Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 22
・ 7

Францын армид алба хаадаг гадаадын хоёр легион цэрэг өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 19-ний өдөр амиа алдсан тухай AFP агентлаг мэдээлжээ. Тэдний нэг нь Өмнөд Африкийн, 20 гаруй настай цэрэг байсан бол нөгөө нь Монгол Улсын иргэн 28 настай О.Бат-Аргамж байжээ.
Тухайн үед Марна голын орчимд Гадаад легион нарын явган цэргийн хоёрдугаар хорооны 20 хүний бүрэлдэхүүнтэй баг байлдааны сургуулилт хийж явжээ. Цэргийн ангиас 10:53 цагийн үед түгшүүр зарласнаар аврагч, шумбагчдын 30 хүний бүрэлдэхүүнтэй баг осол болсон газар шуурхай ирсэн байна.
Хэрэг гарсантай холбогдуулан Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Батлан хамгаалах яамны сайд Силви Гулард нар хохирогчдын гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч нарт гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Талийгаач Монгол Улсын иргэн О.Бат-Аргамж нь Францын армид алба хаагаад гурван жил болоод байжээ. Эхнэр, хоёр хүүхдийн аав түүний том хүү нь долоон настай, бага хүүхэд нь хоёр сартай юм байна.
Дэлхийн хамгийн хатуу чанга бэлтгэлтэй, тусгай хүчний арми гэгддэг Францын легионд орох хүнд шалгуурыг тэр бүр давж, тэнцэх хүн ховор. Монгол цэргүүд 10 жилийн өмнөөс тус армид алба хаах болсон ба ур чадвар, тэсвэр хатуужлаараа шалгарсан 50 гаруй монгол залуу алба хааж байгаа ажээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.