Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 03 сар 06
・ 1
Лос Анжелес хотноо хэдхэн хоногийн өмнө 89 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол боллоо. Уг наадмын хамгийн хүндтэй шагналын нэг болох “Шилдэг эрэгтэй гол дүр” номнацид “Manchester by the Sea” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Кейси Аффлек ялалт байгуулсан юм. Жүжигчин эр өчигдөр “ABS” сувагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Жүжигчин бүхний авахыг хүсдэг “Оскар”-ын эзэн боллоо. Танд баяр хүргэе?
-Маш их баярлалаа. Энэхүү гайхалтай шагналын эзэн болгосон бүх хүмүүст талархлаа дахин дахин илэрхийлмээр байна. Та бүхний итгэл надад урам өгсөн.
-Таны гарт “Оскар” байна. Хэрхэн байна даа?
-Их баяртай байна. Жүжигчин болоод олон жилийг ардаа үлдээсэн байна. Энэ хугацаанд олон сайхан киноны нэг хэсэг болсон. Хэзээнээс гэдгээ мэдэхгүй байна. Гэхдээ яагаад ч юм бэ нэг л өдөр алтан хүний эзэн болно гэдгээ мэддэг байсан. Өөрийнхөө өчүүхэн авъяасдаа бардамнасан хэрэг биш. Гэхдээ л нэг л өдөр энэ хүн минийх болно гэдгийг мэддэг байсан. “Оскар” надад итгэл найдвар, урам хайрласан. “Оскар” намайг даль жигүүртэй болголоо. Би одоо илүү өндөрт нисэх болно.
-Жүжигчин бүхэн л ингэж боддог байх?
-Мэдээж хэрэг. Маргахгүй байна. Хэн хичээж байна тэр хүн ялалт байгуулдаг юм.
-Таныг ээжийнхээ хүсэлтээр жүжигчин болсон гэж сонссон. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Би ээждээ хайртай. Түүнийг гомдоох шийдвэр гаргахыг хүсээгүй.
-Таны анхаарлыг ямар мэргэжил татдаг байв?
-Бүгд л.
-Одоо та “Оскар”-ын эзэн боллоо. Таныг гол дүрдээ тоглохыг хүссэн олон найруулагч байгаа байх?
-Би олон бус чанартай цөөхөн бүтээлийн нэг хэсэг болмоор байна.
-“Manchester by the Sea” киноны талаар. Энэхүү бүтээлд тоглох ямар байв?
-Киноны үйл явдал их энгийн. Найруулагч энгийн зүйлийг агуу бас давтагдашгүй болгохыг шаардсан. Зураг авалт эхлэх хүртэл найруулагчийн хэлсэн үг надад дарамт шиг мэдрэгддэг байсан. Кино зохиолд бичигдээгүй зүйлийг шаардаж байна хэмээн буруугаар ойлгож байснаа сүүлд мэдсэн. Найруулагч гол дүрийн жүжигчдээс мэргэжлийн ур чадвар бас төгс нүүрний хувирлыг шаардаж байсан юм. Бүх зүйл энгийн байдаг. Таны хичээл зүтгэл энэ бүхнийг давтагдашгүй болгоно.
-Найруулагч Кеннет Лонергантай хамтран ажиллах ямар байв?
-Их тухтай. Бид ойролцоо насных болоод тэрүү нэгэнтэйгээ их сайн ойлголцдог байсан. Заримдаа шуудхан л маргалддаг байсан. Гэхдээ киноныхоо гол дүрээр намайг сонгосон явдалд чин сэтгэлээсээ талархдаг.
-“Оскар”-ын өмнөхөн “Алтан бөмбөрцөг” кино наадам зохион байгуулагдсан. Та энэ наадмаас мөн шагнал хүртсэн. Шагналын эзэн болоход ямар байдаг вэ?
-Мэдээж хэрэг нэр дуудах агшинг үгээр илэрхийлж чадахгүй нээ. Их түгшдэг. Зүгээр л дотроо ялалт байгуулах гэсэн хүслээ дарах гэж их хичээдэг гэхэд болно. Хэсэгхэн зуур өөр өөртэйгээ тулалддаг. /инээв/ Үнэхээр хэцүү. Нэрийг чинь дуудаад тайзан дээр гарах тэр үеийг нисч буйгаар л зүйрлэх хэрэгтэй.
-Танд “Оскар” авчирсан уг бүтээлд холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг Мишелли Уилъямс тоглосон?
-Тийм ээ. Тэр их үзэсгэлэнтэй. Бид гайхалтай баг болж ажилласан. Зураг авалтын турш би энэ бүсгүйд дурласан гэхэд болно.
-Ерөнхийлөгч Дональд Трампийн талаар хэлсэн таны үг олны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа?
-Тийм ээ. Түүний улстөрийн бодлого миний жигшлийг төрүүлдэг.
-Яагаад?
-Энэ бол миний л бодол.
Б.Дэлгэрцэцэг
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.