Д.Трампын тангараг өргөх ёслол

Дэлхий ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 21

 

Трамп үг хэлэхдээ “Эрхэм Ерөнхий шүүгч Робертс, Ерөнхийлөгч Картер, Ерөнхийлөгч Клинтон, Ерөнхийлөгч Буш, Ерөнхийлөгч Обама, Америкийн ард түмэн болон дэлхий дахин та бүхэнд баярлалаа.

Америкийн ард түмэн бид улс орноо сэргээн босгож, улсынхаа иргэн бүрийн итгэл найдварыг сэргээхээр өнөөдөр энд цуглаж, нэгдээд байна.

Ирэх жилүүдэд Америкийн болон дэлхий дахины зүг чигийг бид хамтдаа тодорхойлох болно.

Бидэнд олон сорилт тулгарах нь мэдээж. Бид саад бэрхшээлийг сөрөн зогсож, даван туулах болно. Бид энэ ажлыг сайн хийж чадна.

Дөрвөн жил тутамд бид төрийн эрхийг цэгцтэй, тайвнаар шилжүүлэн өгөх үйл явцын гэрч болохоор цугладаг. Төрийн эрхийг шилжүүлэн өгөх ажилд энэрэнгүй сэтгэлээр тусалсан Ерөнхийлөгч Обама, тэргүүн хатагтай Мишель нарт талархлаа илэрхийлье. Тэд гайхамшигтай сайн байсан.

Өнөөдрийн ёслол бол маш онцгой утга учиртай. Өнөөдөр бид нэг засаг захиргаанаас нөгөө засаг захиргаанд эсвэл нэг намаас нөгөө намд төрийн эрхийг шилжүүлэн өгч байгаа юм биш. Харин бид Вашингтоны эрх мэдлийг Америкийн ард түмэн та бүхэнд шилжүүлж,  буцаан өгч байна.

Хэтэрхий урт хугацаанд манай улсын нийслэл дэх нэгэн жижиг бүлэг засгийн газраас ашиг хүртэж, шагнал авлаа. Харин үүний зардлыг нь ард түмэн төллөө.

Вашингтон цэцэглэсэн ч ард түмэнд баялгаасаа хуваалцаагүй.

Улс төрчид баяжсан ч ажлын байр орхигдож, үйлдвэрүүд хаалгаа барьсан.

Вашингтон ард түмнээ бус өөрсдийгөө л хамгаалсаар ирлээ.

Тэдний ялалт Америкийн ард түмэн та бүхний ялалт байсангүй. Тэд нийслэл хотод ялалтын баяраа тэмдэглэж байхад манай улсын өнцөг булан бүрт маш олон айл өрх амьдралын төлөө, амьдрах гэж тэмцэж байлаа.

Энэ бүхэн яг эндээс, яг одооноос өөрчлөгдөх болно. Учир нь энэ мөч бол та бүхнийх. Та бүхэнд зориулагдсан мөч.

Энэ мөч бол өнөөдөр энд цугласан хүн бүрт болон Америк даяар ёслолыг үзэж буй хүн бүрт хамаатай. Өнөөдөр бол та бүхний өдөр. Энэ бол та бүхний баяр.  АНУ бол та бүхний эх орон.

Асуудлын гол нь аль нам засгийн газрыг удирдаж байгаад байгаа юм биш. Харин засгийн газрыг ард түмнээр удирдуулж байгаа эсэхэд байгаа юм. 2017 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр бол ард түмэн дахин энэ улсын удирдагчид болсон өдөр хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх болно.

Бид орхигдсон хүмүүст, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн аль алинд анхаарлаа хандуулах болно.

Хүн бүр одоо таныг сонсч байна.

Дэлхийн дахины урьд өмнө нь хэзээ ч үзэж харж байгаагүй түүхэн хөдөлгөөний нэг хэсэг болох гэж та бүхэн энд ирсэн. Энэ хөдөлгөөний төвд  нь ард иргэддээ үйлчилдэг улс орон, төрийг бий болгоно гэсэн итгэл үнэмшил бий.

Америкчууд үр хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлж, ар гэрийнхнийгээ аюулгүй орчинд амьдрах нөхцлөөр хангаж, өөрсдөө ажилтай орлоготой болохыг хүсч байна. Энэ бүхэн бол шударга ард түмний зөв бөгөөд биелүүлж болохоор шаардлага.

