Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 11
・ 39

Лам нар ихэвчлэн сүсэгтэн олны өргөл барьцаар эд хөрөнгө олсон байдаг. Хийдэг ажил нь энэ тул өөр аргаар мөнгө олдог гэхэд хэцүү. Тэд ашиг хонжоо хайсан хорын муу санаатай байж хэрхэвч болохгүй улс. Өөрөөр хэлбэл, лам хүн арилжаа наймаа хийх нь ёсзүйд нь зохицохгүй гэж хэлж болно. Ер нь ийм ч байдаг юм билээ. Харин өргөл барьцаар орж ирсэн хөрөнгөө буяны үйлсэд зарцуулж, бүхэл бүтэн улсынхаа хүүхдийг хамгаалах сайн үйлс хийж болдог гэдгийг Ажиа гэгээн харуулж байлаа. АНУ дахь Төвд Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажиа гэгээн Цусны хорт хавдрын өвчтэй хүүхдүүдэд зориулсан шинэ эмнэлэг барьж, ашиглалтад оруулсан байдаг. 2009 онд цусны хавдрын 18 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2010 онд 24, 2011 онд 33 болж өссөн судалгаа байдаг. Тиймээс өвчиндөө шаналах хүүхдүүдийг тухтай орчинд эмчлэх, сэтгэл санааны дэм өгөхөөр Монголын эрүүл мэндийн салбарт асар том хөрөнгө оруулалт хийсэн Ажиа гэгээнд нийт монголчууд өнөөг хүртэл талархсаар яваа. Гэвч монголчууд баяжихаараа суварга босгодог, гаднынхан болохоор ядуучуудад мөнгөө өгдөг. Төвд ренбүүчи хүүхдийн эмнэлэг барьж өгдөг бол Монгол ренбүүчи үнэт эдлэлийн дэлгүүр нээдэг үзэгдэл энгийн мэт зүйл болжээ.
Олноо АПУ-гийн П.Батсайханыг алгаддаг лам хэмээн алдаршсан Зава Дамдин ренбүүчи буюу жинхэнэ нэр нь Осгонбаяр ламтан Монголын баячуудын багш гэдгээрээ алдартай. Өдгөө Дундговийн Дэлгэрийн хийдийг толгойлон суудаг түүнийг манай хамаг л баяд, ноёд шавилж, хувь заяа, хөрөнгө бэлээ даатгадаг гэдэг. Зава Дамдин гавжийн хойд дүрээр тодорч, Төвдөд олон жил чойрын номд нэвтэрсэн тэрээр магад олон жилийн даян бясалгал хийсэн орчин цагийн цор ганц ренбүүчи ч байж магад. Ном эрдэмтэйг нь илтгэх мэт шулуун шударга, түс тас яриатай, хэр баргийн лам нарт байдаггүй характертай ренбүүчи маань энэ удаад худалдааны бизнест ханцуй шамалсан гэнэ. Шангри-ла моллд бууриа зассан ZD эрдэнийн гоёлын дэлгүүр нээлтээ хийж, үйлчлүүлэгчдээ хүлээж авч эхэлжээ.
Хүннүгийн үеэс 8-р Богд хүртэлх түүхэн хэрэглээний соёлыг шингээсэн загвартай байгалийн үнэт чулуу, алт, алмаз, шүрээр хийсэн үнэт эдлэлүүдийг тэрбээр худалдаалж эхэлсэн байна. Харин түүнийг нэг ч буяны үйл хийж байна гэж сонсож амжаагүй байж байгаад баячуудад зориулсан дэлгүүр нээснийг хараад мэл гайхлаа.
Өчигдөр Буддын шашны томоохон төлөөлөл гэгддэг Д.Нямсайхан өөрийн твитертээ “Лам хүн үнэт эдлэлийн дэлгүүр нээдэг цагт амьдарч явна даа” гэжээ. Мөн тэрээр “Сонин л юм, лам хүн худалдаа наймаа эрхлэхийг хориглосон зүйл сахилд бий” гэсэн байна. Зава Дамдин гавжийн хойд дүр гэгддэг түүний Шангри-Ла Моллд нээсэн үнэт эрдэнийн дэлгүүр нь “ZD” нэртэй ажээ. Бодвол Зава Дамдин нь наймаа эрхэлдэг байсан гэж ойлгох уу. Түүний шавь нар нь харин цахим орчинд багшаа ихэд өмөрсөн янзтай байна билээ. Бид ч лам хүн дэлгүүр нээдэг цөвүүн цагт амьдарч байна даа.

Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.