Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 23
・ 5

Дулааны зөвлөх инженер Д.Самдантай ярилцлаа.
-Хотын утааг бууруулах ямар арга байна. Ойн цэвэрлэгээ хийгээд, гэр хорооллын айлуудад мод түлүүлэх нэг арга байгаа гэж байна. Энэ талаараа тодруулаач?
-Утааг бууруулах маш олон арга байгаа. Энэ удаад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирэх дөрвөн жилийн дотор хамгийн хямдхан аргаар, хүмүүсийн нүдэнд харагдахуйц байдлаар утааг арилгах арга ол гэж Шинжлэх ухааны академид үүрэг болгосон байна. Уг нь гэр хорооллыг хийн дулаанаар хангах нь үр дүнтэй ч маш их хугацаа шаардлагатай. Тэгэхээр хамгийн ойрын хугацаанд утааг багасгах арга нь мод түлэх. Манай улсын газар нутгийн 6-8 хувь нь модтой байна. Олон улсын байгууллагаас Монгол орны ой модны бүтцийг судлаад ойг залуужуулах хэрэгтэй юм байна гэжээ. Тэгэхээр ойг залуужуулахын тулд ойн цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ойгоо цэвэрлэж цэвэрлэсэн модоо нүүрсний оронд гэр хорооллын айлуудад түлүүлнэ. Ингэхийн тулд менежмэнт хийх хэрэгтэй. Нэгэнт улсын хамгаалалтад орчихсон дархан цаазат газруудын ойг цэвэрлээд, цэвэрлэсэн модоо Улаанбаатар хотын утааны голомт болсон гэр хорооллын айлуудад үнэгүй тараана. Ингээд модыг тараахдаа тухайн айлуудыг нүүрс түлэхгүй байх ёстой гэдэг гэрээ байгуулах юм. Уг ажлыг нийслэлийн захиргаа, холбогдох яамдаас зохион байгуулах хэрэгтэй. Саяхан нэг хүн хотын утааг бууруулахын тулд коксжсон нүүрс түлэх хэрэгтэй гэж ярьсан байна. Энэ нүүрс нь дахин үйлдвэрлэл явуулахад зориулагдсан учраас гал гарах магадлалтай. Энгийн зууханд түлэхэд аюултай нүүрс гэсэн үг.
-Ойг цэвэрлэж, модоо хот руу оруулах вэ?
-Хан Хэнтий ноён оргил, Асарт хайрхан уул хүртэл цэвэрлэе. Үүнд БОАЖ-ын яам хяналтаа тавьж, Батлан хамгаалах зэрэг яамд нь тээврийн асуудлыг зохицуулах хэрэгтэй. Ингээд шатахууны асуудлыг шийдээд, тухайн өрх айлуудаас тээврийн зардалд багахан мөнгө аваад, мод тараах цэг байгуулах хэрэгтэй. Тээврийн зардлыг бол тухайн айлаас нь авч болох юм.
-Ингэж ойгоо цэвэрлэдэг өөр улсын жишээ байна уу?
-Манайх Герман улсаас их ой модтой. Гэтэл германчууд жил бүр модоо сэргээн залуужуулахын тулд ойн цэвэрлэгээ хийж олон тэрбумын ашиг олдог гэнэ. Бурхан Халдуны оройд гарахаар явж байхад хүртэл маш их өмхөрсөн, унасан мод байна. Хотын ойр орчмын уулын модноос л цэвэрлэгээ хийхэд VII-X дугаар хороолол буюу Ногоон нуур орчим, Дэнжийн мянга, Долоон буудал, Дарь эхийн энгэрт байгаа айлуудыг 3-5 жил түлээгээр хангаж болохоор байна. Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд цэргийн ангиудыг мод бэлтгэлд дайчилж, түүхий нүүрс хилээр гаргахыг хориглох, айлуудыг нүүрс түлэхийг хориглож, дан мод түлүүлэх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.
-Энэ бол ойрын хугацааны арга хэмжээ юм байна. Цаашид хотын утааг хэрхэн бууруулах вэ?
-Орон сууцжуулах нь хамгийн найдвартай арга. Анхнаасаа гэр хорооллын газруудыг хувьчлах нь буруу байсан юм. Газрыг хувьчилж болохгүй гэсээр байтал тухайн үеийн Засгийн газар хувьчилчихсан. Одоо гэр хорооллын газар дээр орон сууц барина гэхээр айлууд нь олон сая төгрөг нэхээд суучихдаг. Тиймээс гэр хорооллыг орон сууцжуулах ажил явахгүй байна. Манайхан ахмад үеийн туршлагатай мэргэжилтнүүдээ сонсдоггүй. Уг нь энэ талаар туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй байгаа юм. Японд тэтгэвэрт гарсан мэргэжлийн хүмүүсийг цуглуулаад, тэднээсээ зөвлөгөө авч, улсынхаа шийлдвэрлэх ажилд тусгадаг холбоо хүртэл байдаг юм билээ. Гэтэл төрийнхөн бидний үгийг сонсдоггүй байхгүй юу. Би гэхэд л эрчим хүчний чиглэлээр Орост сургууль төгссөн. Орост гурван удаа мэргэжил дээшлүүлсэн. Эрчим хүчний яаманд 10 жил ажилласан хүн.
-Шөнийн цахилгааны төлбөрийг тэглэсэн байгаа. Айл болгон халаалтын төхөөрөмж залгавал цахилгаан станцуудын хүчин чадал хүрэх болов уу?
-196 мянган айлын хэрэглээ гээд бодохоор цахилгааны хүч хүрэхгүй сүйд болоод байх зүйл гаргахгүй ээ. Гэхдээ гэр хорооллын айлууд цахилгаанаар халаах төхөөрөмж авч чадахгүй байх шиг байна. Энэ бол түр зуурын л арга, цаашид шөнийн цахилгаан үнэтэй болчихвол бас хэцүү. Учир нь үе, үеийн Засгийн газрынхан дөрвөн жилдээ тохируулж л ажил хийдэг шүү дээ.
Өдрийн сонин Н.ГАНЧИМЭГ
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.