Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 06 сар 02
Зүүн гар талаас Д.Ганболд начин Ло.Эрхбаяр начин, Ч.Бямбадорж заан, Р.Даваадалай начин, Д.Мягмар заан, Ло.Энхбаяр начин, И.Мөнхбаатар начин. 2000-аад он
Монгол төрийн их баяр наадамд 11 удаа шөвгөрсөн, Монгол Улсын манлай заан Дасрангийн Мягмартай наадмын талаар хууч хөөрлөө.
-Та нэг ярилцлагадаа “Дамдин аварга хоёр Мөнхийн дундаас дээшээ гаран барилдана гэдэг үнэхээр хүнд байсан” хэмээсэн байдаг. Таны хэлсэн энэхүү үг үнэн байсан санагддаг юм?
-Тухайн үед шөвгийн дөрөвт Д.Дамдин аварга, Мөнхбат, Баянмөнх аваргууд сүүлийн гурван бөхөөр нэрийг нь зоочихсон юм шиг үлддэг байлаа. Шөвгийн дөрвөн бөхийн гурав нь бол зоолттой, харин үлдсэн нэг орон тоо руу дайрч, хүч үзэж байсан бөхчүүд нь Цэрэнтогтох аварга, Дагвасүрэн арслан, Мөнгөн арслан, Долгорсүрэн, Дүвчин заан бид хэд л хоорондоо үздэг байв. Ямар сайндаа тэр нэг орон тоо руу орох гэж би долоогийн даваанд зургаан удаа очиж, таван удаа унасан хүн. Ингэснээр нэг л удаа долоо давж, гурван аваргатай үлдсэн дээ. Өөрөөр хэлбэл тэр үед энэ гуравтай шөвгийн дөрөвт үлдэх, дундаас нь цоорч гарч ирнэ гэдэг үнэхээр хүнд хэцүү байсан.
-Гарлаа, дэвлээ, давлаа хэмээн гуравхан үгээр цоллуулдаг Дарийн Дамдин аваргын тухай та дурсахгүй юу?
-Д.Дамдин аварга хэлэх юмгүй аугаа хүн л дээ. Бид хоёр хоорондоо хоёрхон л удаа таарч барилдсан байна. Яг хэдэн оных вэ гэдгийг сайн санахгүй юм. Би улсын цол аваагүй, аймгийн заан цолтой байх үед цагаан сарын барилдаанаар тавын даваанд Дамдин аварга намайг амлаж, би унаж байсан бол Улаанбаатар хотын спартакиадаар дахин амлахад нь хаяж байсан түүхтэй. Ингэж л хоёр удаа хүч үзсэн байдаг юм. 1970 оны хавар Улаанбаатар хотын спартакиадаар хоёр Мөнх хоёулаа байхгүй байх үед Дамдин аварга Бээжин аварга, Эрдэнэбат, Төрөө хэмээх бөхчүүдийг дараалан давж, түрүүлж байлаа. Ер нь Дамдин аварга намайг яагаад ч юм ямар ч барилдаанд амлаж авдаггүй байсан даа.
-Яагаад таныг амладаггүй байсан юм бол?
-За тэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Би уг нь баруун талтай, баруун хөлөө урагшаа тавьж барилддаг онцлогтой. Гэтэл Дамдин аварга баруун хөл их авдаг ч миний баруун хөлийг ерөөсөө авдаггүй байсан юм. Мөн Дэмүүл арслан бэлтгэл дээр ч, баяр наадмаар ч тэр надтай ерөөсөө таарч барилдаж байгаагүй. Намайг бас л авдаггүй байв. Яагаад Дэмүүл арслан намайг авдаггүй байсан, Дамдин аварга миний баруун хөлийг авч барилддаггүйн учрыг би өдий насалтлаа ойлгодоггүй юм. Дамдин аварга бас их ирээдүйгээ харсан их ухаантай хүн юм болов уу гэж би бодддог. Учир нь нэг хэсэг Хоёр Мөнх чинь байнгын л шөвгийн дөрөвт гараад ирдэг байлаа. Харин Дамдин аварга энэ хоёрыг чинь хооронд нь тунаахгүй гээд аль нэгийг нь амлан авдаг байсан юм. Амлахгүйгээр хооронд тунаагаад байсан бол, өдийд хоёр Мөнх нэгнийгээ дарсаар байгаад л таарах байсан болов уу. Ингээд би Дамдин аваргад хандаж “Та жил бүр л Мөнхбат, Баянмөнх хоёрыг ээлжлэн амлаад байх юм. Нэг жил энэ хоёроос өөр хүн амлан авч, түрүүлж, үзүүрлэхээ боддоггүй юм уу” гэтэл Дамдин аварга “За яахав улсын баяр наадамд үлдэх ёстой хоёр нь л үлдэг” гэж билээ. Үнэхээр сайхан сэтгэл шүү. Тээр жилийн наадмаар Мижиддорж арслан тавын даваанд Дамдин аварга дээр очоод “Та намайг авчих” гээд гуйж байна. Тэгэхээр нь би гайхаад “Та чинь яагаад намайг авчих гээд гуйгаад байгаа юм бэ. Өчнөөн жил Дамдин аваргад унаа биз дээ” гэтэл Мижиддорж арслан “Өө яршиг яршиг. Тэр уналаа гэж олон хүнийг хэлж байхаар Дамдингаараа дуусъя даа” гэж билээ. Тэгэхээр нь би “Та олон удаа Дамдин аваргатай таарч барилдахдаа ганц удаа хаяж болоогүй юм уу” гэтэл “Уулын орой дээрээс бул хар чулуу өнхрүүлбэл чи яаж тогтоох юм. Тэрэнтэй адил шүү дээ” гэж билээ (инээв).
