Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 10
・ 1

Баянгол дүүргийн гуравдугаар хороололд байрлах “Номин” их дэлгүүрийн нэгдүгээр давхрын бэлэн хувцасны салбар болох “Теранова” нэрийн тасгийн тааз энэ сарын 02-нд нурж, хоёр хүн гэмтсэн хэрэг гарсан билээ. Мэргэжлийн хяналтын газрын шуурхай албанд ирүүлсэн мэдээллийн дагуу ослын газарт Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч нар ажиллажээ. Байцаагч нарын дүгнэлт ингэж гарчээ. Бүрэн эхээрээ.
Уг дүгнэлтэд:
Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Номин фейшн” ХХК-ийн “Номин их дэлгүүр”-ийн бэлэн хувцасны /”Теранова”/ тасагт барилгын тааз 2017 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 12: 29 цагийн орчимд барилгын дүүжин тааз нурж, нэг ажилтан, тус тасгаар үйлчлүүлж байсан нэг иргэн осолд өртсөн байна. Осолдогчдын зүүн гарын булчин хавьд зөөлөн эдийн гэмтэлтэй байдалтайгаар “Гэмтэл согогын үндэсний төв”-д эмчлэгдэж байна. Биеийн байдал дунд зэрэг.
Осол гарахад нөлөөлсөн хүчин зүйлс:
“Номин фейшн” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай нэг давхар барилгын угсармал төмөр бетон нүхт хавтан хучилтад бэхэлсэн гипсэн дүүжин таазны төмөр рамыг стандартын дагуу угсраагүй, бэхэлсэн бэхэлгээг зориулалтын бус аргаар бэхэлсэн, чанарын шаардлага хангаагүй материал /тэлэгч боолт/ ашигласан байна. Энэ нь ашиглалтын хугацаанд олон тооны гэрэл дүүжилсэн, гипсэн таазны өөрийн жинг дийлэхгүй байсны улмаас бэхэлгээ хэсгээрээ суларч унасан нь осол гарахад нөлөөлсөн байна.
Зөрчигдсөн хууль тогтоомж:
“Номин фейшн” ХХК нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 /Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна./, “Барилгын тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 /механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх;/, 11.1.5 /барилга байгууламж ашиглагчдын аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж ашиглалтын явцад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй,... эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байхаар төлөвлөгдөн баригдсан байх/-д заасныг тус тус зөрчсөн байна.
Авсан арга хэмжээ:
“Номин фейшн” ХХК-ийн “Номин их дэлгүүр”-ийн бэлэн хувцасны /Теранова/ тасгийн үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл хугацаагаар улсын ахлах байцаагчийн 2017.04.02-ны өдрийн 02-06-038/:::: тоот актаар хэсэгчилэн зогсоов.
Дүгнэлт:
Ажилтан Ж.У осолд өртсөн нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1/ ”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үед /-д заасан үйлдвэрлэлийн осол мөн гэсэн дүгнэлтэд хүрчээ.
“Номин” компани барилгын тохижилтыг хийхдээ стандартыг дагаж мөрдөөгүй, зориулалтын бус бэхэлгээ хийсэн гэж мэргэжлийн хяналтын байцаагч нар дүгнэжээ. Тиймээс хохирлыг тус компани бүрэн барагдуулах үүрэгтэй юм байна.
Г.Нар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.