Хүүхдээ түлсэн эцэг эхэд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 20 ・ 1

-Жилдээ 2525 хүүхэд халуун ус, халуун хоолонд түлэгдэж гэмтэл авч нас барж байна-

Эцэг эхчүүд, асран хамгаалагч нарын хайхрамжгүй байдлаас болж бага насны хүүхдүүд түлэгдэж, эрүүл мэндээрээ хохирорх цаашлаад амиа алдах явдал буурахгүй байгааг ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүд хэлсээр байна.

Тухайлбал ГССҮТ-д түлэнхийгээр нас барж байгаа хүмүүсийн 70 гаруй хувь 0-5 насны хүүхдүүд байгаа нь яах аргагүй энэ нийгмийн эмзэг сэдэв, эцэг эхчүүдийн хариуцлагын асуудал яригдаж байгаа юм. Эдгээр хүүхэд нь долоон сартайгаас гурав хүртэлх насныхан байгаа бөгөөд үүн дотроо 84.6 хувь нь 1-2 настай хүүхэд байна. Түлэнхийн шалтгаанаар нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол цайнд, 23 хувь нь халуун усанд түлэгдсэн байна. Мөн эдгээр хүүхдүүдийн 35 хувь нь халуун тогоонд байсан хоол цайнд түлэгджээ.

Нас барсан хүүхдүүд бүгд биеийн бүхий хэсгийн гуравдугаар зэргийн түлэгдэлт гэсэн оноштой байсан байна. Халуун тогооны түлэгдэлт нь гүн , хүнд зэргийн түлэгдэлт, үр дагавар нь арьсан давхарга үүргээ гүйцэтгэж чадахгүй байдлыг бий болгодог ажээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өнгөрсөн оны тоон мэдээллийг харвал түлэгдэлтийн ихэнх тохиолдол ахуйн нөхцлөөс үүдэлтэйн дээр 98.4 хувь нь гэмтэл авдаг байна. Үүний 82 хувь нь монгол гэрт, 15.6 хувь нь бусад байдлаар түлэгджээ.

Түлэгдэлт голдуу баасан гаригт 11.00-12.00 цагийн хооронд мөн оройн 19.00-20.00 цагуудад бүртгэгддэг аж. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүл байх хугацаанд хүүхдүүд халуун тогоонд болон буцалсан халуун ус руу унаж түлэгддэг байна. Мөн цахилгаан хэрэгсэлээ ил тавьж зүй бусаар ашигладаг нь түлэгдэлтийн гол шалтгаан болдог байна.

Засгийн газрын тогтоолоор энэ сарын 28 хүртэлх хугацаанд “Хүүхдийн түлэгдэл-Эцэг эхийн хариуцлагаас” аяныг өрнүүлж байгаа бөгөөд энэ аяны хүрээнд ГССҮТ-ийн түлэнхийн сэхээн амьдруулах тасагт хэрэгтэй шаардлагатай гэсэн аппаратуудыг нь хүлээлгэн өгсөн билээ.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Монгол Улс бол дайн байлдаангүй энх тайван орнуудын нэг. Гэтэл жилдээ 2525 хүүхэд халуун ус, халуун хоолонд түлэгдэж гэмтэл авч нас барж байна. Тэдгээр хүүхдийн хувь заяа, түлэгдээд тахир дутуу болж ажлын чадавхиа болон гоо сайхнаа алдах нийгэмд эзлэх байр суурь нь ганхах эрсдэлтэй юм. Хятад тогооны залгуур нь маш богино тул олон залгуурт ойртуулж газарт байршуулан хоол цай хийдэг. Тэр богино иштэй тогоонд нь жоохон хүүхдүүд түлэгдээд байна гэсэн атлаа хориглохгүй байгаа, хил гаалиар оруулаад байгаа хүмүүстэй хариуцлага тооцон ажиллана. Мэргэжлийн хяналт, улсын байцаагчид тогоог нь хорьдоггүй юм бол стандарттай болгох хэрэгтэй. Мөн аюулгүй байдлыг хангах тал дээр бид цаашид хэд хэдэн ажил зохион байгуулна. Энэ аяныг хэрэгжүүлснээр түлэгдэн ирж буй хүүхдийн тоо багассан байна” гэсэн юм.

Түүнээс гадна хариуцлагагүй байдлаас болж хүүхдээ түлж шарсан эцэг эхчүүдэд ч хариуцлага хүлээлгэж байх хуулийн зохицуулалтын талаар яригдаж эхэлжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: