Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 06
・ 1

Хоногийн нойрны хэрэгцээ гэж байдаг. Энэ хэрэгцээнээс бага унтсан тохиолдолд хүүхдийн өсөлт саатаж эхэлнэ. Хүүхэд 21 цагаас өмнө унтаж байж өсөлтийн дааврын ялгаралт сайн байдаг. Нойр тун эмзэг, гадны нөлөөлөлд амархан өөрчлөмтгий. Учир нь хүний тархи унтаж байх үед амардаггүй. Тархины зарим эд эс, нейронууд идэвхгүй байдалд ордог ч бусад нь ажиллаж байдаг.
Өсөлтийн дааврын хэмжээ богино хугацаанд маш их өөрчлөгдөн хэлбэлздэг бөгөөд гүн нойронд унтаж эхлэнгүүт буюу 22 цагаас 02 цагийн хамгийн ихээр ялгарч, 00 цагаас 00 цаг 30 минутын хооронд хамгийн өндөр төвшинд хүрдэг. Энэ үед өнчин тархинаас самотатропин хэмээх өсөлтийн даавар сэрүүн үеийнхээс 2-3 дахин их хэмжээтэй ялгардаг. Иймээс “Хэн унтахгүй байна, тэр өсөхгүй” гэсэн зүйр үг байдаг. Эрт дээр үеэс нойрыг буруугаар ашиглаж байсан хүмүүс бол циркчид. Тэд жаахан хүүхдийг шөнө унтуулахгүй байлгах замаар жүжигчин одой нарыг бэлддэг байсан гэдэг.
Мөн унтахаас өмнө хоол идсэнээр хүүхдийн биед инсулин ихээр ялгарах бөгөөд энэ нь хүний өсөлтийн дааврын ялгаралтыг дарангуйлдаг. Ингэснээр хүүхэд шөнийн турш дутуу өсөж, дутуу амардаг. Сайн унтаж амрахад гэр бүлийн орчин, хүүхдийн дадал зуршил, хооллолт, өрөөний агааржуулалт, тав тухтай байдал нөлөөлнө. Сургуулийн насны хүүхдүүд шөнө сууж хичээл хийх, компьютер болон гар утас, зурагт удаан хугацаагаар үзэх нь нойргүйдэлд хүргэнэ.
Хүүхдийн нойрны хэрэгцээ наснаасаа хамаараад харилцан адилгүй байдаг. 1-2 настайд өдөр 2-2.5 цаг, шөнө10-11 цаг унтах , 2- 3 нас : 10-11 цаг, 3- 7 насанд 10 цаг, 7 наснаас эхлэн доод тал нь 8-9 цаг унтаж амарч байх хэрэгтэй.
Иймээс хүүхдүүдээ 21 цагаас өмнө унтуулах дадал зуршлыг хэвшүүлэх хэрэгтэй. Монголчууд хүүхдээ их унтуулах нь буруу гэдэг ойлголттой байдаг нь тийм ч зөв биш юм.
Хүүхдийн нарийн мэргэжлийн эмч А.Цэрэнням
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.