Манай улсын хэтэрхий олон иргэний хувьд амьдрал, бодит байдал шударга бус байна. Манай улсад эхчүүд, хүүхдүүд ядууралд нэрвэгдсэн байна. Манай улсын хаа сайгүй булшны чулуу шиг зэвэрч хэмхэрсэн үйлдвэрүүд байна. Боловсролын тогтолцоо мөнгөний гачаалд орсны улмаас манай залуус болон оюутан сурагчид хохирч, мэдлэгээр цангаж байна. Гэмт хэрэг, гэмт хэргийн бүлэглэлүүд, мансууруулах бодис хэтэрхий олон хүний амийг авч одож, манай улсын ард түмний сайн сайхан амьдрах боломжуудыг булаан дээрэмдсээр байна.

Энэ Америкийн аллага хядлага яг энд, яг одооноос дуусгавар боллоо. Бидний өвдөх өвчин нэг-бид бол нэг улсын иргэд. Тэдний мөрөөдөл биднийх, тэдний амжилт ч бидний амжилт байх болно. Бид нэг зүрхтэй, нэг гэртэй бөгөөд нэг аугаа хувь тавилантай хүмүүс.

Миний өнөөдрийн өргөсөн тангараг бол Америкийн бүх ард түмний төлөө зүтгэхийн тангараг юм.

Олон арван жилийн турш бид Америкийн аж үйлдвэрийн зардлаар гадаад улс орнуудын түрийвчийг түнтийлгэлээ. Өөрийн улсын армийн төсөв хомсхон байгааг үл хайхран бусад улс орны армиудыг санхүүжүүллээ. Бид өөрийн улсынхаа хилийг хамгаалахын оронд бусдын хилийг хамгааллаа. Америкийн дэд бүтэц эвдэрч муудаад байхад бид гадаад улс орнуудад хэдэн их наяд доллар зарцууллаа.

Бид бусад улс орныг баян болгож байх зуур манай улсын эд баялаг, сүр хүч болон итгэл найдвар хэдийн алдарсан байна.

Америкчууд сая саяараа ажилгүй хоцорч, үйлдвэрүүд ар араасаа хаалгаа барьсан байна.

Дундаж давхаргынхны эд хөрөнгийг гэрээс нь хуу хамж, бүх дэлхий даяар тараажээ.

Гэхдээ энэ бүхэн өнөөдрөөр ард хоцорч байна. Одоо бид зөвхөн ирээдүйгээ харах болно.  Өнөөдөр энд цугласан бид бүгд дэлхийн хот бүрт, гадаад улс орнуудын нийслэл бүрт болон дэлхийн өнцөг булан бүрт сонсогдохоор шинэ зарлиг буулгаж байна.

Энэ цагаас эхлэн манай улсыг шинэ алсын хараатнууд удирдах болно. Энэ мөчөөс эхлэн Америк нэгдүгээрт байх болно.

Худалдаа, татвар, цагаачлал болон гадаад харилцааны талаарх шийдвэр бүхний ашиг шимийг Америкийн ажилчин ангийнхан болон Америкийн өрх бүр  хүртээх болно. Манай бүтээгдэхүүнийг гаргаж, манай компаниудыг тонож, бидний ажлын байрыг устгаж байгаа бусад улс орны тонуулчдаас бид хилээ хамгаалах ёстой.

Хамгаалалт нь илүү хөгжин цэцэглэж, хүчирхэг болгоход хүргэх болно.

Би энэ биеэрээ, амьсгалах бүртээ та бүхний төлөө зүтгэж, тэмцэх болно. Бууж өгөхийг зөвшөөрөхгүй.

Америк  дахин ялах болно. Бид ажлын байрыг буцаан авчрах болно. Бид хилээ буцааж авчрах болно. Бид эд баялгаа буцааж авчрах болно. Бид мөрөөдлөө буцааж авчрах болно.

Бид гайхамшигт улс орон даяараа шинэ зам, хурдны зам, төмөр зам тавьж, гүүр, нисэх онгоцны буудал болон туннелиуд барина.

Бид ард түмнээ халамжаас гаргаж, ажлын байраар хангах болно. Америкчуудын гараар, америкчуудын хөдөлмөрөөр улс орноо сэргээн босгоно.

Америкийг худалдан ав, америкчуудыг ажиллуул гэсэн хоёр энгийн дүрмийг бид баримтлах болно.

Бид дэлхийн улс орнуудтай найрсаг, сайн харилцаатай байхыг эрмэлзэх болно. Гэхдээ бид тэдэнд өөрийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавих нь бүх улс орны эрх гэдгийг ойлгуулах болно.

Бид хэн нэгний амьдралын замналаар явахыг хүсэхгүй. Харин хүн бүр даган үлгэрлэхээр тодоос тод гялалзаж, гэрэлтэх болно.

