Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 03 сар 30
・ 12

Энэ сарын 25-ны шөнө Завхан аймгийн Тэс сумын Засаг дарга Д.Нямсамбуу хөрш айлынхаа хашаанд хоолойгоо боомилсон байдалтай олджээ. Цагдаагийнхан түүнийг амиа хорлосон байж болзошгүй гэж байсан ч гадны нөлөөтэй, бусдын гарт амиа алдсан байх магадлалтай гэдэг шалтгаанаар шалгаж байгаа юм байна. Тэрээр 2016 оны орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, Засаг даргаар сонгогдсон юм байна. Гэвч сарын өмнө ар гэрийн шалтгаанаар Засаг даргын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, ажлаа өгчээ.
Түүний эхнэрийн бие муу гэдэг шалтгаанаар жлаа өгөх хүсэлт гаргасан ч тэрээр Тэс сумын “Дооно” хайрханд хайгуул, олборлолт хийхээр лиценз авсан уул уурхайн компанийн үйл ажиллагааг ихэд эсэргүүцдэг байжээ.
Өмнө нь уг асуудалтай холбоотой шүүх хурал болж байсан ч шүүхийн шийдвэр тухайн компанын талд гардаг байжээ. Мөн талийгаач амьд байхдаа “Би Засаг дарга байх хугацаандаа Дооно хайрханыг ухуулж чадахгүй” гэж ойр дотныхондоо ярьж байсан удаатай юм байна.
Тэгвэл ямар компани түүнтэй шүүхдэлцэж байсан бэ. Ямартай ч хамгийн сүүлд буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр Говь Алтай аймгийн сум дундын шүүхэд “Урд Хутлаг Уул” ХХК-ий захирал Ц.Оюунбатын нэхэмжлэлтэй, хариуцагч нь Завхан аймгийн тэс сумын Засаг дарга гэх шүүх хурал болж өнгөрчээ.
Уг шүүхийн бичигт “Иймд Урд хутлаг уул ХХК-ний Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хонгийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” 40 дүгээр зүйлийн 40.3-т “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална” гэж зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Завхан аймгийн Тэс сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ. Мөн Шинжлэх ухааны академи Палеонтологийн төвөөс Завхан аймгийн Тэс сумын нутагт орших Урд хутлаг уул нэртэй XV-012400, /628,26 га/ ашиглалтын талбайд явуулсан палеонтлогийн судалгааны тайланд “Палеонтологийн судалгаа, ажиглалтын үр дүнд “Урд хутлаг уул” талбайд эртний амьтан, ургамлын үлдэгдэл илрээгүй болно, тайланг үндэслэн тусгай зөвшөөрөлтэй талбайд хайгуулын ажлыг гүйцэтгэх боломжтой” гэсэн дүгнэлт хийсэн байгааг дурдах нь зүйтэй” гэсэн байна. Тэс сумын нутагт уул уурхайн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлтэй компаниуд байдаг бөгөөд энэ мэтээр талийгаач Засаг даргатай зарга үүсгэсээр байсан юм байна.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.