Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 19
・ 1

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох зорилгоор 2017 оноос эхлэн хэрэгжүүлэх инновацийн төслийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 14-ны өдрөөс эхлэн зарлажээ. Тиймээс эрдэмтэн, судлаачид Монгол Улсын засгийн газрын 2014 оны 301 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу өөрийн бүтээлийн, төслийн баримт бичгээ боловсруулан, сонгон шалгаруулалтанд оролцохыг холбогдох байгууллагаас урьж байгаа юм байна. Төслийн сонгон шалгаруулалтанд оролцох бүтээл нь урьдчилсан судалгаа хийгдсэн, оюуны өмчөөр баталгаажсан байх шаардлагатай аж.
Мөн мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, шинэ дэвшилтэт технологи бөгөөд бодит хэрэглээ болгох, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлохуйц стратегийн ач холбогдол бүхий инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэгдсэн бүтээл байх шаардлагатай юм байна. Мөн үүнээс гадна шинжлэх ухааны салбарын мэргэжлийн эрдэмтэд, судлаачид хамтран оролцсон, төсөл хэрэгжүүлэх хүний нөөц болон лаборатори, багаж тоног төхөөрөмж, туршилтын баазаа бүрдүүлсэн байх ёстой аж. Ингэхдээ “Инновацийн тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай. Төсөл хэрэгжих хугацаа нь хоёр жил байх бөгөөд санхүүжилт нь 90 хүртэл сая төгрөг байна гэж төслийн журамд заажээ.
Төслийн материалаа бүрдүүлж өгөхдөө Төслийн санхүүжилтээр худалдан авах багаж, тоног төхөөрөмжийн үнийн санал, техникийн үзүүлэлтийг баримтжуулан хавсаргах, техник, эдийн засгийн үндэслэл, зах зээлийн судалгаа, зардал, үр ашгийн тооцоог хийсэн байх шаардлагатай юм байна. Төслийн төсөвт өртөг, зардлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн төсөвт өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д нийцүүлсэн байна.
Зарласан болзол, шаардлагыг бүрэн хангасан, сонгон шалгаруулалтад оролцох төслийн саналыг 2017 оны хоёрдугаар сарын 17-ний өдрийн 17-00 цаг хүртэл (http://www.project.edu.mn/) цахим хаягаар бүртгэнэ гэж Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээллээ. Харин төслийн баримт бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 118 тоот өрөөнд хүлээн авах юм байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.