-Тайзан дээр та бардам, сүр хүчтэй харагддаг. Тайзнаа алхаж байх үеийн мэдрэмж ямар байдаг вэ?
-Бусад загвар өмсөгчид ч бас сайн ойлгох байх. Тайзан дээр алхах, камерын өмнө гарахад бахархах, бардамнах сэтгэл төрж, эрүү цаанаасаа өргөгдөөд л... Камерын өмнө зогсож байхад юм болгон мартагддаг. Тэнд л гоё таашаал авч, аз жаргалыг мэдэрдэг. Зургаа авахуулж байхдаа тэр гайхалтай мэдрэмжийг олон удаа мэдэрч өөрөө өөртэйгөө ярьж байлаа.
-Гэтэл та загварын тайзаа орхиж байгаа талаар саяхан ярьсан байсан. Тайзнаас буух арай эрт биш үү?
-Тайзан дээр алхахгүй ч би фото моделийнхоо ажлыг хийнэ. Тэрнээс гадна хийх ажил их байна. Тиймээс тэрэнд онцгой ач холбогдол өгөөгүй.
-Урлаг танд юу өгсөн бэ?
-Урлаг надад их сайхан хүмүүжил өгсөн. Урлагаас хүн үргэлж таашаал, зөв үлгэр дуурайл, сайн сайхан гэгээлэг бүхнийг авдаг. Муу дүрд тоглолоо гэхэд бусдад ухаарал өгдөг, ийм юм хийж болохгүй юм шүү гэдгийг хүнд таниулж, харуулдаг. Тэрийг дагаад урлагийн хүмүүс их гэгээлэг өөдрөг байдаг юм.
-Таны тоглосон кино жүжгээс энэ маань их сэтгэлд хүрсэн юм шүү гэж боддог ямар дүр байдаг вэ?
-2009 онд хийж байсан “Цасан охин” бол үнэхээр гоё кино. Мөн хүмүүсийн сэтгэлд хүрсэн “Лардьма” кино байна. Бас дөнгөж сургуулиа төгсөөд “Хувьсал” продакшнд тайзны уран бүтээлүүд дээр ажиллаж байсан. Хүмүүсийн сайн мэдэх “Чамайгаа алдмааргүй байна” жүжиг. Тайзны уран бүтээл тухайн үед бичиж чадаагүй бол хальсан дээр үлддэггүй нь жаахан харамсалтай.
-Удаан хугацаанд дүрээрээ амьсгалж, тэрүүгээрээ амьдарсан дүр байдаг уу?
-Маш хүнд дүрд тоглож байгаагүй болохоор харьцангуй гайгүй. Би хөнгөхөн, нэг юмандаа удаан шаналаад зовоод байдаггүй хүн.
-“Лардьма”-д тоглож байх үед тийм үе байсан уу?
-“Лардьма” кинонд тоглох үед манай охин найман сартай хөхүүл байсан юм. Зураг авалтын үеэр хөх чинэрээд байхаар нь сүүгээ саагаад, тэнгэрт цацчихаад зургандаа ордог байлаа. Тухайн үед эмэгтэйчүүдийн хорих ангид зураг авч байхад сэтгэл их өвдөнө. Тэнд 0-1 насны хүүхэдтэй ээжүүд нарлаад сууж байдгийг хараад өөрөө нялх хүүхэдтэй байсан болохоор үнэхээр зүрх шимширмээр хэцүү байсан.
-2013 онд энэ киноны нээлтийн үеэр та СТА цол хүртсэн. Тухайн үед танд юу бодогдож байсан бэ?
-Тухайн үед үнэхээр сайхан байсан. Би өөрийгөө авах ёстой үедээ л авсан гэж боддог. Тэрнээс арай эрт авчихсан байвал болохгүй л байсан байх. “Лардьма” киног би найзууддаа миний “Сэргэн мандалтын үе” гэж шоглож хэлдэг юм. Үнэхээр сайн уран бүтээл болсон. Нийгэмд бид нуугдмал байгаа зүйлийг нээж чадсан гэж боддог. Энэ киноноос хойш гэр бүлийн хүчирхийлэл гэдэг далд байсан сэдэв ил болж, хэвлэл мэдээллээр ч нуухгүйгээр гаргадаг болсон. Бидний авьяас хөдөлмөрийг үнэлээд СТА цол өгсөнд маш их баярласан.
