Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 12
・ 10

Өчигдөр болсон цэргийн хээрийн сургуулилтын үеэр хоёр цэргийн албан хаагч шархдаж, найман цэрэг хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарсан байна. Ер нь Зэвсэгт хүчнийхэн энэ мэт ноцтой осол, зөрчлийг гаргасаар байна. Хүний амь гэдэг хямдхан зүйл биш шүү дээ. Яагаад алдаанаасаа суралцдаггүй юм бэ. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранат дэлбэрч, 19 настай байлдагч хоёр нүдээ хүндээр гэмтээж, зүүн гарынхаа гурван хурууг түлсэн хэрэг гарсан. Өчигдөр хэрэг гарсан “Тавантолгой”-н сургалтын төв бол олон улсын цэргийн сургалтын бааз. Афганистан, Судан гээд дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчдын хээрийн бэлтгэл энд явагддаг юм. Мөн олон улсын цэргийн тэмцээнүүд, анги нэгтгэлүүдийн марш тактикийн тэмцээн гээд Монголын зэвсэгт хүчний хэмжээнд болдог бүх л томоохон бэлтгэл сургуулилт энд болж өнгөрдөг.
Ийм хэмжээний томоохон сургалтын төвд дэлбэрэлт болж буйгаас харахад Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын үйл ажиллагаа ямар байгаа нь харагдаж буй гэж ойлгож болох юм. Дахин хүний алтан амь үрэгдэхгүй баталгаа байна уу, энэ мэт байдлаас болж, цэргийн байгуллагын нэр хүнд унаж, эрчүүд цэрэгт явах, цэргийн хүн болохоос зугтааж эхлэх вий.
Өчигдөр амиа алдсан Б.Мөнгөншагай нь 30 настай. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Өмнөд Судан, Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан чадварлаг цэргийн алба хаагч байжээ. Б.Ариунболд нь Баян-Өлгий аймагт төрсөн 24 настай. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Бүгд найрамдах Өмнөд Судан улсад мөн үүрэг гүйцэтгэж байжээ.
Шархадсан найман албан хаагч бүгд 24-28 настай залуус юм байна. Хэрэг болсны дараа Ж.Бадамбазар генерал мэдээлэл хийхдээ “Бид ослын хариуцлагыг хүлээхэд бэлэн байна. Цэргийн алба хаагчдынхаа ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье” гэж байсан. Хариуцлага хүлээх яах вэ. Дахин ийм аймшигт зүйл гарахгүй гэх баталгаа байна уу. Яаж итгэх вэ. Хоёрын хоёр залуу гэр бүлийн амьдралыг үгүй хийлээ шүү дээ.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.