтэй нэгэн байжээ. Тэд 2008 онд танилцаж, удалгүй хамтран амьдарч 2014 оны зургадугаар сард гэрлэлтээ батлуулсан гэр бүл юм байна.
СЭЖИГТЭН ӨРГӨНТАЛ ГЭЖ ХЭН БЭ
1971 оны нэгдүгээр сард ӨМӨЗО-ы Хорчин зүүн үзэмчин хошууны Улиастай балгаст төрсөн өдгөө 46 настай Өргөнтал бүрэн дунд боловсролтой, хятад, монгол хэлний орчуулагчаар ажилладаг аж. Манай улсад анх 2007 онд орж ирсэн бөгөөд “Жигүүр гранд”, “Бэрэн” зэрэг компанийн хятад ажилчдын орчуулагчаар ажиллаж байжээ. Хамгийн сүүлд тэрбээр Хятадын хөрөнгө оруулалттай уул уурхайн чиглэлийн “Хуа Ди” гэх компанид орчуулагчаар ажиллаж байсан юм байна. Тус улсын хууль сахиулах байгууллагаас манайд ирүүлсэн мэдээллээр Өргөнтал гэгч өвөрлөгч эр нутагтаа ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй аж.
Хэрэг гарсан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны байрыг тэд түрээслэн амьдардаг байжээ. Мөн тэд орчуулга хийж, наймаа эрхэлж сардаа хоёр сая гаруй төгрөгийн орлого олдог байжээ. Манай улсын хуулиар гадаадын иргэнтэй гэр бүл болоход нэлээд чанга шалгууртай байдаг учраас гэрлэлтээ батлуулснаас хойш хоёр жил орчмын дараа буюу 2016 оны тавдугаар сард Монгол Улсад нэг жилийн хугацаагаар оршин суух зөвшөөрөл авсан юм байна. Түүнээс өмнө өөр ангиллын виз авч манай улсад орж ирдэг байсан гэнэ.
Өргөнталыг яллагдагчаар татан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар, өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, хоёр буюу түүнээс олон хүнийг хөнөөсөн, 96 дугаар зүйлд заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан хэмээн буруутган шалгаж байна.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.