Бөөрний өвчний тархалт их байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 09

Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт “Бөөр хамгаалах өдөр”-ийг тэмдэглэдэг. Анх 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлсэн байна. Улмаар дэлхийн бүх улс оронд уриалга хүргүүлсэн байна. Эл өдрийг одоогоор дэлхийн 200 гаруй оронд тэмдэглэдэг болоод байгаа аж. Харин манай улс 2009 оноос тэмдэглэж эхэлсэн. Өдгөө ес дөх жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Бөөрний өвчлөл сүүлийн 10 жилийн байд­лаар хүн амын өвчлөлийн гуравдугаарт жагсах болжээ. Энэ өвчин улс орон, хувь хүний эдийн засагт хор хөнөөлтэй өвчин юм. Ялангуяа эрт оношлуулаагүй тохиолдолд өвчин даамжирч архагшдаг. Нэгэнт архагшсан бол бүр мөсөн хэзээч эдгэрдэггүй. Тодорхой хугацааны дараа бөөрний архаг дутагдалд ордог.

Ингэснээр бөөр биед гүйцэтгэдэг үндсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ. Хорт бодис биеэс гадагшлахгүй, цус төлжихгүй, даралт хэвийн биш болохоор хүний бие организмын солилцоо тэр чигээрээ зогсонги байдалд ордог. Мөн яс сийрэгжилтийг зохицуулдаг гол эрхтэн нь бөөр. Энэ мэтээр бөөр нь маш олон үүрэг гүйцэтгэдэг.  Ингээд бүх хэвийн байдал алдагдаж эцсийн шатандаа бөөр орлуулах эмчилгээ хийлгэхгүйгээр амьдрах боломжгүй болдог ажээ.

Судлаачдын үзэж буйгаар дэлхийд бөөрний архаг өвчлөлтэй 500 гаруй сая хүн байдаг аж.

Бөөрний эмгэгийг Монголд хоёр аргаар эмчилдэг. Эхнийх нь хиймэл бөөрний аппарат буюу гемодиализ. Энэ нь өндөр технологи учраас үнэтэй, нэг удаа ороход 150 мянган төгрөг бөгөөд 7 хоногт 3 удаа орох шаардлагатай байдаг. Улсын хэмжээнд 200 гаруй хүн тус аппаратад ордог. Тэгэхээр 7 хоногт дунджаар 500 мянган төгрөгийг нэг хүнд зориулж гаргадаг, энэ нь жилд дунджаар 4 тэрбум орчим төгрөгийг улсын төсвөөс гаргадаг гэсэн үг. Цаашид Гемодиализийн аппаратад орж байгаа хүмүүсийн тоог энэ түвшинд нь барих буюу бууруулахад чиглэн ажиллаж байгаа аж.

Дараагийн арга нь бол бөөр шилжүүлэн суулгах мэс засал. Монголд 100 гаруй хүн бөөр шилжүүлэн суулгуулсан ба зөвхөн мэс засал эмчилгээнд хувь хүнээс 3,5 сая төгрөг, улсаас 8,5 сая төгрөгийг зарцуулдаг ба дархлаа тогтоох эм нэг хүнд жилд 1000 гаруй ам долларын өртөгтэй болдог ажээ.

Иймээс бөөрөө хамгаалцгаая.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх