Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 08 сар 09

Энэ өдрүүдэд манай орны ойн зонхилох хөнөөлт шавьжийн нэг болох өрөөсгөл хүр эрвээхэйн (Lymintria dispar L) нислэгийн мөчлөг тохиож буй. Энэхүү зүйлийн хөнөөлт шавьжийн бие гүйцсэн эрвээхэй наймдугаар сарын эхний арав хоногоос есдүгээр сарын эхний арав хоног хүртэлх хугацаанд идэвхтэй нисч эвцэлцээнд ордог ажээ. Шөнийн идэвхитэй, гэрэлд дуртай учир гэрэл гарсан газар нэг дор олноороо цуглан тохиромжтой газар өндөглөдөг байна.
Өрөөсгөл хүр эрвээхэй нь байгаль дээр байдаг биологийн төрөл зүйл бөгөөд хүнд онцын аюул учруулахгүй, хэт их нэг дор бөөгнөрсөн тохиолдолд хэвлийн хэсгээсээ нарийн тоосонцор ялгаруулдаг учир харшил өгөх магадлалтай.
Уг зүйлийн хөнөөлт шавьжийн биологийн онцлогоос шалтгаалан одоогийн байдлаар гэрлэн болон феромонт урхи тавин эрвээхэй цуглуулах, өндөг хусаж цуглуулах аргаар тэмцлийн ажил явуулах нь хамгийн тохиромжтой ажээ.
БОАЖЯ-наас мэдээлснээр, өнөөдрийн байдлаар нийслэлийн ногоон бүсийн ойн сан Найрамдал зуслан, Баянхошууны Баруун зүүн салаа, Бэлх, Цэлх, Шадивлан, Яргайт, Жигжид, Шарга морьт, Баянбулаг, Майхан толгой, Хандгайт, Санзай, Их бага баян, Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ой бүхий нутагт өрөөсгөл хүр эрвээхэйн голомт үүсээд буй юм байна.
Иймд мэргэжилтнүүд ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн газар, гэр, байшин, албан байгууллагын хашаа, гэрлэн дор ихээр цугласан өрөөсгөл хүр эрвээхэйг устгах ажлыг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан зохион байгуулж ажиллахыг зөвлөжээ.
Эрвээхэйн нислэгийн үе дөнгөж эхэлж буйтай холбогдуулан ард иргэдийг шаардлагагүй бол гадаа гэрэл асаахгүй байж, гэр болон байшингийн хана туурганд өндөглөсөн өндгийг хусч цуглуулан, булж устгахыг зөвлөж байна. Өндгийг хусч цуглуулахдаа амны хаалт, бээлий, нүдний шил хэрэглэхийг анхаарууллаа.
Онцлох шинж:
-Гэрэлд дуртай
-Шөнийн идэвхитэй /22:00 -02:00 цагийн хооронд/
-Ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг
-Ойн хөнөөлт, хортон шавьжийн устгалын ажлыг явуулах заавар
Бэлтгэл ажил:
-Ажлын бээлий өмсөх
-Амны хаалт хэрэглэх /үл үзэгдэх тоосонцороос хамгаалах/
-Эрвээхэй хийх сав /шуудай/
-Хүрз
-Ажлын хувцас өмсөх /тоос нэвтрэх, харшил хөдлөхөөс урьдчилан сэргийлэх/
Устгалын ажлыг явуулах:
-Ихээр цугласан эрвээхэйг хүрзээр шуудайнд хийх
-Шуудайлсан эрвээхэйг нүх ухаж эсвэл ухсан нүхэнд хийж шороо, чулуугаар булах
-Булах нүхний хэмжээ нь устгах эрвээхэйн овор хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байх бөгөөд газрын гадаргаас 20-30 см доор булсан байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.