-Монгол бөхийн шинж, уран мэхийг нэгэн биед цогцлоож чадсан хүн бол яахын аргагүй Д.Цэрэнтогтох аварга байсан. Таныг заан болдог жил Цэрэнтогтох аварга түрүүлж байл уу?
-Тэр чинь 1978 оны наадам. Цэрэнтогтох аварга тэр жил Дамдин аварга, хоёр Мөнхийг хаяж түрүүлсэн юм. Харин би зургаагийн даваанд Хадаа аваргатай, долоогийн даваанд Дагвасүрэн арсланг орхиж дөрөвт үлдэн, Мөнхбат аваргад тахим өгч билээ. Хадаа тэгэхэд аварга болоогүй байсан л даа. Долоогийн даваанд Дагвасүрэнтэй барилдаж, заан болчихоод үнэхээр их баярласан. Тухайн үеийн аварга, арслангуудын дундаас зургаан удаа зааны давааг шүргэж, таван удаа унаж байж, заан болно гэдэг үнэхээр хүнд. Тэр наадмын өмнөх буюу 1976 онд Хадаа түрүүлж, Дагвасүрэн үзүүрлэж байсан шүү дээ. Тэгэхээр хоёр жилийн дараа би тэр хоёртой барилдаж заан болж байсан гэсэн үг.
-1991 оны баяр наадам шиг санагдаж байна. Хадаа аварга хэцүү газраас гарч ирсэн жил таныг тавын даваанд амлан авч тахим өгсөн байдаг байх аа. Гүндүүгүй сайхан, хүүхэд шиг зантай хэмээгдэх Хадбаатар аваргын тухай ярихгүй юу?
-Хадбаатар аварга намайг улсын баяр наадамд хоёр удаа л амлаж авсан. Нэг нь намайг заан болдог жил зургаагийн даваанд амлан авч тахим өгсөн. Түүний дараа намайг дөч гарчихсан байхад улсын баяр наадмын тавын даваанд амлан авахад нь бас хаяж билээ. Хамгийн сүүлд Хадааг хаядаг наадмыг би хэлье. Тэр жил Хадаа түрүүлнэ гэж байсан юм. Ингээд тавын даваанд намайг амлаж бид хоёр барилдлаа. Өмнө заалны барилдаанд Хадаа намайг давхар ачих гэж байгаад унасан юм. Тэрийгээ санахгүй байсан уу, бас л намайг ачих гээд зүтгэж байна. Ер нь давхар ачих юм бол надад их ашигтай болж ирнэ л дээ. Хадаа аварга тэр үеийн бөхчүүд дундаа хамгийн их бяр, тэнхээтэй хүн байсан шүү дээ. Ингээд давхар ачааны барьцыг нь хааж хорьж байгаад өглөө. Үүний учир нь Хадаа аваргад давхар ачааны барьцыг нь хааж, байгаад гэнэт өгчихвөл, хамаагүй мэх хийх болов уу гэж бодсон. Ер нь барьцандаа хүрчихвал ямар ч тохиолдолд мэхээ хийдэг хүн л дээ. Тийм болохоор хааж байгаад, санаандгүй байдлаар өгсөн мэт хуураад хариу мэх хийх бодолтой байв. Ингээд дайраад байсан барьцыг нь өгсөн чинь мань хүн ухаан жолоогүй барьцандаа шунаж, байгаад хамаа намаагүй давхар ачихад нь сүлбэж хаяж билээ. Ер нь Хадаа аваргатай барилдсан тэр жилийн наадам үнэндээ сайхан байсан. Хөөрхий минь үнэхээр хүүхэд шиг цайлган сэтгэлтэй хүн шүү дээ. Санаа зөв бол заяа зөв гэдэг ч, тийм сайхан сэтгэлтэй хүн яагаад тэр хэцүү газар орчихсоныг нь би үнэхээр гайхдаг. Хадаагийн зан, аашийг нь би үнэхээр сайн мэднэ. Бид хоёр их л ойр байсан даа. Манай Хадаа чинь хүн амьтанд муу санана гэж ерөөсөө байдаггүй, яг л хүүхэд шиг л хүн байсан юм. Насны хувьд надаас хоёр билүү гурав дүү. 1972 он буюу Ардын хувьсгалын 51 жилийн ойн баяр наадмаар Хадбаатар тав давж начин болж байлаа. Тэр жил Чойжилсүрэн начин тавын даваанд Хадаатай таарч барилдахдаа “Би ингэж харьчихсан юм уу, эсвэл энэ хүүхэд ийм бяртай юм уу, унаж явсан хэрнээ намайг хоёр тийшээ ээлжлэн шидээд байх юм” хэмээн уулга алдаж байсан шүү. Тэгж хэлэхэд нь би яг хажууд нь зогсож байсан юм. Яах вэ, Хадаа тухайн үед залуу, ид гарч ирж байлаа шүү дээ. Миний хувьд Хадаа аваргын хоёр зүйлд их гайхдаг. Нэг удаа Спортын ордонд бидний үеийн бөхчүүд бэлтгэл хийж байлаа. Тэгтэл Хадаа гаднаас “Өнөөдөр чинь өсгийнөөс холгоод явуулсангүй” гэсээр орж ирдэг юм байна. Тэгээд бэлтгэлээ хийж дуусаад байр луугаа очлоо. Бид хоёр байранд хамт байсан юм. Орой Хадаа гутлаа тайлтал оймсных нь өсгий улаан нялга. Яачихсан юм гэтэл “Аан харин гутлын хадаас нь дээшээ гарч ирчихээд өсгийг нь холгоод байсан юм байна. Тэгээд л өсгий алаад хаячихаж” гэдэг юм байна. Тэгэхээр нь би “Наад хадаас чинь холгоод байсан юм бол өдөр гутлаа тайлаад хадаасыг нь чулуугаар ч гэсэн цохиж, цааш нь дарахгүй яасан юм” гэж хэлтэл ер тоосон ч юмгүй “Харин тэгдэг байж” хэмээн хариулж байна. Бас л их гүргэр, хэнэггүй хүн дээ. Тэр хадаасан дээр гишгээд өдөржингөө явчихсан байгаа юм шүү (инээв). Бас нэг өдөр элэг нь улаан гүвдрүү болчихсон ирдэг юм байна. Яасан гэхээр нэг бөхтэй Налайхын тэнд явж байгаад машин нь эвдэрч л дээ. Тэгэхээр нь мань хоёр машинаа хаячихаад цааш явж. Ингээд тэр шөнө нь айлын тушаатай морь байхаар нь Хадаа нөгөө морийг сүүлдэж, баригдахгүй болохоор нь тэвэрч авах гээд ухас хийтэл Хадаагийн гэдэс рүү тангарчихсан юм гэсэн. Тэгээд л улаан гүвдрүү болчихсон гэдэстэй ирсэн юм байна лээ.
-Б.Бат-Эрдэнэ аваргын хамгийн хүндэлж явдаг хүн нь та юм билээ. Мөн таныг ид барилдаж байх үедээ Б.Бат-Эрдэнэ аваргыг дэмжиж, наадам, цагаан сарын барилдаанд тунаанаас гаргаж өгдөг байсан гэдэг?
