Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 09 сар 01

Өнөөдөр есдүгээр сарын нэгэн, ерөөсөө тэдний баяр. Энэ жил 73.545 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж буй. Эрдмийн өргөөний үүдээр алхаж буй хүүхдүүдийн тоо ноднингоос 11.300-гаар нэмэгдсэн гэсэн үг.
Цэцэрлэгт 252.753 хүүхэд хамрагдах гэж буй нь өнгөрсөн жилийнхээс 9321-ээр өссөн үзүүлэлт гэхээр Монголын үрс маш олон болж буйн илрэл энэ биз. Харин тэднийгээ эрдэм боловсролтой хүн болгоход төр, засаг хэр зэрэг сэтгэл зүтгэл гаргаж байгаа билээ. Ер нь хамгийн товчхондоо бол энэ эх орныг авч явах ирээдүйн эзэд бол тэд шүү дээ. Ямар ирээдүйг хүсэн мөрөөдөж байна тийм л байдлаар хүүхдүүдээ сургах ёстой.
2017-2018 оны хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгөөр 17 сургууль ашиглалтад оруулах бөгөөд ингэснээр 7360 хүүхдэд боловсрол эзэмших боломж нээгдэх аж. Улаанбаатар хотод гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудаас ес нь энэ хичээлийн жилээс эхлэн хоёр ээлжтэй болж байгаа гэсэн баярт мэдээг салбарын яамнаас дуулгадаг. Гэхдээ яах ч аргагүй гурван ээлжээр хичээллэхээр, хүүхэд багтахгүй байхад хоёр ээлж болго гэж дарамталдаг тал бий гэж зарим багш нар учирлаж байна.
Түүнчлэн концессоор 78 сургууль, гурван дотуур байр, 20.160 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг ирэх жилээс барьж эхэлнэ, 3060 хүүхдийн ор бүхий 19 цэцэрлэг 2018 онд ашиглалтад орно гэхчилэн чихэнд чимэгтэй мэдээлэл ар араасаа дуулдаж буй. Гэхдээ цаасан дээрх төлөвлөгөө манайд тэр бүр хугацаандаа хэрэгжиж, биелэх нь эргэлзээтэй байдгийг санахад илүүдэхгүй шүү дээ.
Цэцэрлэг, сургуульд хамрагдах хүүхэд багачуудын тоо улам бүр нэмэгдсээр байна. Тиймээс хүүхдийн цангинасан инээд, цалгилсан хүсэл мөрөөдөлтэй хоршсон энэ өдөр тэднийхээ сүүн цагаан сэтгэл шиг илүү сайхан гэрэлт ирээдүйг бүтээхийн төлөө томчууд бид нэгийг бодож, хоёрыг тунгаах учиртай биз. Есдүгээр сарын 1-нд монгол хүүхэд бүхэн яарч догдлон очих цэцэрлэгтэй, сургуультай байх болтугай. Энэ удаа багагүй хүүхэд сургуульгүй, цэцэрлэггүй хоцорсон байгаа шүү дээ. Тэр тусмаа хоёр настнууд.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.