Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 07 сар 31
・ 3

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлын хэсэг бэлтгэл ажлаа хангажээ. Тиймээс өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын тавныг хүртэл хэлэлцүүлэг өрнөх юм байна. Энэхүү хэлэлцүүлэг нь зөвхөн аймаг, сум, баг гэсэн гурван шаттайгаар явагдах ажээ. Хэлэлцүүлэгт аймаг, нийслэлийн нутгийн төлөөллийн байгууллага бүрэн хамрагдах бөгөөд Засгийн газрын төлөөлөл бүрэн хяналт тавьж, УИХ-ын Тамгын газар хуулийн төслийн талаарх ном товхимолыг хэвлүүлж, сургагч багш бэлтгэх, зохион байгуулагчийг нэгдсэн удирдлагаар хангах ажлыг хариуцаж байгаа.
Мөн иргэдээс олон санал ирж байгаа гэж зохион байгуулагчид хэлж байна. Иргэдэд хэлэлцүүлэг зохион байгуулах сургагч багш нарыг бэлтгэжээ. УИХ-ын Тамгын газраас найман баг гарч, орон нутагт бүсчилсэн байдлаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм байна. 21 аймаг, нийслэлийн дүүргүүдэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийн бэлтгэл ажил хангагдсан байна.
Иргэд биечлэн оролцож, амаар болон бичгээр саналаа өгч болно. Мөн орон нутгийн төлөөллийн байгууллага болох Засаг даргын Тамгын газарт саналаа өгч болох юм. Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шуудангаар саналаа илгээж болох гэнэ. Ингэхдээ хэвлэлийн дугтуй, санал өгөх хуудсыг шуудангуудад өгөх юм байна. Цаашлаад цахимаар саналаа өгөх эрх нь нээлттэй юм. Хэлэлцүүлгийн үеэр төсөл зохион байгуулагчаас асуулт асууж, хариулт авна, харин бусад хуулийн төслөөр хэлэлцэхгүй аж.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь:
1. Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах;
2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох;
3. Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх;
4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх;
5. Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах;
6. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэсэн үндсэн хүрээг хамарч байгаа юм байна.
Ийнхүү хэлэлцүүлэг долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 13-ны хооронд Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Хэнтий, Дорнод, Сүхбаатарт, наймдугаар сарын 7-21-д Ховд, Баян-Өлгий, Увс, Төв, Өвөрхангай, Өмнөговьд, наймдугаар сарын 4-27-нд Булган, Архангай, Хөвсгөл, Дархан, Сэлэнгэ, Орхон, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймагт тус тус бүсчилсэн хэлбэрээр явагдана.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэгтээ идэвхтэй оролцох боломжтой.
Г.Нар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.