-Би нэг л удаа амлан авч байсан юм. Ер нь Бат-Эрдэнэ аварга бол энгүй хүчтэй, төрчихсөн хүн шүү дээ. Энэ хүнтэй би 10 хэдэн жил нэг байранд хамт байсан. Бат-Эрдэнэ аваргын нэг онцлог бий. Өөрийн барилдаандаа гаргасан алдаагаа дахиж ерөөсөө давтдаггүй. Үүгээрээ их онцлогтой хүн юм. Аварга саяхан “Монгол тулгатны зуун эрхэм” гээд нэвтрүүлэгт орж байхдаа хөлөө гэмтээсэн наадмаа ярьсан л даа. Яг юу болсныг нь би хамт байсан хүний хувьд мэдэх юм. Тэр чинь долоон сарын 8 буюу наадам болохоос хэдхэн хоногийн өмнө болсон. Тэр орой Бат-Эрдэнэ “Хөл эвгүй болчихлоо” гэсээр байрандаа ирсэн. Ингээд би барьж өгөөд “За гайгүй л юм шиг байна. Ер нь гаднаасаа нээх мэдэгдэхгүй юм” гэж хэлсэн. Маргааш өглөө нь би эрт сэрээд хөнжлийг нь сөхөж үзтэл нөгөө өвдөөд байсан хөл нь булуу болтлоо хавдчихсан байдаг байгаа. Ингээд Бат-Эрдэнийг сэрээж, бариач дээр оч гээд явууллаа. Тэгээд 9-ний өглөө боллоо. Нөгөө хүнээс чинь сураг байдаггүй. Миний санаа зовоод гэр лүү нь ярьсан чинь Болормаа утас авч байна. Би “Цаадах чинь яачихваа. Хөл нь зүгээр үү” гэж асуутал Болормаа “Харин тэр бариач дээр очсон чинь Багануур явчихаж гэнэ. Тэгээд тийшээ хөлөө бариулахаар явсан” гэдэг юм байна. Наадам болоход хоёрхон хоног л дутуу. За одоо баларсан юм боллоо л гэж бодсон. Хөлөө гэмтэлтэй гэдгээ аварга тас нуусан л даа. Тухайн үед Бат-Эрдэнийн хөл гэмтэлтэй гэдгийг дуучин Эрдэнэбат, Болормаа, манай хөгшин Хандаа, аваргын хадам аав Д.Барамсай гуай хэмээх таван хүн л мэдэж байсан. Ингээд л тэр жилийн наадамд барилдаж түрүүлж байсан түүхтэй юм. Орой гэртээ ирээд хөл нь тийм их хавдартай байсныг мэдээгүй улсууд их гайхаж байсан даа.
-Бат-Эрдэнэ аваргын хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Д.Баяраа гарьд хэмээдэг. Энэ үнэн болов уу?
-Бат-Эрдэнэ ид гарч ирж байх үедээ Д.Баяраатай энэ тэнцүүхэн сайхан барилдаж байсан л даа. Тухайн үед Баяраа гарьд ч бас сайн байсан шүү. Сүүлдээ Бат-Эрдэнэ хамаагүй тасраад явчихсан л даа. Яг Баяраад аварга тахим өгч байсныг сайн санахгүй юм. Ер нь унаж байгаагүй байх шүү. Нэг удаа заалны барилдаанд Баяраа гарьд их амьсгаадчихсан ирдэг юм байна. Би тэр хүний ингэтлээ их хөлс хүчээ гарган, цуцаж байсныг нь ер харж байгаагүй. Тэгээд хүрч ирээд “Бат-Эрдэнэ чинь аргаггүй л өөр хүн юм аа” гэж хэлснийг нь санах юм.
-Наадам айсуй. Өнөө жилийн баяр наадмын дүр зургийг та хэрхэн харж байна вэ?
-За даа баяр наадмын дүр зургийг харах чинь үнэхээр хэцүү болсон доо. Олон жил үндэснийхээ их баяр наадамд зодоглож, бөх хүний зовлон жаргал, алдаа оноог мэддэг хэдий ч хэн нь дээшээ гарч барилдахыг үнэхээр хэлж мэдэхгүй юм. Аймгийн цолтой бөхчүүд ч дээшээ гарч ирэн барилдах боломжтой болж. Хэн ч гэсэн улсын өндөр цол хүртэх, том цолтой бөхчүүдтэй хамаагүй барилдчих юм. Би ер нь учраа олохгүй л байгаа шүү. Бэлтгэл сайн хийсэн хүн л дээшээ ахиж барилдана л гэж хэлье дээ.
-Тэгэхээр нэг үеэ бодвол монгол бөх хөгжсөн гэж хэлж болох уу. Өнөө жилийн баяр наадамд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Ц.Содномдорж нарын зэрэг бөхчүүд дээшээ гарч барилдах нь ойлгомжтой байх. Чухам хэн нь шөвгөрч, хэн нь түрүүлдэг юм болоо?
-Ер нь чиний дурдсан бөхчүүд бүгд л дээшээ гарч барилдана. Өнөө жилийн баяр наадамд ч түрүүлэх боломжтой бөхчүүдийг хэлж байна. Эдгээр бөхчүүд бусдаасаа арай өөр л барилдаад байгаа юм даа. Гэхдээ зарим нь хоорондоо тунаж, зарим нь нэгнийгээ амлан авч барилдах болов уу даа.
Өдрийн сонин Э.Мөнхтүвшин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.