Төсвийг ингэж дүгнэв

Улстөр ・Нийтэлсэн: Ганаа 2014 11 сар 14

2015 оны төсвийг хуулийн хугацаанд нь баталсантай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд парламент дахь бүлгүүдийн дарга, Төсвийн байнгын хорооны дарга нартай хамт ямар төсөв болсон талаар мэдээлэл хийлээ.

Төсвийн төсөлд тусгасан зардлыг 100 гаруй тэрбумаар бууруулж баталж байсан түүх УИХ-д байгаагүй. Энэ жил онцгой жил учраас ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй. Засаг даргын орлогч, зөвлөх, агентлагийн дэд дарга гэх мэт илүүдсэн олон орон тоог 1000-аар бууруулсан, шаардлагагүй зарим байгууллагын орон тоог танасан төсөв баталлаа гэж УИХ-ын дарга онцолсон.

Үүний дараа намын бүлгийн дарга нар мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболд төсөв хугацаандаа батлагдсан нь чухал хэмээн онцолсон бөгөөд нам эвслийн бүлгүүд шөнөжин хуралдаж төсвөө хэлэлцэж байсан хэмээлээ.

Энэ жилийн төсвийн гол онцлог нь  эдийн засгийн хямралаас үүдэн урсгал зардлыг 118.8 тэрбум төгрөгөөр хассан нь онцлог аж. Үүнд төрийн байгууллагын бараа, ажил үйлчилгээний зардал, Засгийн газрын тусгай сангууд, төрийн байгууллагын шаардлагагүй орон тоо, урсгал болон  их засварын ажлуудыг тодорхой хувиар бууруулжэ.

Харин Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Засгийн газрын болон Сангийн сайдгүй төсөв баталлаа хэмээн шүүмжиллээ. Тэрбээр, “2015 оны төсвийг цаг хугацаанд нь батлахад ажлын хэсгүүд идэвхитэй ажиллалаа. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ийм хэмжээний буурсан төсөв баталж  байсангүй. Мөн улстөрийн нөхцөл байдлын хувьд   Засгийн газар огцорсон,  Сангийн сайдгүй  хүнд үе таарлаа. Хоёр зүйлийг онцолж хэлмээр байна.

Нэгдүгээрт: Өмнөх жилүүдэд 20-30 хувиар өсч байсан үр ашиггүй зардлуудыг бууруулсан. Тухайлбал дэд, орлогч, зөвлөх гэх шинээр үүссэн  орон тоон дээрх 345 хүнийг цомхотгосноор 3 тэрбум, төрийн байгууллагын 540 орон тоо бууруулснаар 4 тэрбум, бараа ажил үйлчилгээний зардлыг 32   тэрбум төгрөгөөр бууруулжээ.  Гэхдээ боловсрол, эрүүл мэндийн  байгууллагын зардлыг хөндөөгүй. Цаашдаа төрийн албан хаагчдын орон тоог бууруулах ажлыг үргэлжлүүлнэ.

Хоёрдугаарт: 2010-2013 онд ажил нь эхэлсэн 400 гаруй обьектын  санхүүжилтыг шийдэж, арилжааны банкуудын чанаргүй зээлийн асуудлыг  нэг тийш болголоо. Гэхдээ УИХ-ын 30 дугаар тогтоолыг эргэж харах хэрэгтэй. Хөгжлийн банкинд 302 тэрбум төгрөгийн обьектыг шилжүүлсэн. Энэ бүхний үр дүнд төсвийн алдагдал 439.2 тэрбум буюу хязгаараас 0.2 хувиар сайжирч батлагдлаа” хэмээв.

Харин Д.Эрдэнэбат дарга Төсвийн орлого бүрдэх баталгаа алга хэмээв. Чингис, Самурай бондын хөрөнгийг төсөвт тусгах зэрэг асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрэх шаардлагатай бөгөөд зардлыг хассанаар ашигтай болчихгүй гэдгийг АН-ын бүлгийн дарга онцолж байсан юм. Энэ жилийн төсөв тодотгол хийх хүлээлттэйгээр батлагдаж байгаа учраас хаа хаанаа энэ талаар анхаарч хяналт, хариуцлагыг ярих ёстойг сануулж байв.

Эх сурвалж: www.mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх