Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 02 сар 28
・ 1

Бичин жил өлзий буянаа өгсөн сайхан жил байлаа. Шаргачин Тахиа жилд Хар зүрхний Хөх нуурт Тэмүжинг Хамаг Монголын хаанд өргөмжлөн Чингис хаан хэмээн анх дуудсан нь хожмоо дэлхийд дуурсагдах Их Монгол улсын түүхийг эхлүүлсэн байдаг.
Амны билиг ашдын ерөөл "Шар тос" шиг хурсан Азийн Монголын цагаан сар эхэллээ...
Ирж буй алтан унжлагат гал Тахиа жилийг Монгол түмний өөдлөх жилийн босго гэж өвгөд хувраг зурхайчид хэлж байгаа.
Алтан тахиа жилийн анхны нар гал улаан хүрээтэй дүүрэн мандлаа. Сайхан жил ирж байна гэдэгт хүн бүхэн итгэх хэрэгтэй биз ээ.
Нэг хэсэг хотынхон цагаан сарыг тэр бүр тоож өргөн дэлгэр тэмдэглэдэггүй байсан сан. Харин сүүлийн үед энэ баяр улам л утга төгөлдөр болоод байх шиг.
Үндэснийхээ дээл хувцасаар гоёж гангалсан залуусын тоо улам бүр олширчээ. Ай сайхан цагаан сар ёслол төгөлдөр үргэлжилж байна.
Билгийн тооллын XYII жарны “Алтан унжлагат” хэмээх гал улаагчин тахиа жилд уудам эх орныхоо өнцөг булан бүрт болон хилийн чанадад ажиллаж амьдран суугаа ахмад буурлууд, ахан дүүс, та бүхэн элбэг хангалуун, итгэл дүүрэн, цог хийморь бадрангуй байхын өлзийт ерөөлийг дэвшүүлэн барья.
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад
Аагтай шаргал цай нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой!
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Та бүхний заяа буян тэгш, өлмий өнөд бат орших болтугай.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.