Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 03 сар 02
Арилжааны банкуудын зээлд орон сууцны жилийн найман хувийн хүүтэй зээл гацаад эхэлчихлээ. Монголбанк энэ зээлд нэг ч төгрөгийн зээл олгохгүй болжээ. Харин энэ зээлийг олгох санхүүгийн эх үүсвэрийг улсын төсвөөс шийднэ. Ингэхдээ ОУВС-ын тавьсан шаардлагад нийцүүлж, төсвийн тодотгол хийж зардлаа танах үеэр уг зээлийн санхүүжилтийн хувь заяа шийдэгдэнэ гэж байгаа юм. Өнгөрсөн жил банкны системийн нийт актив 25 их наяд төгрөгт хүрч, 12.3 их наяд төгрөгийн зээл олгоод буй. Тэгвэл орон сууцны жилийн найман хувийн хүүтэй зээл дөрвөн их наяд төгрөг даваад байна. Цаашид тухайн зээлдэгч өмнөх зээлээ төлөөгүй тохиолдолд дахин нэмж зээл авах боломжгүй болов. Өмнөх зээлээ бүрэн төлсний дараа дахин зээл авч болно гээд байгаа. Шинэчилсэн журмын хүрээнд Монголбанк, Засгийн газар, МИК болон арилжааны банкууд хамтран ажиллах гэрээ байгуулж, холбогдох албан тушаалтнууд нь гарын үсэг зурж баталгаажуулаад байгаа билээ. Иймд орон сууцны жилийн найман хувийн хүүтэй зээл тогтвортой үргэлжлэх нөхцөл бүрдээд байсан юм. Энэхүү шинэ журам батлагдсанаас хойш Монголбанк орон сууцны жилийн найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилтэд 111.8 тэрбум төгрөг олгосон тооцоо бий. Уг санхүүжилт нь 1646 иргэний шинэ орон сууцны ипотекийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэсэн байна.
Орон сууцны жилийн найман хувийн хүүтэй зээлийн шинэ журамд:
-Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 360 хүртэл сар байна
-Урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүй /Зээл үнэлгээний харьцаа хөрөнгө 70 хувиас дээшгүй/
-Өр орлогын харьцаа өрхийн татварын өмнөх орлого 45 хувиас хэтрэхгүй
-Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн нийт хэмжээ 80 ам метр талбайгаас ихгүй байх зэрэг заалтыг хэвээр тусгажээ.
Эдгээрээс гадна малчин өрх орон нутагтаа орон сууц худалдан авч болно. Харин малчин өрхийн орлого улирлын чанартай тул зээлийг нь хоёр хэлбэрээр төлүүлэх юм. Тухайлбал, жилийн орлогоо банкинд хадгаламж хэлбэрээр байршуулж, түүнээсээ орон сууцны зээлээ төлнө. Арилжааны банк тухайн хадгаламжид нь зах зээлийн жишгээр хүү бодох ёстой. Харин хадгаламжийн үлдэгдэл нь зээлийн төлбөрт хүрэлцэхгүй тохиолдолд тухайн малчин өрх бусад эх үүсвэрээс заавал төлөх үүрэг хүлээх юм. Үүнээс гадна улирлын орлогод нь зохицуулж орон сууцны зээлийн төлбөрийг жилд 2-4 удаа төлүүлж болох зохицуулалт ч бас бий.
Холбогдох байгууллагуудаас орон сууцны зээлийг олгоно, олгож байгаа гэх тайлбар хэлдэг ч хэрэг дээрээ найман хувийн зээлд хамрагдах хүсэлтэй, хамрагдаж чадахгүй горьдлогийн байдалд орсон айл өрхүүд олон байна. Ямартай ч эдийн засгийн хямралаас болсон уу, энэ Засгийн газар найман хувийн хүүг хүнд хэцүү болгочихжээ.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.