Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 26
・ 2

Сүүлийн үед зам тээврийн осол аваар маш их гарах боллоо. Ер нь жил ирэх бүр л нэмэгдсээр байх юм. Холбогдох байгууллагуудын хийж хэрэгжүүлж чадаж байгаа ганц ажил нь тээврийн хэрэгслийн татвар, хураамж, торгуулийг нэмэх. Энэ нь үр дүнгээ өгөхгүй байна. Харин төсвийн байгууллагуудын халаасанд орох мөнгийг л нэмэгдүүлж буй.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Улсын их хурлаар батлагдаж, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Жишээлбэл, согтуугаар машин барьсан тохиолдолд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хасах шийтгэл оногдуулна гэсэн байгаа. Жолоодох эрхгүй этгээд машин барьвал нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх мэт хариуцлагыг чангатгасан байдаг.
Нэг талаараа энэ нь иргэдийн ялангуяа жолооч нарын халаасыг хоослох арга хэрэгсэл, заль болж байгаа юм. Замын цагдаа нарт сард тэдэн төгрөгний торгууль тавь, төсөвт тэдэн төгрөгний орлого оруул гэж зааварчилгаа өгдөг гэнэ лээ.
Тэгвэл хууль тогтоогчид маань, хууль тогтоомжийг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах Засгийн газар маань өөрсдийн үүргээ биелүүлж байгаа юу гэдэг асуудал урган гарна.
Учир нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 7-р зүйлд Монгол улсын хэмжээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах үүргийг хүлээсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хэмээх байгууллага байна гэж хуульчилсан байдаг.
Энэ хуулийн дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдалын үндэсний зөвлөлийн дарга нь Ерөнхий сайд байх бөгөөд Зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалт, дүрмийг батлах нь засгийн газрын эрх хэмжээний асуудал байхаар тусгагдсан.
Өмнө мөрдөж байсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба гэж байсан бол шинэ хуулиар үндэсний зөвлөл байхаар тогтоосон байдаг.
Үүнд үндэсний зөвлөлийн эрх, үүргийг илүү өргөн хүрээнд тодорхойлж өгснөөр “замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад эрх бүхий этгээдийн эрх үүргийг зааж, хамтран ажиллах, уялдуулан зохион байгуулах зохицуулалтыг тодорхой болгосон төдийгүй, Ерөнхий сайдын дэргэд Үндэсний зөвлөлийг байгуулсан нь хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохирлоос хамгаалахад Засгийн газрын үйл ажиллагааг чиглүүлэн, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг, эргээд хянадаг тогтолцоог бүрдүүлнэ” зэрэг давуу талыг олгох байж.
Хуулийн дагуу 2015.09.01-ний өдөр гэхэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл байгуулагдчихсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаагаа явуулан холбогдох дүрэм, журмаа баталсан байх ёстой юм. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ байгууллага нь байхгүй зам тээврийн осол аваар буурахгүй байсаар байна.
Зөвхөн 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс хойш буюу 24 хоногийн дотор автын ослоос үүдэн 16 хүний эрдэнэт амь нас хохирчихоод байна шүү дээ.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.