Бид хуучин холбоотнуудтайгаа харилцаагаа бэхжүүлж, шинэ харилцааг бий болгож, лалын хэт давруу үзэлт террористуудын эсрэг дэлхий нийтийг нэгтгэж, террористуудыг дэлхийн хөрснөөс бүрэн цэвэрлэх болно.

Америкчууд бид бие биедээ итгэх хэрэгтэй.

Та бүхэн эх оронч үзэлд сэтгэлээ нээсэн тэр үед алагчлал гэж байхгүй болно.

Библь бидэнд “сайн сайхан зүйл бодож, бие биедээ хэдий чинээ энэрэнгүй хандана тэр үед бурхны хүмүүс хамтдаа эв нэгдэлтэй амьдрах болно” гэж номлосон байдаг.

Бид нээлттэй ярилцаж, санал зөрөлдөөнтэй байгаа зүйл дээрээ санаа бодлоо илэн далангүй илэрхийлэх хэрэгтэй. Гэхдээ эв нэгдлийг ямагт эрхэмлэх хэрэгтэй.

Америк нэгдэж чадсан тэр үед бид хэнд ч дийлдэшгүй болж, биднийг хэн ч зогсоож чадахгүй.

Юунаас ч айх хэрэггүй. Бид бүгдээрээ хамгаалагдсан. Бид хэзээд хамгаалалт дор байх болно.

Биднийг манай зэвсэгт хүчний эрэлхэг эрчүүд болон эмэгтэйчүүд, хууль сахиулагчид хамгаална. Биднийг бурхан байнга хамгаалдаг.

Эцэст нь хэлэхэд, бид илүү томыг бодож, илүү томыг мөрөөдөх хэрэгтэй.

Бидэнд зөвхөн ярьдаг, ярьж хэлснээ ажил хэрэг болгодоггүй, юу ч хийдэггүй хэрнээ байнга гомдоллож байдаг улс төрчид хэрэггүй.

Хоосон ярих цаг дууссан. Одоо хийх цаг ирлээ.

Чадахгүй, боломжгүй гэх үгийг бүү хүлээж ав. Ийм үгс нь америкчуудын зүрх сэтгэл, тэмцэлд нийцэхгүй.

Бид ялах болно. Манай улс дахин хөгжин цэцэглэх болно.

Бид шинэ мянганыг өлгийдөн авч байна. Бид сансрын нууцыг тайлж, эх дэлхийг өвчин зовлонгоос гэтэлгэж, маргаашийн эрчим хүч, аж үйлдвэр болон технологийн эрин үе руу давшихад бэлэн байна.

Үндэсний шинэ бахархал бидний зүрх сэтгэлийг нэгтгэж, харцыг өргөж, хагарлыг эдгээх болно.

Хэзээ ч үл мартагдах манай цэцэн мэргэн ухаант цэргүүдээ дурсан санах цаг ирлээ. Бид хар, бор, цагаан арьстан аль нь ч бай бидний судсаар адилхан улаан өнгөтэй цус урсаж, бид бүгдээрээ аугаа эрх чөлөөг эдэлж, Америк гэсэн нэг улсын туганд ёсолж байна.

Түм түжигнэсэн Детройтод төрсөн хүүхэд эсвэл салхи нэвт үлээсэн Небраскад төрсөн хүүхэд бүгд нэг тэнгэрийг харж, адилхан мөрөөдөж байна.

Тиймээс ойрын болон холын, жижиг болон том бүх хотод суугаа Америкийн иргэн бүр сонсоцгоо!

Та бүхнийг дахин хэзээ ч үл тоомсорлохгүй.

Та бүхний дуу хоолой, итгэл найдвар болон мөрөөдөл Америкийн хувь заяаг тодорхойлох болно.

Та бүхний эр зориг, сайхан сэтгэл болон хайр энэрэл бидэнд замчлах болно.

Хамтдаа, бид Америкийг дахин хүчирхэг болгох болно.

Бид баян чинээлэг болгох болно.

Бид Америкаар дахин бахархдаг болох болно.

Бид Америкийг дахин аюулгүй болгох болно.

Тийм ээ, бид хамтдаа Америкийг дахин аугаа болгох болно. Баярлалаа. Бурхан намайг ивээх болтугай. Бурхан Америкийг ивээх болтугай"

Орчуулагч: montsame Г.Доржханд  

 

Тангараг өргөх ёслолд зориулсан сүрт жагсаал эхлэх үе

Тэргүүн хатагтай Меланиа Трамп хүрэлцэн ирлээ

Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөв

Дональд Трамп Хиллари Клинтон руу даллав

Сүрт жагсаалд оролцогчид

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх