Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 11 сар 17
Бүтэн сарын турш зарим салбарын сайдгүй, 20 гаруй хоног Монгол төрийн нэг багана эзгүй байсан эмх замбараагүй байдал энэ долоо хоногт эмхэндээ орох нь ээ
МАН-ын тавьсан үндэслэлээр огцрохын өмнөхөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бүтцийн өөрчлөлт хийсний хар гайгаар өнөөдрийг болтол дөрвөн яамны сайдын суудал эзгүйрч, Монгол Улс түүхэндээ анх удаа Сангийн сайдгүй, Ерөнхий сайдгүйгээр улсын төсвийг батлав.
Ирэх онуудад эдийн засаг ямар байх нь үнэндээ энэ хоёр хүнээс шалтгаалдаг атал, эхлээд төсвийг нь батлаад өгчихье, хэрхэн зарцуулахаа хожим батлагдах хоёр сайд нь шийднэ биз гэсэн хариуцлагагүй шийдвэр гаргасан нь харамсалтай. Ямартай ч улс төрийн нам эвслүүдийг хөл толгойгүй юм шиг аашилж аягласан улстөржилт шинэхэн сайдыг дэмжсэн өнгө аястай мэдэгдлүүд хийж эхэлснээр дуусгавар болж байна.
АН-ын ҮЗХ-ны хуралдаан өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт хуралдаж Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг дэмжсэн юм. Энэ шийдвэр дэмжлэг авах эсэх нь намын бүлгүүдийн ямар шийдвэр гаргахаас шалтгаалж байв. Өөрөөр хэлбэл, намын дүрмээр дэмжигдсэн сайд хуулийн хүрээнд улс төрийн намуудын бүлгээс дэмжлэг авах эсэхээс чуулганаар хэлэлцэгдэх үү гэдэг хүлээлт үүсээд байсан юм. Тэгвэл, зөвшилцөх санал хүлээж авсан нам эвслийн бүлгүүд улстөржилтөө хойш нь тавьж улсын ажлыг урагшлуулах нь зөв гэж үзжээ.
Энэ асуудалд АН-ын бүлэг илүү нэгдмэл байж чадсан юм. Учир нь МҮДН фракцийн гишүүд Ч.Сайханбилэгийг дэмжих санал өгөөгүйг буруутгах аргагүй. Эдийн засгийн хямралаас гаргах сайдаар Р.Амаржаргалыг дэмжсэн атлаа гэнэтхэн шийдвэрээсээ эргэж хургахыг тэд хүсээгүй учраас анхныхаа байр суурийг хамгаалсныг нь буруутгах аргагүй. Ингэх нь анхнаасаа ч тодорхой байсан. Р.Амаржаргал гишүүний хувьд эдийн засгийн хямралыг хамгийн сайн мэдэрч чадаж байгаа учраас хэн нь ч эхний шийдвэрээ хамгаалах нь зүйн хэрэг юм.
Тиймээс Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал хэн нь ч сайд болсон мэргэжлийн Засгийн газар байгуулах ёстой болоод байна. Хэн эдийн засгийн хямралаас улс орныг гаргаж чадах, алдагдалтай баталсан төсвийг ашигтай болгох ажлыг хэн хийх вэ гэдгийг сайтар ярилцах хэрэгтэй байна. Нам эвслийн бүлгүүдийг оруулж ирэхдээ албан тушаал бэлэглэх байдлаар бус, аль салбарт бэлтгэгдсэн мэргэжилтэй хүн байна вэ гэдгийг харах ёстой.
Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал нар намынхаа ҮЗХ-ны хуралдааны үеэр Мэргэжлийн Засгийн газар байгуулна хэмээн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Энэ амлалт нь хэр ажил хэрэг болох вэ гэдгийг хүн бүхэн харж хүлээж байгаа учраас мэргэжлийн тэр дундаа эдийн засгийг аврах “Авралын Засгийн газар” юу юунаас чухал болоод байна. Ирэх онуудад дэлхийн эдийн засаг ч амаргүй байх нь тодорхой.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.