“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал болно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 13 ・ 1

 

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал энэ сарын   20-21-нд Шангри-Ла зочид буудалд болох гэж байна.  Энэхүү олон улсын үзэсгэлэн, хурлын талаар санаачлагч, зохион байгуулагчид нь өнөөдөр мэдээлэл хийлээ.

Уг үзэсгэлэн хуралд  ХБНГУ, Австри, Щвейцарь, Австрали, Франц, Өмнөд Африкийн нэр хүндтэй компаниуд уул уурхай, барилга, хот төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, ерөнхий зориулалтын нисэх, хөдөө аж ахуй мах сүү боловсруулалтын чиглэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн компаниуд оролцоно. Гадны компаниудын 40 гаруй төлөөлөгч технологио танилцуулахаас гадна Австри, Щвейцарь, Хонгконгоос банк санхүү, хөрөнгө оруулалтын салбарын хүмүүс ирнэ. Мөн Монголын уул уурхай, хөдөө аж ахуй гэх мэт голлох салбарын томоохон компаниуд оролцохоор бүртгүүлээд байна.

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017”  шиг нэг дор таван салбарыг хамарсан технологийн олон үзэсгэлэн өмнө нь манай улсад  болж байгаагүй юм. Энэ удаагийн үзэсгэлэн, хурлын хоёр дахь давуу тал нь барууны шилдэг технологиудыг танилцуулахаас гадна хөрөнгө оруулагчидтай холбогдож ажил хэргийн яриа, уулзалт зохион байгуулах боломжийг бизнес эрхлэгчдэд олгох ажээ.  

"Технологи, хөрөнгө оруулалт Монголд - 2017" ОУ-ын үзэсгэлэн хурлыг санаачлагч Ж.Мядагмаа ярихдаа “Аливаа улс орны хөгжлийг технологи хурдасгаж өгч байда. Тийм учраас технологийн хөгжлийг Монголд нутагшуулахад хувийн компанийн хувьд олон улсын компаниудын технологийг жилдээ нэг танилцуулаад гадны компаниудыг Монгоод авчраад үзэсгэлэн хурал хийе гэж зорьсон. Гол шалтгаан нь технологи нь хөрөнгө оруулалт санхүүжилттэй холбоотой байдаг. тийм учраас технологийн шийдлээ Монголд нутагшуулахын тулд яалт ч үгүй санхүү, хөрөнгийн асуудлыг шийдэх шаардлагатай. Тийм учраас хөрөнгө оруулалтаар салбар хуралдаан хийе гэж бодсон. Хоёр өдөр үзэсгэлэн хурал хийхээр бэлтгэл ажлаа хийж байна. үзэсгэлэн, хурлыг дэмжиж байгаа Засгийн газар, яамд, ялангуяа Улаанбаатар хотын тамгын газарт талархаж байна” гэсэн.

Харин Нийслэлийн Үйлдвэрлэл Инновацийн Газрын дарга Б.Бат-Эрдэнэ : Технологи хөрөнгө оруулалт Монголд-2017 олон улсны үзэсгэлэн форумыг BM Mongolian Partners компанитай хамтран зохион байгуулж байна. их онцлогтой форум болж байгаа. Яагаад гэвэл өмнө нь нийслэлд Улаанбаатарт, манай улсад хэд хэдэн чуулга уулзалт форум болдог. Зөвхөн уул уурхай ч гэдэг юм уу ганц нэгхэн салбарыг онцолж байсан. харин энэ удаагийн олон улсын чуулга уулзалт бол эдийн засагт голлох таван салбарыг онцолж шилдэг технологиудыг танилцуулж байгаагаараа үр өгөөжтэй, онцлогтой гэж харж байгаа. Технологи руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг бас онцолж байгаа. ийм шалтгаанаар нийслэлийн засаг дарга ач холбогдол өгч форумыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байна. гадны болон барууны технологийг нийслэлд нэвтрүүлье, нутагшуулъя, энэ талаас нь манай нийслэл хамтран зохион байгуулаад хот төлөвлөлт, хөрөнгө оруулалт гэсэн салбар хуралдаануудад илтгэл тавьж оролцоно. Энэ илтгэлдээ нийслэлд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдээ танилцуулаад, хөрөнгө оруулагчидтай хамтарсан уулзалт хийхээр төлөвлөж байна гэлээ.

Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ: Улаанбаатарт тулгамдаж байгаа олон асуудал бий. Түгжрэл, утаа, агаар, усны бохирдол гээд. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд бидний урьдчилсан тооцоогоор 20 гаруй тэрбум ам.доллар шаардлагатай болж байгаа. үүнийг улс, нийслэлийн төсвөөс гаргаж хийхэд хэрэгжихэд хугацаа авахаар ажил. Тэгэхээр үүн дээр Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн зүгээс компаниудад хөрөнгө оруулагчид, технологийн компаниудтай хамтран ажиллах боломжийг олгох үүднээс энэ арга хэмжээг дэмжиж оролцож байгаа гэв.

Г.Нар 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: