Нүүрсний утааг яаж арилгахыг мэддэггүй төр засаг

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 19 ・ 3

АНУ-ын “CNN” агентлагийн цахим хуудсанд дэлхийн хамгийн их утаатай хотуудын тухай нийтэлжээ. Уг нийтлэлд утаандаа дарагдсан хотуудад амьдарч буй иргэд нь амьсгалахад ч хүнд байгаа гэсэн байна. Харин эдгээр агаарын бохирдлоороо тэргүүлж байгаа хотуудын дунд манай нийслэл Улаанбаатар хот тэргүүн эгнээний хотуудын тоонд оржээ. Бидний өмнө урд хөршийн нийслэл Бээжин болон бусад томоохон хэд хэдэн хот орсон байна. Түүнчлэн Энэтхэг улсын томоохон хотууд ч мөн энэ жагсаалтад багтжээ. Агаарын бохирдлын гол шалтгаан бол гэр хорооллын утаа байдаг. Тэгвэл халуун орны Энэтхэг оронд томоохон үйлдвэрүүд болон, машин техникийн утаа нь ийнхүү гамшгийн хэмжээнд хүрчээ. 
Манай орны хувьд утааны асуудал сүүлийн 10 жилд номер нэг асуудал болсоор байгаа. Утааг бууруулахын тулд өч төчнөөн тэрбум төгрөгийг зарлагдсан төсөл хөтөлбөрүүдийг жил бүр хэрэгжүүлдэг ч үр дүнгээ өгөхгүй байсаар гамшгийн хэмжээнд хүрсэн.  Иймээс л жил ирэх бүр агаарт дэгдэх хорт хий ихсэж ард иргэдийн эрүүл мэнд амь насанд заналхийлж байна. Сүүлийн жилүүдэд утааны хэмжээ болоод түүнд агуулагдах хорт бодисын хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсэн аж. Тэгвэл манай орны утааны асуудал зөвхөн бидний өөрсдийн санааг зовоогоод зогсохгүй гадныхны ч гэсэн санааг зовоож эхэлжээ. Тодруулбал “CNN” –д бичиснээр бол гурван сая хүрэхгүй хүн амтай Монгол улсын талаас илүү хувь нь Нийслэл хот Улаанбаатартаа амьдардаг аж. Харин тэдгээр иргэдийн ихэнх нь амьсгалын замын болон уушигны өвчтэй болсон байна гэжээ.
Манайхан өч төчнөөн мөнгө төгрөг зарлагадан хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд үр дүнгээ өгөхгүй байгааг гадныхан олж хараад иргэдийнх нь эрүүл мэнд ямар аюултай түвшинд байгааг анхааруулж яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэж байгаа. Засгийнхан дулааны цахилгаан станц барих зориулалтаар газар эзэмших эрх олгохдоо эхлээд холбогдох газруудаар байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ хийлгэж, тэрхүү  үнэлгээг үндэслэн газар эзэмшүүлэх эсэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гаргах нь зүйтэй гэж үзээд бай. Гэвчиг өнөөдрийг хүртэл газрын асуудал нэг талдаа гарсангүй ээ.

 Өмнө нь III станцын баруун талд барихаар болоод бүр тендер зарлаад зургаан оролцогч энэ тэр гарч ирээд байтал, нөгөөх газрыг нь  14 аж ахуйн нэгж зөвшөөрлөөр ашигладаг нь гэнэт тодорхой болоод больсон. Компаниудаас газрыг нь авахын тулд төр 55 тэрбум төгрөг зарлагадах шаардлагатай болсон. Зөвхөн мөнгөний асуудлаар зогсохгүй цахилгаан станцад түлэх 1,8 сая тонн нүүрсийг тээвэрлэх, ачих өртөөдийн боловсруулах чадвар, замын нэвтрүүлэх чадал хүрэлцэхгүйгээс гадна хотын тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Үнс  зайлуулж хадгалах газар байхгүй, усан хангамжийн асуудлыг нэмэлт эх үүсвэр байгуулж, шийдвэрлэх шаардлагатай. Гэтэл III станцын зарим байгууламжийг буулган шилжүүлэхэд хөрөнгө шаардагдах зэрэг хүндрэл гараад байгаа учраас болохгүй юм байна гээд больсон байгаа юм.

Тэгээд л одоо яригдаж байгаа газрын асуудал босч ирсэн юм. Хамгийн гол нь манай улс эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болохгүйгээр ирэх жилүүдийнхээ  эрчим хүч, дулаан хангамжийн хэрэглээгээ шийдвэрлэж чадахгүй гэдэг асуудлыг яриад үнэхээр багагүй хугацаа өнгөрчээ.

Уг нь V станцын ажлыг  2013 онд эхлүүлээ  2016 онд эхний хэсэг нь ашиглалтад орчихно гэж өмнөх засгийн үед нөхдүүд донгодож байлаа. Мөн энд нэг зүйлийг тодотгоход манай нөхдүүд эрчим хүч, дулааны шинэ эх үүсвэр барьж байгуулна гээд яриад, дэвхцээд байдаг ч дотоодын эрчим хүчний нүүрсний хангамжийн асуудлаа олигтой шийдвэрлэж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Одоо утааны асуудал гамшиг боллоо, энэ хот сүйрлээ гэхэд харин тиймээ гэхээс илүүг төр засгийнхан үнэндээ хэлж чадахгүй сууж байгаа юм.

Г.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: