Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 06
・ 7

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Ганхуяг авлига авсан байж болзошгүй байгаа юм байна. Тодруулбал, П.Ганхуяг тендерт оролцож буй компанийн захирлаас бусдаар зуучлуулан удаа дараа мөнгө авчээ. Ттэрээр “Нью Фоос” ХХК-ийн захирал Ц.Лхагвасайханаас 2013 онд хоёр, гурван ч удаа таван сая төгрөг авч, нийт 15 сая төгрөгийг Ц.Лхагвасайханаас дансаар шилжүүлэн авсан юм байна.
Учир нь "Малын тэжээл үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах” тендер зарлаж, тухайн оны хоёрдугаар сарын 14-нд П.Ганхуягийг үнэлгээний хорооны гишүүнээр томилжээ. Тиймээс тэрээр өөрийн эрх мэдлээ ашиглаж, Ү.Дамдинсүрэнгээр зуучлуулжээ. Ингэхдээ “Нью Фоос” ХХК-иас БНХАУ-д үйлдвэрлэсэн, тендерийн шаардлага хангахгүй төхөөрөмж хүлээн авах тухай акт үйлдэж, үнэлгээний хорооны гишүүдээр гарын үсэг зуруулсан байна. Уг нь “Нью Фоос” ХХК-ийнхан БНСУ-аас ногоон тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлнэ хэмээн бичиг баримт ирүүлж байжээ. Энэ хэргээс болж одоогоор зарим мэргэжилтнүүд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст гэрчийн мэдүүлэг өгч, П.Ганхуяг хүртэл шалгагдаж байгаа юм байна.
Нийтдээ 500 саяын өртөгтэй тендер аж. Хэдийгээр энэ компани шалгарсан ч тоног төхөөрөмж нийлүүлсэн хүн нь уг компаныг төлөөлөх эрхгүй Ц.Лхагвасүрэн гэгч байжээ. Тендерийн материалдаа БНСАУ-ын "Bokyung Greenhouses” компанийн ногоон тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмж оруулж ирнэ гэсэн ч Хятадын үйлдвэрлэгч нь тодорхойгүй тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн нь тодорхой болсон аж. Яамныханд хүлээлгэн өгөхдөө өөр улсад үйлдвэрлэгдсэн байдлыг нь нуухын тулд хяналтын самбарын хятад бичгүүдийг англи хэл дээр бичигдсэн заавар бүхий наалтаар дарж наасан байжээ. Энэ хэрэг дээх нь шалгагдаж байсан ч хуулийнхан тэгэс хийгээд орхиж байсан бололтой. Харин одоо АТГ хэрхэн үнэн мөнийг тогтоох бол. Учир нь авлига авсан өгсөн этгээдүүд одоо мэдүүлэг өгөхдөө нэг нь мөнгө зээлүүлж, нөгөөх нь танил дүүгээсээ зээлсэн гэдэг тайлбар өгөөд байгаа юм байна.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.