Д.Бямбасүрэн: Засгийн газраа парламентийн гаднаас бүрдүүлэх хэрэгтэй

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 14

Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан Д.Бямбасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-АН-ын бүлгээс Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг нэр дэвшүүллээ. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

 

-Манай төрийн зүтгэлтнүүдийн дотроос ардчилсан хувьсгалаас эхлээд үзэл бодолдоо үнэнч байж улс орныхоо төлөө зүтгэж яваа хүн бол Р.Амаржаргал. АН-аас түүнийг Ерөнхий сайдад дахин нэр дэвшүүлж байгаад сэтгэл хангалуун байна. Монгол Улсад эдийн засаг нийгмийн хүнд байдал үүсээд байна. Энэ бүхнийг АН-ынхан шувууны буу бариад шийдэж чадахгүй. Тэгэхээр хүнд техник гаргах хэрэгтэй болно. Түүнийгээ л гаргалаа гэж бодож байна.

 

-Шинэчлэлийн Засгийн газар унах болсон гол шалтгаан таныхаар юу вэ?

 

-Энэ Засгийн газар байгуулагдаад нийгэмд шинэчлэл гэхээсээ илүүтэй ухралт, төрд ялзрал бий болгосон. Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан нь Монголын улс төр нэг алхам урагшлах үүд хаалгыг нээж байгаа явдал. УИХ-ын 2012 оны сонгуулиар АН-д ард түмэн төрийн эрхийг атгуулсан. Яг үнэнийг хэлэхэд иргэд маш их зүйл хүлээж байсан шүү. Гэтэл өнгөрсөн хугацаанд төр, засаг том хөрөнгөтнүүдэд үйлчлэх, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах, дотроо будилах байдлаар мунгинасаар байгаад цаг хугацаа алдлаа. АН-д одоо ажил хийх хугацаа маш бага үлдсэн. Гэхдээ жил хагаст сайн ажиллах юм бол хандлагыг өөрчлөх суурийг тавьж болно гэж үзэж байна. Сүүлийн үед засаглалын хямрал үүслээ гэж их ярих боллоо. Хэвлэл мэдээллийнхэн ч энэ тухай надаас асууж байна. Төрийн тогтолцоо тэр чигээрээ гацахыг засаглалын хямрал нүүрлэлээ гээд байгаа юм. Гэхдээ Монголын ард түмний итгэлийг хөсөрдүүлж байсан Засгийн газрыг огцрууллаа. Зарим хүн нөхцөл байдал улам дордоно гэсэн айдастай байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Харин ч нөхцөл байдал засрах тийшээгээ хандана гэсэн бодолтой байна.

 

-Шинэ Засгийн газрыг бүрдүүлэхдээ юунд анхаарах хэрэгтэй вэ?

 

-Шинэ Засгийн газар байгуулагдаад нийгэмд тулгамд-сан асуудлын зангилааг олох хэрэгтэй. Ингэхийн тулд Засгийн газраа парламентын гаднаас бүрдүүлэх хэрэгтэй. Тухайн салбартаа хамгийн нэр хүндтэй, өндөр боловсролтой хүнийг Засгийн газартаа татаж оруулбал асуудлыг шийдэж болох байх. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх ёстой.

 

-Засгийн газрынхаа эсрэг кноп дарсан гишүүдийг зарим нь шүүмжилж “Түгжилүүд” гэж нэрлэж байна. Харин та юу гэж бодож байна вэ?

 

-Н.Алтанхуягийн Засгийн газар өөрөө “Түгжил” гэдгийг түүхэнд хамгийн сайн нотолсон юм биш үү.

 

-АН-ын фракциуд шинэ Засгийн газраа дахиад татаж унагахгүй гэх баталгаа алга. Тогтвортой ажиллаж чадах болов уу?

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрыг толгойлж байгаа хүнээс л хамаарна. Засгийн газрыг бүрдүүлэхдээ фракциудад албан тушаалын хуваарилалт хийж дахин алдахгүй байх гэж найдаж байна.

 

-УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Эдийн засагч хүний хувьд та анхаарч байгаа байх?

 

-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг өргөн барьсан байхад Засгийн газрын бүтцээ өөрчлөх хуулийн төсөл гаргасныг би гайхаад байгаа юм. Ерөнхий сайд нь огцорч байхад ирэх оны төсвийн төслийг яриад байдаг. Монгол Улс Засгийн газаргүй олон хонолоо гэж халаглахаас илүүтэй өмнө гаргасан алдаандаа зарчмын дүгнэлт өгөөд дараагийн зам мөрөө тодорхойлж ажиллах нь илүү чухал байх. Монгол орон хүнд байна энэ ачааг бид нуруун дээрээ үүрч гарна. Төр хэмнэлтийн горимд шилжих талаасаа бодох хэрэгтэй. Өнгөрсөн хоёр жилд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өслөө. Тийм байхад энэ онд улсын хэмжээнд 120 сумын тэгш ой тохиож, 90 тэрбум төгрөгийг гөвөөд хаячихлаа. Энэ чинь мөнгө шүү дээ. Ер нь Монголын санхүү, мөнгөний нэгдсэн бодлого гэх ойлголт байхгүй болчихлоо.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх