Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 02 сар 26
・ 2

Сар шинийн баяраар болон бусад өдрүүдэд гэрт ирсэн зочин гэрт орж тухлан суусны дараа гэрийн эзэнтэй хөөргөөр тамхилах эртний ёсыг баримтлан хөөрөг солилцон мэндэлдэг уламжлалтай. Хөөргийг “Тамхилдаг заяатай шар”, “Мэндийн шар”, “Мэнд сайхны тамхи” хэмээн нэрлэдэг байна. Хөөрөг харшуулах нь, тэр тусмаа шинийн нэгэнд харшуулан тамхилах нь эв эе эвдрэлцэж, тангараг тасарсны дохио тэмдэг аж. Баруун гарын дөрвөн хурууны үзүүр хэсэгт хөөргөө тавьж хүндэтгэл үзүүлж буй хүндээ барих ёстой. Хөөргийг эрхий, долоовор, дунд хурууг оролцуулан бариваас эртний монгол ёсонд нийцнэ. Барихдаа хөөрөгний толгойд долоовор хуруугаа тааруулна. Эл барилтыг монголчууд “төрийн гурван тулгуур” хэмээн үздэг. Хөөрөгний толгойг хаан, баруун хэсгийг хатан, зүүн хэсгийг цэрэг зэвсэг хэмээн үзнэ. Тиймээс тухайн хүний мэндчилгээг төрийн хэмжээнд хүлээн авч буйн илрэл нь энэ болдог ажгуу. Мөн хамрын тамхийг чимхэн авч татах нь монгол бус төвдөөс гаралтай ёс юм. Хуучин цагт ихэс дээдэс болон том лам нар их, бага гарын хоёр хөөрөгтэй явж, их гарын хөөргөөрөө дээдэстэй солилцдог байжээ. Хөөрөг зөрүүлж тамхилах нь эвтэй явахын бэлэгдэл юм. Эвдрэлцсэн хүмүүс энэ өдөр хөөргөө зөрүүлж сэтгэлээ цайлгах заншилтай байжээ.
Ерийн тамхилахад хөөрөгний толгойг заавал хөндийрүүлж өгөлцөнө. Дээр үед хороогдох ялд унасан хүнд, эцсийн ёс гүйцэтгэх үед нь тамхилахдаа хөөрөгний толгойг хөндийрүүлэхгүй тамхилдаг байсан учир цээрлэдэг. Толгойг нь сугалахгүйгээр үнэрлээд өгөх нь “Би уй гашуутай яваа хүн”, өөрөөр хэлбэл “Бурхан болоочийнхоо хоногийг хураагаагүй яваа хүн” гэсэн санааг илэрхийлдэг байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.