-Одоо урлагт хөл тавьж байгаа залуустаа юу гэж хэлмээр байна вэ?
-Ахмад үеийнхнийхээ үгийг сайн сонсох хэрэгтэй. Юм гэдэг багаас эхэлнэ. Миний харж байгаагаар дөнгөж төгсөөд ирсэн хүүхдүүд ардын жүжигчин болчихсон мэт явж байдаг. Шууд том гол дүрд тоглох гэдэг ч юм уу. Загварт ч гэсэн тийм хүүхдүүд байдаг л даа. Гэхдээ тэд маань сүүлд юм үзээд ойлгоод ирэхээрээ ухаардаг. Тийм томоор битгий төсөөлөөрэй гэж хэлмээр байна.
-Танд тийм үе байсан уу, өөрийгөө тоох ч юм уу?
-Хөндлөнгийн хүмүүс л хэлэх байх. Гэхдээ би өөрийгөө тийм юм туулаагүй гэж бодож байна. Яагаад гэвэл миний хүмүүжилд тийм зан байхгүй. Би хүн болгонтой адилхан харьцахыг хичээдэг. Өнөөдөр би нэг хүнтэй онцгүй харьцлаа гэхэд дараа нь нэг хаалга татаад гарын үсэг зуруулах гээд ороход тэр хүн сууж байвал ямар байх вэ? Амьдралд бид эргэх холбоогоор уулздаг. Тиймээс анх уулзаж байгаа хүндээ үргэлж сайхан сэтгэгдэл үлдээхээр харьцах ёстой гэж боддог юм.
-Тэгвэл уран бүтээлд таны баримталдаг зарчим юу вэ?
-Зөвхөн уран бүтээлд гэлтгүй миний хувийн амьдралд баримталдаг зарчим гэвэл цаг барихыг нэгдүгээрт тавьдаг. Цаг тохироод 20-30 минут хүлээлгэсэн бол би хаяад л явчихдаг. Хүн цагийг маш сайн баримтлах хэрэгтэй. Бүх юм хамгийн эхлээд “цагтаа” гэдэг зарчмаас эхэлдэг. Бас ямар ч хүнтэй ижилхэн харьцахыг эрмэлздэг дээ.
АЖЛАА БҮТЭЭХИЙН ТУЛД ХЭНИЙГ Ч ЗОЛИОСОЛЖ БОЛДГИЙГ ЭНЭ БҮТЭЭЛЭЭС ХАРЖ БОЛНО
-Хамгийн сүүлд та “Хоёр амь” нэртэй шинэ кинонд тоглолоо. Энэ уран бүтээлд та мэдээж кино зохиолоо харсан байх. Бас хамтран ажиллах багаа харсан болов уу. Кинонд тоглох шийдвэрээ хэрхэн гаргасан бэ?
-Кино маань зунаас яригдаж эхэлсэн. Хоёрдугаар сарын 3-нд нээлтээ хийхээр төлөвлөж байна. Уран бүтээлч хүний хувьд шинэ уран бүтээлд орж, дахин шинэ хамт олонтой болно гэдэг үнэхээр гайхалтай сайхан байдаг. Миний хувьд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ ах болон найруулагч Б.Ганболд ахтай хамтарч ажиллаж байгаагүй учир тэдэнтэй ажиллах болсондоо туйлын баяртай байсан. Мөн мэдээж зохиолоо уншаад, өмнө нь тоглож байсан дүрүүдээсээ арай өөр дүрд тоглохыг хүссэн дээ.
-Кино зохиол уншаад танд юу бодогдсон бэ. Эцэг хүүгийн хайрыг тод томруунаар тусгасан гэдэг. Эх хүний хувьд гүн гүнзгий хүлээж авсан болов уу?
-Кино зохиолыг уншиж байхдаа хар цагаан кино болгон дүрсэлдэг л дээ. Зохиол маань таалагдсан. Хүн өөрөөсөө төрсөн хүний төлөө юу ч хийхэд бэлэн байдаг шүү дээ. Хүүхдээ хамгаалах үүрэгтэй. Миний тоглосон дүр бол хүүхэдгүй зохиолч эмэгтэйн дүр. Тоглосон дүр маань надаас өөр зан ааштай, надаас эсрэг хүн байсан. Би өөрөө хурдтай, цогтой хүн шүү дээ. Харин найруулагч маань намайг зохиолчийн бичсэн дүртэй ойртуулахыг хүссэн.
-Тоглоход хүндрэлтэй хэсгүүд байсан уу?
-Хүмүүс их хэцүү байсан гэж их ярьдаг. Би тэгж ярих дургүй. Нэгдүгээрт, бид мэргэжлийн жүжигчид. Хоёрдугаарт дуртай ажлаа хийж байгаа учраас хүндрэлтэй юм байгаагүй, маш сайхан байсан. Зураг авалтанд орохын өмнө бид дүрийн судалгаа хийж, хоорондоо их ярилцсан л даа. Мэдээж бэлтгэл ажил сайн хийсэн цагт зургийн талбай дээр ажил маш урагштай явдаг.
-Кино зураг авалтын үед найруулагч, жүжигчдээсээ суралцах, шинэ зүйл мэдэж авах тохиолдол гардаг байх?
-Ямарваа нэг уран бүтээлд орж ажилласнаар дахин нэг хоёр алхмаар урагшилж байдаг. Өмнө нь мэддэггүй байсан юмаа найруулагч, зураглаач, хамтран ажиллаж байгаа жүжигчдээсээ дандаа л суралцаж явдаг. Мөн шинэ хүүхдүүд байвал зааж өгнө. Харилцан туршлага хуримтлуулаад явдаг даа.
-Магадгүй энэ найруулагчаас асуух асуулт байх. Гэхдээ танаас кинонд орсон хүний хувьд энэ бүтээлээр дамжуулж ямар санаа илэрхийлэхийг хүссэн юм бол гэдгийг асуумаар байна?
-Энэ кинонд их олон санаа илэрхийлж байгааг олж харж болно. Нийгэмд мөнгөтэй хүн, мөнгөгүй хүн хоёр өвдөхөд ч их өөр болчхож гэдэг санаа гарч байна. Бидний нүдэнд ил байна л даа. Жишээ нь дүүргийн эмнэлгүүдэд өвөл ханиад ихсэхээр ачаалал эрс нэмэгдээд ямар хүнд байдаг билээ. Хүнд өвчин туссан хүн мөнгөгүй л бол чадах чинээгээрээ зүтгээд ч аргагүй байдалд орж байгааг харуулж байгаа юм.
Мөн хүүгээ гэсэн эцгийн хайрыг тод томруун харуулж байна. Дүр дүрийн өнцгөөс харвал орчин цагт хүн өөрийнхөө ажил төрлийг бүтээхийн тулд хэнийг ч золиослоод хаяж болдог гэдгийг илэрхийлсэн. Гэхдээ миний тоглосон дүр бол муу хүн биш. Би нэгэн охинд туслах гээд яваад байдаг бүсгүй учраас эсрэг дүр биш ч юм шиг. Нөгөөтэйгүүр С.Болд-Эрдэнэ ахын талаас харахад би эсрэг дүр болчхоод байгаа юм.
-Яагаад?
-Ер нь муу хүн гэж байдаггүй, муу юм хийсэн хүн гэж байдаг. Гэхдээ тухайн хүн өөрийнхөө хувьд зөв зүйл хийсэн байлаа ч нөгөө хүний хувьд буруу юм болчхоор муу хүн, эсрэг дүр болж хувираад байгаа хэрэг. Бүгд л өөрийнхөө хувьд зөв юм хийгээд байна л даа.
БИ КИНО УРЛАГИЙГ МУУЛАХ ДУРГҮЙ
-Мэргэжлийн хүмүүс манайд арилжааны кино их хийж, жинхэнэ уран бүтээл ховор байна гэж ярьж байна. Таны хувьд кино урлагийг хөндлөнгөөс юу гэж харж дүгнэж байна вэ?
-Миний харж байгаагаар кино урлаг хөгжөөд л явж байгаа. Хүмүүс дээр үеийн кино сайн байсан гэж их ярьдаг. Дээр үеийн кинонууд мэдээж үнэ цэнтэй. Он цаг хуучрах тусам аливаа бүтээлийн үнэ цэн өсөж байдаг. Бид 40 жилийн дараа өнөөдрийнхөө киног үзвэл энэ үед ёстой сайхан кино хийдэг байжээ гээд л ярих байх. Тийм болохоор юм гэдэг үе үеэрээ байдаг. Би кино урлагийг муулах дургүй. Яагаад гэвэл өөрөө энэ тогоонд нь чанагдаад явж байна. Муулуулсан ч хамт муулуулж, сайлуулсан ч урлагийнхантайгаа хамт сайлуулаад явна.
Хөндлөнгөөс харахад кино хоёр хуваагдаад байгаа мэт санагддаг. Нэг хэсэг нь мэргэжлийн, хүнд үлдэх, жинтэй даацтай. Тоглосон жүжигчид болон хийж байгаа уран бүтээлчээс шалтгаалж маш сайн уран бүтээлүүд гарч байна. Зарим нь их хөнгөхөн. Үзээд тухайн үедээ хөөрхөн санагдаад мартагдчихдаг. Кино уран бүтээлийн нэг зорилго бол хүнд юм бодогдуулах. “Нээрэн тийм шүү” гэж бодогдуулж, нэг юм өгч байвал тэр сайн кино байх.
-Тоглосон кинондоо сэтгэл дундуур үлдэж, “энэ хэсэгт ингэчихгүй дээ” гэсэн бодол эргээд төрдөг үү?
-Мэдээж төрдөг л дөө. Шинэ залуу, дөнгөж сургуулиа төгссөн туршлага бага байх үедээ гоё хөөрхнийг тоглож, өөрийгөө харуулах гэж оролддог үе байсан. Харин одоо он цаг улирч, сургуулиа төгсөөд 10 гаруй жил болсон байна. Тухайн хүний гадна төрхөөс илүү дотогшоогоо тоглох ёстой юм байна гэдгийг ойлгочихсон. Тийм болохоор аль болох гоё сайхнаас зайлсхийхийг хүсдэг.
-Та ямар төрлийн кино үзэх дуртай вэ?
-Оюутан байхдаа Америкийн хөгжөөн дэмжигч охидтой, хөгжилтэй хөнгөн кино үзэх дуртай байж билээ. Одоо болохоор нөхрөө дагаад адал явдалтай, түс тас хийсэн тулаант кино үзэх дуртай. Уянгын романтик кино нээх үзээд байдаггүй.
-Адал явдалт төрлийн кинонд тоглох юм сан гэж нэг удаа ярьсан байсан?
-Энэ талаар үргэлж боддог. Манайд ер нь эмэгтэй дүртэй тийм кино байхгүй дээ. Тийм төрлийн кино хийхэд мөнгө санхүүгээс эхлээд асуудал их байдаг болохоор зоригтой орж чадахгүй байгаа юм болов уу гэж боддог. Залуучуудын оролцсон тулаант киног сайн хийж байна. Эрчүүд төрөлхийн тулааны урлагийн авьяастай байдаг юм болов уу. Харин эмэгтэй жүжигчид орсон тийм кино хийхэд сайн дасгалжуулах, техник технологи ашиглах, компьютер график гэх мэт зүйлс хэрэгтэй болох байх.
ХҮН БОЛГОНД ЙОГ ХИЙ ГЭЖ ЗӨВЛӨДӨГ БОЛСОН
-Таны өглөө хэрхэн эхэлдэг вэ?
-Өглөө 07.00-07.30 цагийн хооронд манай хүү сэрээд жигнэмэг идье гээд эхэлдэг. Өглөө босоод л шууд идэх юм нэхдэг юм. Тэгээд зурагтаа асаагаад “Боловсрол” суваг дээр “Пороро”-г нь тавьж өгөхөөс өглөө эхэлнэ дээ. Тэр хооронд цай ундаа бэлдэж уулгаад, 9 цагтай уралдаад л нөгөө хоёрыгоо аваад цэцэрлэг рүү гардаг. Өглөө хүүхдүүдээ цэцэрлэгт өгчхөөд өдөр гэртээ хоолоо хийгээд үдээс хойш йогийн ангидаа багшилдаг. 16:30-д тараад 17:00 цаг гээд хүүхдүүдээ цэцэрлэгээс нь авдаг даа.
-Йогоор хичээллээд та багагүй хугацааг өнгөрөөж, бас багшаар ажиллах эрхтэй болсон. Йогийн ач холбогдлын талаар ярихгүй юу?
-Йогийн сул тал гэхэд “Чи шоудахаа болино. Гоё хувцас өмсөхөө больж, зүгээр спорт хувцастай явдаг болно” гэх мэт дандаа инээдтэй, ёжилсон юм биччихсэн байсан.
Харин ач холбогдол гэвэл дуусашгүй. Монгол гэлтгүй дэлхий дахинд стресст орсон, хөдөлгөөний дутагдалд орсон, гутарсан хүмүүст йогийг санал болгодог. Йог бол эрүүл хоол хэрэглэх, агаарт сайхан алхах зэрэг зөв амьдралын хэмнэлийн салшгүй нэг хэсэг. Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг. Энэ үнэн үг. Йог бол хөдөлгөөнт бясалгалын төрөлд ордог. Яриад байвал дуусашгүй. Өөрөө йогийн багш болчихсон чинь хүн болгонд “йог хий” л гэж зөвлөдөг болсон.
-Хүүхдүүд нь бас дагаж хийх гэх үү?
-Гэртээ нэг хөдөлгөөн хийх гээд гудсаа дэвсэнгүүт нөгөөдүүл чинь гудсан дээр ирээд шавчихдаг. Тийм болохоор гэрт хийнэ гэдэг их хүндрэлтэй. Зааландаа хийвэл илүү төвлөрч хийж чаддаг.
-Бас нэг сайхан таашаал авдаг байх л даа?
-Яг одоо би кайф авч байгаагаа их мэдэрдэг болж. Нойргүй хоносны маргааш ядарсан, сул, нүд аргасан байдалтай болчихдог. Тэгээд йогоо хийгээд бие халахаар нүд онгойгоод бие хөлрөөд, хөнгөрөөд сайхан болдог. Йог хийснээр хүн өөрөө өөрийнхөө дотоод галыг асааж, гэрлэн бүрхүүлээ цэвэрлэдэг.
-Таны бие хүн болж төлөвшихөд хэн нөлөөлсөн бэ?
-Бие хүн болон төлөвших нь төрсөн цагаас эхэлдэг. Хүн сургууль соёл, хамт олон, гэр бүлээс төлөвшлийг авдаг. Ахмад дээд үеийнхнээсээ биеэрээ туулаад ирсэн амьдралыг нь сонсож тэднийхээ сургаалийг сонсдог байсан. Би одоо ч залуу хэвээр байна. Цаашдаа ямар амьдрал туулж, амьдралаас юу ухаарч ойлгохыг мэдэхгүй.
-Магадгүй хүүхдүүдээ бас энэ арга барилаараа хүмүүжүүлдэг байх?
-Тэгэлгүй яах вэ. Яг аав ээжээс авсан хүмүүжлээ уламжлал болгон дамжуулж өгч байна. Ээжийн надад хэлдэг байсан үгийг тухайн үед үглэж байгаа мэт хүлээж авдаг байсан бол амьдрал дээр гараад толгойны орой луу орж байх жишээтэй. Одоо охиндоо бас “чамд одоо хэрэг болохгүй ч сургууль төгсөх үед чинь хэрэг болно” гээд л ээжийнхээ суурин дээр оччихсон нөгөө үглэлтийн үе эхэлж байгаа юм. Хүнтэй таарвал заавал “Сайн байна уу?” гэж мэндэлж бай гэдгээс эхлээд хүмүүжлийн ажил явж байна. Тэгээд гэр орны ажил, аяга таваг угаахаас эхлээд охин хүүхдийг ялангуяа сайн сургах хэрэгтэй.
-Арван жилийн өмнөхтэй харьцуулахад таны үзэл бодол хэр өөрчлөгдсөн бэ?
-10 жил гэлтгүй нэг өдөр ч хүний үзэл бодол өөрчлөгдөх магадлалтай. Амьдралд янз бүрийн үйл явдал тохиолдож, амьдралаас бид шинэ юм мэдэж сурч авна. Тийм гэж бодож байсан юм нь шинэ нээлт гараад үгүй байсныг тогтоочихвол бас л өөрчлөгдөх жишээний. Гэхдээ өөртөө баримталдаг гол зарчим, бие хүний гол шугам маань өөрчлөгдөхгүй. 20 нас, 30 настай үеийг харьцуулахад 30 настай үедээ хамаагүй төлөвшчихсөн. Юм болгонд годгоноод гүйгээд байхгүй. 20 настайдаа өөрийгөө боддог байсан бол одоо надаас салаалсан гэр бүл маань байна. Өөрийгөө гэхээс илүү гэр бүлээ их боддог болчихсон.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
А.Наранцацрал