Б.Билэгт “Намайг дахин томилохгүй бол засгийн газарт эрүүгийн хариуцлага тооцуулна” гэжээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 11 сар 17

“Албан бус” даргатай ЦЕГ-т халаа сэлгээ үргэлжилж, цагдаа хүчний байгууллага “сульдаа” байдалтай байна. ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт өөрийг нь Засгийн газрын хуралдаанаар огцруулсан шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандаж, шүүхийн шийдвэр гурван сарын дараа түүний талд гарсан нь хүчний байгууллагын дархлааг бүр ч сулрууллаа.

Шүүхээс Б.Билэгтийн талд шийдвэр гарснаар одоогийн ЦЕГ-ын дарга С.Баатаржав нь “Албан бус” дарга болж хувирав. Гэхдээ иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэж болохгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал болох Засгийн газар дараагийн шатны шүүхэд гомдол гаргана.

Үүний дараа шаардлагатай бол Улсын дээд шүүхэд хандах эрх нь талуудад нээлттэй байгаа. Тэгэхээр ойрын хоёр сардаа энэ асуудал шүүхийн хүрээнд маргаан өрнүүлэх ойлгомжтой байна.

Анхан шатны шүүхээс Б.Билэгтэд ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр болох гурван сая 817 мянган төгрөгийг олгуулахаар Засгийн газарт даалгасан. Гэтэл С.Баатаржав мөн тус газраас даргын цалин авч байна. Хэрэв Б.Билэгтийн цалинг нөхөж олгохоор бол улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргана.

Дээрх шүүхийн шийдвэрийн наад захын хор холбогдол нь ийм юм. Харин үүний цаана цагдаагийн байгууллагад ажиллаж, хүчин зүтгэж байгаа олон мянган албан хаагчийн эрх хөндөгдөж байна.

Сүүлийн хоёр жилийн турш цагдаагийн байгууллагад хөл, толгой нь мэдэгдэхгүй, даргын суудал тойрсон хэрүүл боллоо. Өөрөөр хэлбэл, дарга солихын хэрээр албан хаагчид хөдөлгөөнд орж байна.

Б.Билэгтийн оронд томилогдсон С.Баатаржав ЦЕГ-т ирсэн даруйдаа хамгийн түрүүнд ЭЦГ-ын хурандаа нарыг ажлаас нь чөлөөлж, тус газрыг татан буулгаж Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болгон бүтцийн өөрчлөл хийсэн. Цаашлаад хот, орон нутгийн Цагдаагийн газрын дарга нарыг сольж байна.

Хамгийн сүүлд гэхэд Дорнод аймгийн Цагдаагийн газрын даргыг өөрчилж нийс- лэлийн цагдаагийн газарт ажиллаж байсан Ариунболдыг, Замын-Үүдийн Цагдаагийн газрын даргаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын дэд даргаар ажиллаж байсан Ганзоригийг, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргаар Манлайбаатар нарыг тус тус томилсон байна.

ЭЦГ-ын хурандаа нарыг албан тушаалаас чөлөөлөх үндэслэл нь салбарын сайдаа унагах төлөвлөгөөнд газрын даргатайгаа хамтарч оролцсон. Тодруулбал, хар тамхины хэрэгт байцаагдаж байсан сэжигтэнтэй үгсэн тохирч хэвлэл мэдээллээр худал мэдээлэл тараасан, салбарын сайдаа тагнаж чагнасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн.

Тэд эл үйлдлийг хийсэн эсэхийг шүүхээр тогтоосон шийдвэр өдгөө хүртэл гараагүй байна. “ТЕГ шалгаж байгаа” гэснээс өөр мэдээлэлгүй. Гэхдээ ЦЕГ- ын дотоод хяналт, шалгалтаар тэдний үйлдлийг тогтоосон гэдэг юм билээ. Энэ талаар салбарын сайд Х.Тэмүүжин саяхан нэгэн сонирхолтой баримтыг олонд дэлгэсэн.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Б.Билэгтийн талд шүүхийн шийдвэр гарсны дараа твиттер хуудсаараа дамжуулан ЦЕГ- ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд бичиж, эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт тусгасан мэдээллийн талаар жиргэсэн юм.

Тухайлбал, “ЦЕГ-ын харьяа Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын дүн шинжилгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ариунболд нь уг газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Ууганбаярын заавраар иргэн Г.Сарангэрэлийн өмгөөлөгчтэй тохиролцож , Хууль зүйн сайдын эсрэг худал мэдээлэл өгүүлэхийг шаардсанаа хүлээн, үүнийхээ төлөө сахилгын арга хэмжээ авахуулсан” гэжээ.

 Үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх