Газрын албаны байцаагч 62 саяын асуудлыг Сандуйтай холбон тайлбарлажээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 03 ・ 3

Урьд нь хонины махны хахуультай сумын сургуулийн захирал, 200 мянгын авлигалтай хотын цэцэрлэгийн эрхлэгч нараас хэтэрдэггүй байсан манай хуулийн энэ удаад хотын газрын албаны нэлээдтом бурхины хэргийг илрүүлж шийдвэрлэжээ. Тэр нь хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны төлбөрийн байцаагчаар ажиллаж байсан Б.Батсүрэн агаад Хятадын  хөрөнгө оруулалттай “Хонгран Сфеко” компаний гүйцэтгэх захирал Д.Төгсжаргал, тус компанийн нягтлан бодогч М.Энхтуяа нарт урьдчилан амлаж, тус компаний орон сууцны зориулалтаар эзэмшдэг Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр Ганц модны аманд байрлах 100 га газрын 2012 оны 1,2,3,4 дүгээр улирлын газрын төлбөр болох 88 сая,  2013 оны 1,2-р улирлын газрын төлбөр болох 44 сая төгрөгийг төлөөгүй байхад ашиг сонирхолынх нь дагуу албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр дээрхи хүмүүсээс 62 сая төгрөгний хахууль авч, газрын төлбөр төлсөн мэтээр тайланд хий тусгаж, газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэн газрын төлбөрийн тооцоо хийсэн акт үйлдэж өгсөн хэрэгт буруутгагдсан. Энэ нь Ц.Сандуйг газрын албаны даргаар ажиллаж байх үед гарчээ. Бүр түүний нэрийг барьсан гэнэ. Ц.Сандуй нь хэрэгт холбогдсон төлбөрийн байцаагчийг ажилд томилж байжээ.  “Хонгран Сфеко”  нь Хонхорын станцын замын хойт талд “Хаус хороолол” барьж байсан аж. Эхлээд 40 га, дараа нь 60 га газар авч нийтдээ 100 га газартай болсон байна. Хэдийгээр газрын дуудлага худалдааны анхны үнэ 1.3 тэрбум төгрөгөөс 220 саяыг л төлсөн байсан ч хоёр захирамжаа нийлүүлэн нийслэлийн Засаг даргын нэг захирамжаар газар эзмших гэрчилгээгээ авчээ. Дараа нь 2014 оны 12-р сард гэрчилгээний хугацаа нь дуусахад анхны үнийг бүрэн төлөөгүй бол гэрээг сунгахгүй гэж байж 264 саяыг нэмж төлүүлжээ. Ерөнхийдөө гэрээ ёсоор газрын төлбөрд жилд 88 сая, улиралд 22 сая төлөх үүрэгтэй байсан.  Тухайн үед хятад компаний монгол гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Төгсжаргал, нягтлан М.Энхтуяа нар БНХАУ дахь хөрөнгө оруулагчдаас ирсэн газрын төлбөрийн мөнгийг  эргэлдүүлэхээр шийдэн “Шанддов” гэдэг компаний дансыг ашигласан аж. Тус компаний захирлын найз нь нягтлантай хамт “Мандах” дээд сургуулийг төгссөн гэнэ. Нягтлан нь газрын төлбөр төлөх болоогүй тул мөнгийг нь эргэлдүүлэх гэсэн юм гээд дансаараа мөнгө гаргаж өгөхийг гуйжээ.Ингээд зургаан удаа  тус бүр нь 20-иод сая төгрөг гаргуулж авчээ. Захирал нягтлан хоёр нийтдээ 132 сая төгрөг гаргуулж аваад үүнээсээ 62 саяыг нь  дүүргийн газрын албаны төлбөрийн байцаагч Б.Батсүрэнд хээл хахууль болгон өгсөн, байцаагч төлбөр төлсөнөөр баримт үйлдэж тооцоо нийлсэн акт хийж өгсөн хэмээн дараа нь хүлээсэн. Байцаагч гүйцэтгэх захирал хоёр нэг ангийх тул хэл амаа амархан олжээ. Үлдсэн мөнгийг нь төлөвлөсөн ёсоороо “эргүүлсэн” гэнэ.

Гэхдээ тэд дэндүү гэнэхэн зүйл хийсэн. 132 сая буюу их  хэмжээний  төлбөрийг төлсөн гэж хий бичих нь илрэх магадлал өндөртэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тухайн үед дүүргийн газрын албанд төлбөр хариуцсан дөрвөн байцаагч ажилладаг байжээ. Мөн 200-гаад газар эзэмшигч төлбөр төлөгчөөр бүртгүүлсэн байсан.  Байцаагчид газрын төлбөр төлүүлээд НӨХГ-ын цахим тайлангийн санд тайлан шивж газрын албаны даргаар актандаа тамга даруулдаг журамттай. Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлсэн тохиолдолд газрын төлбөрийг гэрээнд ашиглах эзэмших зориулалтыг харгалзан үзэж газрын төлбөрийг тодорхойлон дөрвөн улиралд төлж байхаар заасан. Дүүргүүдийн газрын албад Улаанбаатар хотын банкинд газрын төлбөр төлөх зөвхөн орлогын данстай, орсон мөнгийг өдөрт нь нэгтгээд Төрийн сангийн дансанд төвлөрүүлдэг байжээ. Мөн тогтмол тулгалт шалгалт хийдэг. Ийм нэгэн тулгалтаар л 62 саяын хахуулын хэрэг амархан илэрчээ. Баянзүрх дүүргийн газрын албаны газар төлбөрийн орлогын тайлан болон төлбөр тушаагдсан дансны хуулгыг 2012, 2013 оны байдлаар гаргуулан авч шалгахад “Хонгран Сфеко” компани нь газрын төлбөрд нэг ч төгрөг төлөөгүй байхад төлбөр төлөгдсөн байдлаар тайланд тусгасан зөрчил илэрчээ. Мөн 2013 онд тус компаниас 3, 4-р улирлын газрын төлбөр 44 саяыг төлж бас төдий хэмжээний төлбөрийн өртэй байхад 88 саяыг төлсөнөөр тайланд оруулсан байжээ. Тайланг төлбөрийн байцаагч Б.Батсүрэн гаргасан тул хэрэг шууд түүн дээр буусан. Учрыг нь асуухад эхлээд Сандуй дарга битгий шилжүүл гэсэн гэжээ. Дараа нь “Хонгран Сфеко”  нь энэ ажлыг хийсний төлөө надад 8 саяыг өгсөн, энэ компаниас газрын төлбөр битгий нэхээч, намайг дарамтална гэсэн тул хуулийн байгууллагад асуудлыг шилжүүлсэн байна. Хэргийг АТГ мөрдсөн. Ердөө санхүүгийн баримтын тулгалтаар илэрсэн хэргээс болж төлбөрийн байцаагч болон хятад компаний гүйцэтгэх захирал,нягтлан нар хүнд байдалд орж бөөн хэрэг манджээ. Төлбөрийн байцаагч “...Төгсжаргал их сургуульд цуг сурч байсан ангийн хүүхэд, надтай уулзаад хятад компанид ажиллаж байгаа, газрын төлбөр төлсөн гээд акт хийгээд өгөөч, тэр мөнгийг нь эргэлдүүлэх гэсэн юм, эргэлдүүлчихээд буцаагаад төлчихнө гээд гуйгаад байхаар нь төлбөр төлөөгүй байхад тооцоо нийлсэн акт хийж өгсөн, тэр хоёроос ямар нэг авилга аваагүй, хоолонд л орсон, харин ээжийн бие муудаад Төгсжаргалаас хувиас нь 62 сая төгрөг зээлсэн” гэжээ. Гэсэн ч мөрдөн байцаалтын шатанд “Хонгран Сфеко”-гийн хоёр Өршөөлийн хуулинд хамрагдахын тулд гэм буруугаа хүлээж 62 саяын хахууль өгснөө  баталж бичгээр баримт гаргасан тул төлбөрийн байцаагч аргагүй байдалд оржээ.
НУУЦ.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 05/

    газрын албаний төлбөрийн дарга Дашцэцэгтэй хамт хийсэн гэнээ сайн шалгаарай

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 05/

    газрын албаний төлбөрийн дарга Дашцэцэгтэй хамт хийсэн гэнээ сайн шалгаарай

    Хариулах
  • Zochin / 2017 04 сар 04/

    Gazariin baitsagch nar chin bugd abilgal avdag shuu dee bugd l medej baigaa shuu dee

    Хариулах