Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 09 сар 12
・ 1

Монголын Үндэсний олимпийн хорооноос "Сарын шилдэг тамирчин"-ыг шалгаруулдаг боллоо. "Сарын шилдэг тамирчин"-ыг тодруулах эрхэм эрхийг спортын сэтгүүлчид эдлэхээс гадна олон нийтийн нээлттэй санал асуулгыг ч харгалзах юм байна. Шилдгийг сар бүрийн эхний хагаст зарлах аж.
Энэ удаагийн шалгаруулалтад "топ-3" (жүдо, чөлөөт бөх, бокс) спортын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн есөн тамирчин багтжээ. Тухайлбал, жүдочдоос "Будапешт-2017" насанд хүрэгчдийн ДАШТ-ий аварга Д.Сумъяа, мөнгөн медальт М.Уранцэцэг, хүрэл медальт Н.Түвшинбаяр, Г.Болдбаатар, Г.Одбаяр, Б.Мөнгөнчимэг нар байна.
Түүнчлэн "Парис-2017" чөлөөт бөхийн ДАШТ-ий аварга П.Орхон, хүрэл медальт Э.Бэхбаяр байгаа бол "Хамбург-2017" боксын ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгондалай ширэн бээлийтнүүдээ төлөөлөн ганцаараа "Сарын шилдэг тамирчин"-д өрсөлдөнө. Энэ удаад дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн болоод удаагүй байгаа Д.Сумъяа, П.Орхон нарын дунд ширүүхэн өрсөлдөөн өрнөх нь тодорхой юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.